Эрээнцавын их найрагч Данзангийн Нямсүрэн 1947 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт төрсөн. Хэдий тийм ч тэрээр Дорнодын Эрээнцаваар овоглосон их найрагч билээ. Д.Нямсүрэн найрагч Баруун – Урт хотын 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургууль төгсөж, Сүхбаатар аймгийн Наран сум, Эрдэнэцагаан сумын дунд сургуульд багшилж байгаад цэргийн алба хааж, дараа нь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн, Эрээнцав өртөөнд ажиллаж, амьдралынхаа алтан жилүүдийг Эрээнцаваар овоглож, энэ нутагт мөнхөрсөн бөлгөө. Д.Нямсүрэн 1970-аад оны дунд үеэс эхлэлтэй Монголын уран зохиолын “Гал”, ГУНУ урсгалын анхдагчдын нэгэн тэрбээр яруу найргийн гоо зүй, ариусал, яруу найргаар төгөлдөрших, гэгээрэлд хүрэх зам мөрийг сонгосон яруу найрагч юм. Яруу найрагч Д.Нямсүрэн “Хаврын урсгал” /1984/, “Сэтгэлийн байгаль” /1991/, “Аглагхан талаасаа” /2002/ ном тус тус хэвлүүлсэн бөгөөд “Миний шүлгийн хүүхнүүд” ном нь нас барснаас нь хойш 2004 онд хэвлэгдсэн. Түүнийн шүлгүүд яруугаар найруулах түвшнээс нэгэнт хальж, гүн ухаан, хоосон чанар, амьдрал, жам ёсны агуулгы таньж мэдсэн их гүн ухаанч хүн хэмээн түүнийг нэрлэвэл зохино.