Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч тодорлоо

“Болор цом-40” яруу найргийн их наадам боллоо. Яруу үгээр, яруу найргаар тэр үдэш гоёж, үгийн урлалд дуртай Монгол түмэн нэгэн үдэш жаргадаг билээ. 40 дэх удаагийн Болор цомын эзнээр Арын сайхан хангай нутгийн хүү, яруу найрагч Мягмарын Амархүү шалгарч, эгшиглэнт эхийн хишигт найрагчаар тодорлоо.

Энэ удаагийн Болор цом наадам Их Монгол улсаа тунхагласан Чингис хааны 860 жилийн ойд зориулагдсан найргийн цацал болж буйгаараа онцлог. Эзэн Чингис хаанаа алдаршуулан мөнхлөх ЭЗЭН ЧИНГИС ХААН МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН “Болор цом-40” яруу найргийн их наадамд түүний “Ургийн мод” шүлэг тэргүүн байрыг эзэлсэн.

" УРГИЙН МОД" хэмээх тоон хэлхээс

Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод

Ертөнцийн хатан хэвлийд өнө удаан цэцэглэсэн юм

Алтан нар, мөнгөн сар хүрэл мичдийг чамд л харуулах гэж

Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм

Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо

Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм

Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн мөчир

Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг юм

Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад

Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм

Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир

Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм

Хангарьдын өвөг луун шувууд далавчаараа сэвээд

Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм

Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир

Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж байдаг юм

Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин

Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм

Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир

Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж байдаг юм

Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн

Үнэр түгээсэн биеэсээрээ шүргэж байдаг юм

Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир

Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд салаалаад

Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө

Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ

Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан

Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд

Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам

Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад

Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдлэнэ ээ

Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа

Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол

Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа бол

Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж төрөхдөө

Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол

Тэрбум тэрбум цасан ширхэгийн хэчнээн нь толгойг бууралтуулж лавсаа бол

Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй нүүж суухдаа Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс налуулаа бол

Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол

Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй өвөлжиж, зусахдаа

Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ бол

Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд хулмайгаа бол

Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах гэж

Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, хэчнээн жил гэрэлтээ бол

Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа бол доо

Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл үр минь

Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа

Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж байгаа...

Яруу найргийн 40 дэх удаагийн их наадмын 1-р шатны шүүлт 7 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 2-р шатыг 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүсэн.

Харин найргийн цэнхэр үдэш шүлээрээ мялаалга өргөсөн найрагч бүр догдолж, яруу сайхныг таашаасан үзэгч бүр өндөлзөж байдаг 2-р шатанд авьяас билгээ хөглөсөн дараах 40 яруу найрагч үзэгч түмний сонорыг мялаалаа.

1. М.Амархүү (Архангай)

2. Ш.Бадамрагчаа (Хөвсгөл)

3. А.Байгальмаа (Дорноговь)

4. На.Батболд (Булган)

5. Г.Батжавхлан (Увс)

6. Л.Батсайхан (Улаанбаатар)

7. Т.Батхүрэл (Өмнөговь)

8. Б.Буянцэцэг (БНХАУ- Шинжаан)

9. А.Бөхням (Завхан)

10. Б.Бүргэд (Дээд Монгол)

11. С.Бүрнээ (Ховд)

12. Д.Галсансүх (Хэнтий)

13. Э.Гантулга (Дундговь)

14. Б.Ганхүрэл (Говь-Алтай)

15. Ч.Ганзориг (Баян-Өлгий)

16. Ц.Гончиг (Хөвсгөл)

17. П.Гэрэлхүү (Дорнод)

18. Д.Дашдондов (Орхон)

19. Б.Жамбалдорж (Ховд)

20. Г.Лхагвадорж (Завхан)

21. Л.Лхагвасүрэн (Улаанбаатар)

22. Л.Мажиггарав (Булган)

23. Л.Моломжамц (Өвөрхангай)

24. Л.Мөнхбаатар (Дархан-Уул)

25. Н.Мөнхбаяр (Орхон)

26. Л.Мягмарсүрэн (Говь-Алтай)

27. Г.Наранцогт (Булган)

28. Д.Нямдорж (Хөвсгөл)

29 Ц.Отгонбаатар (Ховд)

30. Д.Отгонцагаан (Сэлэнгэ)

31. Д.Сосорбарам (Орхон)

32. Г.Сүхбаатар (Говь-Алтай)

33. Д.Тунгалаг (Баянхонгор)

34. А.Түмэнбаяр (Хэнтий)

35. Ч.Ууганбаяр (Өвөрхангай)

36. М.Уянсүх (Дархан-Уул)

37. О.Цэнд-Аюуш (Завхан)

38. Ширапова Валерия Тогтохоевна (ОХУ- Буриад)

39. О.Элбэгтөгс (Хөвсгөл)

40. Л.Эрдэнэбат (Дорноговь)

"БОЛОР ЦОМ-40" яруу найргийн наадамд Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Дэжидмаагийн Галсансүх "Сэтгэлзүйн тууриуд" шүлгээрээ аман хүзүүдэж, дэд байрын шагналыг хүртсэн бол МЗЭ-ийн шагналт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш "1218 оны дурсгалд" шүлгээрээ гутгаар байр, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Лхагвасүрэнгийн Моломжамц, "Хуучин даавуу шиг" шүлгээрээ дөрөвдүгээр байр, МЗЭ-ийн гишүүн Цэрэннадмидын Гончиг "Хайрын зовлон яг ямар вэ" шүлгээрээ айргийн тавд тус тус шалгарлаа.

Хөдөөний хүү.
 
Бямбажавын Энхтуяа: “ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА“ ШҮЛГЭЭ ӨТЛӨХИЙН ДАЛАЙГ ТУУЛЖ БУЙ ЭМЭГ, ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!