С. Пүрэвсүрэн

С. Пүрэвсүрэн

Ногоон талын сувд шиг, нүд алдам нүцгэн шаргал талын баянбүрд шиг, нүдгүй цасан шуурганы нөмөр аргалын гал дүүгэсэн бөмбөгөр цагаан гэр малчин ахуй, монгол хүний сайхан сэтгэл, цөлх ухаанд хамгийн ойрхон аваачих зохиолууд бол орчин үед Соёрхын Пүрэвсүрэн гуайн бүтээлүүд билээ. “Хотжилт”-ын энэ үед чухам түүний бүтээлүүд уншигч биднийг малчины хотонд аваачиж, нялх ногооны үнэрт согтоож, зуны халуунд зэрэглээ хэрхэн бүжиглэхийг харуулна. Түүний шинэхэн зохиол бүтээл, өгүүллэг, туужаас buteel.mn дээжлэн хүргэсээр байх болно. Оюуны охийг хүртэгч эрхэм уншигч та зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн оюуны урланд тухлаарай.

Жамуха сэцэний совин

Цэнгэлийн манлай, цэцэгт улирал шувтарч, хөхөөн дуу холдон, энд тэндгүй царцаа царгиж, голио таргалсан үе.

Намарших арай болоогүй ч оройтож ивэлсэн хур бороонд цатгалдсан Байдрагийн гол эргээ халин алдан хөөсрөнө.

Нэг тулаанаас ялалт өвөртлөн харьж яваа ч , удахгүй дахин өөр нэг дайны сүүдэр аадрын үүл мэт хуралдаж, цэрэг эрсийн сэтгэлийг муу зүгийн совин шор адил хатгаж, ёр зөгнөн зовхи дарна.

Нүүгэлтэн хөврөх их цэргийн өмнө газар шүргэм их дэлтэй, буурал духтай хар халтар хүлгийн гүйн хар алхаанд бүүвэйлэгдэх мэт алсыг ширтэн, бодол нэрэх ид дунд насны эр хажууд яваа бахим чийрэг залуу баатарт хандан

– Тэртээд харагдах хөндийд их цэргээ амраая.

Могойн хөндий гэдэг шиг билээ. Сайхан хангай байгаа юм гэж аргил хоолойгоор хүнгэнүүлэн хэлэв.

Талын энгээр тарж бутарсан монгол угсааны нүүдэлчин аймгуудын дунд Гүр хаан, суу зальт, сэцэн Жамуха хэмээн алдаршсан хүчирхэг эр нутгийн зүг их цэргийн хамт харьж яваа нь энэ ажгуу.

Хаа холоос нүүгэлтэн бараантах их цэргийн цуваа эцэс төгсгөлгүй мэт хөвөрсөөр хоноглох газраа саатахуй, Жамуха хаан галавхийн мориноосоо бууж, хөтөч эр өөд цулбуураа шидээд завилан суучихуй, хоёр аягач борвитой айраг дамжлан гүйж ирээд, том хуланд аягалан барив.

Жижиг борвинд өдөржин зайлагдаж гүйцэд иссэн намрых өтгөн айраг уруул чимчигнүүлж, хамрын нүхээр ханхийнэ.

Халуун наранд алжаасан хаантан сэнгэнэсэн айраг ууж ханаад, алаг нүдээ тормолзуулсан Мөнгөлөн-гоо хатан, араас нь алдалгүй дагах бараа болоочдоо үлд! хэмээн харцаараа ширэв татан сануулаад, халтар мориндоо мордож, хөндлөн суун хатируулсаар одов.

Ер нь Гүр хаантан сэтгэл тавгүй үедээ ингэдэг зантай бөгөөд хэрэв зээ сануулгыг нь зөрчин араас нь дагаж гэмээ нь жигтэй хилэгнэх бөлгөө.

Ойрмогхон харагдах намхан толгойн оройд мориноосоо бууж завилан суугаад нутгийн зүг санаашрангуй ширтэж, сөл тасраагүй ногоон өвс амандаа зуун бодол бэлчээв.

Сүүлийн үес хөдөө хээр ганцаар явж, туулж өнгөрсөн амьдралаа эргэцүүлэх таалалтай болоод байгаа ажээ.

Ангирын дэгдээхэй шиг балчир насандаа хөөцөлдөн тоглож, алс хэтээ сэмхэн мөрөөдөх гөлгөн чоно шиг идэрмэг насандаа бодол бодлоо харцаараа ойлголцож, андын тангараг тавьсан хоёр нөхрийнхөө нэгний тавилан хэрхэн тасарсаныг олж мэдээд ихэд цочирдсон авай. Хөөрхий Мэнлиг эцгийн Хөхчүү анд минь...

...Тэртээ хол Ононы мөсөн дээр шагалцаж тоглох хүүхэд нас жирэлзэн давхих он цагийн саалтаар гар даллан мэндлэх шиг эсвэл амтат зүүднээс дөнгөж сая сэрсэн мэт ив илхэн санагдав.

... -Тэмүжин андаа энэ их эцэс төгсгөлгүй дайн тулаан хэрхэн дуусах бол ? -Чи юу боднов ?

- Шагай шүүрэхдээ чи адтай билээ. Цог төгөлдөр нэгний гарт ганц нь ч үлдэлгүй хураагдсан цагт л дайн дажингүй болох бус уу.

- Чиний гар минийхээс том билээ. Хаан өвгийн чинь хүчирхэг мутар, анд чамд удамшсан бизээ.

- Жамуха чи дутах юун билээ. Жадаран аймаг Жамуха андын мэдэлд ирэх цаг энүүхэнд бусуу. Хоёул хүчээ нэгтгэхэд тарсан нэгнээс хүчтэй болно доо.

-Хоёр талаас нь барьж идвэл хурдан хураах бизээ.

-Барьж идэхийн тулд барсын хүчтэй баймаар.

- Тэмүжин андаа биеийн хүчээр нэгийг дийлнэ. Ухааны хүчээр мянгыг цуцаана.

-Бидний бодлыг мөнх хөх тэнгэр тольдоно буйзаа.

-Тэмүжин андаа Мөнх хөх тэнгэрийн таалалыг хэн нэгэн олонд дуулгавал....зүгээрсэн.

-Хөхчүү хэлэмгий билээ.

-Бүгдийг хураагаад хоёул үлдвэл?

- Тэр цагт тэнгэр мэднэ бизээ гэцгээн инээлдсээр холыг зорьсон хоёр анд бодлоо нийтгэж ойртсон ч, бодол нэгтэйгээ ойлгон болгоомж анирлан холдсон бөлгөө.

Тэр л өдрөөс хойш Хөхчүү бөө болсон гэнэ. Айлын алдсан адууг тэнгэрээс асууж олсон гэнэ гэсэн яриа салхины аясаар тарсаар хоёр андаасаа ч хурдан олонд нэртэй болжгуу.

Тэмүжин анд минь Хамаг Монголын далай их Чингэс хаан болтол зовлон бэрхшээл их үзсэн. Тэр цагт надаас илүү Хөхчүү л түүний дэргэд байсансан.

Би яахав цаг хожиж олонд танигдхаар ухаанаа ширгээж явсан. Түүнийхээ ч хүчээр андаасаа өмнө хүчирхэгжиж авсан. Зүрхний ганц Бөртийгөө Мэргидэд алдчихаад мунгинаж явахад нь Тоорил эцгийн хамт гурван Мэргидийг гундааж, хаан андтайгаа дөрөө харшуулсан.

Хэл ам нь уран, хэтэрхий сэргэлэнч хээнцэр гэнэн андыгаа “Тэв тэнгэр” хэмээн цоллон хөөргөж, магтан дураар нь тавьчхаад, хэргээ бүтээсэн хойноо яачих нь энэ вэ анд минь...

....Оонын эвэр шиг өссөн ганц дүүг минь хөнөөчихөөд надаас буруулан зугтахад чинь Зээрэн хавцалд шахаад хэмх цохичихмоор байсан ч андын тангаргаа бодоод арайхийн жолоогоо татсан.

Яг л энэ Байдрагийн хөндий, энүүхэн доод Хүрэн бэлчирт Найман аймгийн зөнөг Таянг би л өдөж чамд хаяж өгсөн. Тэр тулаанаас өмнө хоёул уулзаж, хан Тоорилын мулгуу Сэнгүмийг өдөж хатгахаар үгээ нэгтгэж, чамаас урвуулсан. Миний тавьсан сум байгаа онож, Таян хаан чамайг биш Хэрэйдийг мөшгиж Тоорил хааныг цуцаасан. Хоёр цуцсан өвгөнийг чи амархан өвөртөлсөн дөө. Энэ бүхэн чамд үнэнчдээ биш харин Монгол төрийн төлөө байсан.

Сэцэн Жамуха нэрийг олонд түгээсэн онгод төгөлдөр Хөхчүү анд минь...хайран чиг золбоо хийморь ...

...Нэгэн удаа Хөхчүү надад дээр ирээд, шөнөжин хуучилж хоноод, өглөө нь унаагаа юүлээд буцсан билээ... Морио эмээллээд мордохдоо, орсгой шүдээ ил гарган инээж :

- Танай доод хөндийд бут ихтэй юм. Бөднө шувуу гурван жилийн өмнө өндөглөсөн газраа эргэж үүрээ засдаг гэдэгсэн гээд нүдээ зальжин ирмэчхээд давхин одож билээ.

Хэд хоног бут болгоныг нэгжиж явсаар арайхийн дэрхийн нисэх бөднө үүрлэсэн бут олж, алдахааргүй нүдлээд, хэд хоногын дараа олныг дагуулж явсаар нөгөө бутныхаа хажуугаар өнгөрөх үедээ хүмүүст хандан :

- Тээр тэнд байгаа бутны доор гурван жилийн өмнө бөднө шувуу өндөглөчихсөн байж билээ. Бөднө гурван жилийн дараа эргэж үүрэндээ ирж өндөглөдөг гэж сонссон юм. Үнэн болов уу? чи очиж үзээд ирээч гэвэл хүмүүс налмайтал цогин очсоноо дуу алдан түрхрэлдэж билээ.

Тал дүүрэн бутнаас гурван жилийн өмнө харсан бутаа олж таньдаг энэ Жамуха хан үнэхээр сэцэн ухаантай хүн юм. Үүнээс хойш сэцэн Жамуха хаан гэж нэрлэе гэцгээж билээ.

Сэргэлэн зальжин Хөхчүү анд минь...

Өнөөхөндөө би тамиртай байгаа ч гэлээ хэзээ нэг өдөр Хөхчүүгийн тавилан надад ирвэл би яахав.

Тэмүжин надаас юугаар илүү билээ. Тэр энэ хорвоод өөрийг нь орлож үлдэх арслан, барс шиг дөрвөн хүүтэй хүн.

-Ай халаг гэтэл надад хаан суудлыг минь эзэгнэх нуган үр заяасангүй. Намайг үхэж гэмээнэ хаан төрийн төлөө цус урсгасан тулаан болно.

Харин анд минь дөрвөн сайхан хүүтэй хүн. Тэр дөрвийн дундуур буг чөтгөр бүүхэл бурхан ч шагайж зүрхлэхгүй биз.

Хэрвээ надад Мөнх тэнгэр ганц хүү заяасан бол Монгол төрийн төлөө анд байтугайтай нь алалцах байсан !!! - гээд тэнгэр бурханаас гуйгаад ч бүтээгүй үрийн мөрөөсөл нь сэдрэн гуниглав.

Ганц миний жаргалаас илүү Монгол төрийн гал голомт чухаг. Монгол төрийн төлөө өргөх миний амь чухал биш. Хэрэгтэй гэвэл эргэлзэх зүйлгүй толгой бөхийнө. Гэвч Алтан, Хучир, Сэнгүм шиг бор дарсанд дурласан, ботгон нүдэнд согтуурсан, өргөсөн тангаргаасаа буцсан, өстөн дайсандаа урвасан эрийн муу эрд эрдэнэт тэргүүнээ бөхийхгүй ээ.

Энэ төрийг авч зүтгэх хүн, би биш бол Тэмүжин анд. Өөр хэнийг ч байсан би зөвшөөрөхгүй.

Тэмүжин анд бүгдийг захирч гэмээнэ би өөрийн алдар нэр, бие цогцоороо андын суудалд ивээс болно.

Тийм цаг ирж гэмээнэ Монгол төрийг нэгэн гарт хураах гэсэн миний хүсэл түүхийн шаргал хуудсанд урвагч, хагалагч нэрээр үлдэх байхдаа хэмээн ганцаар мушилзан инээмсэглээд гунигтай шүүрс алдав.

Алс хожмын хүсэл нь эвийн цавуу шиг нийлсэн гурван андын өргөсөн тангараг буурал түүхийн хуудсанд оньсого болон үлдлээ ч Хөхчүү андын нь тавилан өөр дээр нь давхцана гэдгийг Гүр хаан, сэцэн Жамухын ёр совин алдсангүй билээ.

Харьцуулалт: “Сэтгэл чамайг таньсан билүү дээ” дууг хэн сайн дуулсан бэ
 
Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаална
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!