С. Пүрэвсүрэн

С. Пүрэвсүрэн

Ногоон талын сувд шиг, нүд алдам нүцгэн шаргал талын баянбүрд шиг, нүдгүй цасан шуурганы нөмөр аргалын гал дүүгэсэн бөмбөгөр цагаан гэр малчин ахуй, монгол хүний сайхан сэтгэл, цөлх ухаанд хамгийн ойрхон аваачих зохиолууд бол орчин үед Соёрхын Пүрэвсүрэн гуайн бүтээлүүд билээ. “Хотжилт”-ын энэ үед чухам түүний бүтээлүүд уншигч биднийг малчины хотонд аваачиж, нялх ногооны үнэрт согтоож, зуны халуунд зэрэглээ хэрхэн бүжиглэхийг харуулна. Түүний шинэхэн зохиол бүтээл, өгүүллэг, туужаас buteel.mn дээжлэн хүргэсээр байх болно. Оюуны охийг хүртэгч эрхэм уншигч та зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн оюуны урланд тухлаарай.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гүний нутаг \ романы хэсгээс \

"ГҮНИЙ НУТАГ" РОМАНЫ хэсгээс...

Тэргүүн дэвтэр

Зулын гол ороох ину:

Өндөр ой тохиосон Эрээнцавын наадмын нээлт хуучин барилгын суурин дээр үлдсэн ганц баганын дэргэд эхлэв.

Уригдсан зочид гийчид, уугуул суугуул зон олны дундаас соёо сахалтай хөх өвгөн өврөөсөө алд цэнхэр хадаг гарган дэлгээд, олны харцанд сондгой харагдах тэрхүү нуринга баганаас адис аван зүүгээд

-Чулуунхороот сумын гал голомт энд дүрэлзэж байсан юм. Та бид нар гал голомтондоо хуран чуулж байна. Үг хэлдэгсэн бол сумын үүх түүхийг энэ багана л хүүрнэх учиртай. Харин баганынхаа түүхийг би мэднэ. Ойворгон зан, омог бардам ааш, алдаа оноо сүлжсэн идэрхэн залуу насандаа энэ сумын галч байлаа гэхэд баганын нүүрэн талд алтадмал үсгээр товойлгон бичсэн

“Эрээцавын тулгын чулууг тавилцсан буурал өвгөдийн

Эрийн хийморь, идрийн жавхаа энэ багананд шингэсэн.

Эвлүүлж бүтээхэд ямархан хэцүү хийгээд

Эвдэж нураахад ямархан амархан байдгийг энэхүү багана

Хойчийн залууст үүрд сануулж байг” гэсэн үгийг уншсан хүмүүс дор дороо нэгийг бодон уртаар шүүрс алдав.

Яг энэ үед “Морьд ирлээ” гэсэн цангинасан дуу хаа нэгтэйгээс хадахад хөгшин залуугүй босоцгоон, морь барианы зүг усны урсгал шиг тал талаасаа гүйлдлээ. Хар голтой хул зүсмийн азарга хурц дөрвөн туурайгаар газрын хөрсийг онги онги татан харайж, араас нь нэхэж яваа тав зургаан азарганаас тасран хурдалсаар барианд орж ирэхэд наадамчин олон хөөрөн догдолж ам амандаа бахдан шуугилдахад “Дүүрэн гуайн загал азарганы угшил тасраагүй л юм байна” гэж хэлсэн өвгөний үгээр эхэлж буй энэхүү зохиол маань Монгол Орос Хятад гурван улсын хилийн уулзвар нутаг, наран тойрог зурсан эх орны торгон хилийн эхлэх цэг “0” дугаартай сүлдэт багана мөнхөд оршдог Дорнын их талын наран аргамжаатай өнждөг Эрээнцавын тухай энэ нутгийн нэгэн гэр бүлийн амьдрал тэмцлийн түүхээр төлөөлүүлэн, хүний амьдралын алаг тарлан учрал, гэрэл сүүдэр сүлэлдсэн буурал хорвоогийн жаргал зовлон, баяр гунигийн тухай уншигч таньтай хуучлан хүргэмү.

*** *** ***

Зул мандаах тэргүүн бүлэг.

1925 он. Нийслэл хүрээ.

-Яана аа бидний араас буудлаа. Хурдлаарай гэж хашгирсан бүсгүйчүүдийн часхийсэн дуутай зэрэгцэн алаг Бямбын цээжрүү хүнд зүйлээр лүгхийтэл ёворчих шиг болоход суун тусаад цээжээ даран эргэж харвал өндөр нуруутай гоохогор хүзүүтэй орос цэрэг дөнгөж сая буудсан гар бууныхаа амруу үлээгээд хятад данжаадын пүүсний хаалгыг цөм өшиглөн орж байгаа харагдав.

-Туслаарай. Туслаарай гэж хамаг чадлаараа хашгирсан хүүхнүүд түгдийн унасан Бямбыг өндийлгөн, хоёр талаас нь сугадах чирэхийн дундуур арай чамай холдов.

Царай нь шаргалтсан Бямба хөмхийгөө зуун амьсгаадаж,

-Чи намайг энд орхиод өөрөө хурдхан зугтаа. Би жаахан амарч байгаад, эргэж очиж пүүсний луухааны гутал өгөөд, өөрийнхөө гутлаа аваад майхнаа бараадъя даа гэж хэлэхэд

-Та цус алдаад байна. Манайх ойрхон. Ядаж шархыг чинь бооё. Юу яасан гутал солих вэ гээд нэг талаасаа мухарласан битүү гудамж тойрон том хүрэн хаалгатай шургааган хашааны үүдэнд ирэхэд Бямбын чих шуугин, будаг нь халцарсан босгоны мод нүүр өөд нь босоод ирэх шиг болов оо.

**** ****

Шорвог Дорж өдөржин гурил нухсаар залхсан янзтай гарынхаа алгыг үрчиж

- Алаг найзаа ч тосч чадахгүй ингэж ч суух гэж дээ хэмээн унтууцсан бодлоо модон тавиурууд тэвэрсээр орж ирсэн гөлчгий шиг бор жаалд гарган

-Хаалга онголзуулсаар салхи цохиулж боовны өнгө цэврүүтүүллээ гэж сүрхий зэмлээд, тарни тоолж нүдээ эргэлдүүлэхийг харж, инээд нь хүрсэн Пунцагноров лам

-Номтой лам ховордоход шорвог Дорж л үнэд хүрнэ дээ гэж Шагж ламтан айлдсан нь оргүй ч үг бишээ хэмээн бодоод хонин тогоотой тосонд хөвж буй боовоо эргүүлэв.

Бичиг үсэг муутай ч цээж сайтай болохоор хийдийн мяндагтан лам нар шорвог Доржид ам сайтай.

Намрын айраг өтгөрөх цагаар хийдийн хуврагууд хөдөө гэрээсээ айраг авчирч, нэгнийдээ цуглахад шорвог Дорж хоцорч байсан түүхгүй.

Өргөн шанаагаа даган урсах хөлсөө ханцуйгаараа шударч, нүд нь гялалзан инээсээр, ханцуй шамлаастай ойж буун дэмбээдэнэ.

Гар хуруу түргэн, үг хэл хурц, толгой сийрэг шорвог Доржийг талдаа авсан лам нар нүүр бардам.

Эрчүүд цугласан газарт үгийн дайн буцладаг жамаар ааг зааг хийсэн маргаан гарахад шорвог Дорж гартах нь үгүй. Хор шартай шазруун лам нарыг хорон үгээр хатгаж, дайран дээр нь давс үрсээр гар зөрүүлж, санаа нь амардаг хэгжүүн араншинтай болохоор хийдийн лам нараас шорвог хоч зүүсэн Дорж, хорхойд хоргүй мөрөөрөө хуврагт тус дэм болох гэж чармайж явдаг сэтгэлийнх нь цайдам цээжний гүнд нь цэлэлзэж байдгийг хийдийн өвгөд мэдэх агаад

-Шорвогт хэрэгтэй хэрэггүй үг дайж, ховор нандин зүйл захихгүй байвал сайн. Хэлсэн амандаа суух гэж тамтагаа барна гэж захидаг нь түүнийг хайрласан өвгөн лам нарын далд ухаан байлаа.

Хаврын дунд сарын арван тавны өдөр тохиох овоо тахилгын наадмын идээнд таваглах боов, бөхийн бордооны боорцог, лам хувраг, сүсэгтэн олонд өргөх хишгийн хавсай хийх хүндтэй албанд томилогдсон шорвог Дорж ийнхүү өдөржин галд шарагдан гурил нухаж суугаа хэрэг аж.

Бороо ганц нэгхэн дусагнаж, орох байхын дундуур

Ботготой ингэ шиг гунгануур, салхин цуур гуниглуун...

Самарыг нь цөмсөн боргоцой шиг болжморын даль ноолгор

Санааны угт туйвлах сэтгэлийн үзүүр будангуй...

*** *** ***

Хүрээнд орж ирсэн улаан цэрэгт буудуулаад арайхийн амь сэрвийсэн Алаг Бямба эх нутгаасаа энэ л замаар хөөр баяртай алхаж явснаас хойш яг гурван жилийн дараа буцаад өссөн нутгийнхаа зүг ганц хөх ат хөтлөн салхи уруудан алхаж явав. Халиу нударгатай хуучин цагийн яс сайтай даавуугаар өнгө татсан үзүүрсгэн нэхий дээл өмссөн тэрбээр гар хуруу нь хаврын салхинд даарахааргүй харагдана.

Хэдхэн жилийн өмнө ноомой зангаасаа болж захын чавганцад загнуулаад хормойгоо өшигчин гарч, хялав цалав хийн эргэж харсаар явж оддог хүүхдэрхүү араншинтай хархүүг холын аян жингээс мэнд амар эргэж ирж буйд нутгийн уул ус, сэвшээ салхи талархан байна уу даа гэмээр урийн салхи үлээж байлаа.

Хүзүү хоолой, хөмсөг сормуус нь цагаан тарлан Бямбад хэн анх Алаг гэсэн хоч хэн зүүснийг хэн ч мэдэхгүй.

Жалавчин чинээ жаахан бор гэрээ хавар намартаа хоёрхон удаа зөөх агаад ботготой ингэ гунганах, хужиртай бор тойрмоо тойрч, өвөл зун, намар хавар дөрвөн цагийн эргэлтэнд ээрүүлтэй утас шиг бөмбөрч явсаар нэгэн насыг барж буй.

Шар тосонд зутагнасан хийцтэй цай чанаад инээж суудаг асан Цэвэл буурайн ганц хүү Бямбыг мэргэн Шагж гуайн үр юм гэнэ билээ гэсэн богино хөлийн үг хонины бэлчээр, тугалын зэл хавиар хаа нэг дуулдах ч үнэн худлыг мэдэх хүн үгүй.

Ижийгээ хаврын зэрэглээнд бүдэрч, тэнгэрийн сүүдэрт бөхийхөд Шагж ламтанд бараалхан хойдын буяныг нь даатгаад, тумбай гунжаар өргөл өргөсөн Бямба хөх атандаа араг тэгнэн буурал ээжээ нутаглуулах үед өвгөн хамба хоёр шавийнхаа хамт Тарвачимбо шөнөжин уншаад гадаалж байсан билээ.

Шар бууцны түйрэн хуарагнах бор хондны хөлөөр тойрч, нүдээ сөлийтөл тургилсаар гарч ирээд, хөтөлж яваа солбио хүрэн атаа сөглөн хэвтүүлж мордоод, ачаатай цагаан тэмээний бурантагийг дугтчин хийдийн жимээр урийн үзүүр чирэн алхуулав.

Ажилд нухлуулсаар бие нь задарсан хархүү ойр зуур жин тээж, нутгийн баячуулд овоо тоодогдох үед Өлзий данжаадын өмбөө цөмбөө ачааг Нийслэл хүрээнд хүргэхээр хоёр тэмээ хөтлөн мордсон билээ.

Уржнангийн цаад жилийн анхны цаснаар яваад гурван жил тойрон сураг тасраад эргэн ирж буй алаг Бямба нутгийн захад хоноглохдоо хар багын ганц найз Шорвог Доржид хөнгөн унаатай замын хүнээр хэл өгсөн болохоор тосоод ирж магадгүй хэмээн ийш тийш хараа тавьж яваа аж.

Явуулын хүнд дурласан нөмгөн сэтгэл шиг ноомойхон

Яндан цагаан наран, салхин доогуур ичингүйрч

Араг үүрсэн самган шиг нааш цааш хэжсээр

Аргай дүгнэгэрийн оройд уяатай ботго шиг тэлүүлнэ...

*** *** ***

Цагаан нуурын хойд биеэр нутагладаг тавхай Должин гэх халбалзсан улаан эр бүүдэн сүүлтэй бор халиун морио сал сал давчин, сүүл хөдөлгөн шогшуулсаар барсгар хадтай дэнж хөвлөн гарч ирээд тэмээ хөтөлсөн алаг Бямбыг амдан налдайтал цогисоор тосч очив. Байн байн гар даллан, хашин морио гуядах эрийг холоос таньсан алаг Бямба орилоо хөх атныхаа бурантагнаас татан

-Сөөг сөг гэж сөөнгө хоолойгоор сөглөн тэмээгээ хэвтүүлээд жижиг цагаан соруултай гаанс гарган тамхи нэрсээр хүлээж байлаа.

-За Алагаа дүү минь сайн яваад байна уу.

-Мэндээ. Та минь тавлаг сууна уу. Мал сүрэг мэнд үү гэсээр гар дэлгэн

-Та амар байна уу гэж мэнд мэдэн золгов.

-Мэнд ээ. Амархан сайн уу гэж хариу мэнд мэдээд өврөө ухан хөөрөг даалингаа гаргав. Түвд хуван толгойтой цэхэр манан хөөрөг гаргасан алаг Бямба

-Бие амархан сүрэг мэнд байна уу. Танайхан гэр хотлоороо мэнд сайн оров уу гээд барихад өөдөөс нь намхан шүрэн толгойтой пийсүү хөөрөг зөрүүлэн

-Мэнд ээ. Алаг дүү өнтэй өвөлжиж, тавтай хаваржиж байна уу гээд инээж байлаа.

-Сайн явж ирлээ ах минь. Хүрээ гэдэг хол юм. Хүний амь бөх юм гэж үнэн л үг юм. Нутаг өөдөө зүглэхээр тэмээний хөл хүртэл хөнгөрч буцах зам дөт болдог бололтой. Гэхдээ л хоёр сар явлаа. Гамин цэргийн шавхруу, улаан цэргийн тоос зам зуур мэр сэр таарч айдас хүйдэс ачаан дээр тэгнээстэй явлаа. Түмэн олны дэм, төрсөн нутгийн сахиус ивээв. Нутгийнхаа захруу орж ирэхэд энэ муу улцан нүдний нулимс горхилоод гэж яриад гансандаа тамхи нэрэн асааж, ханцуйгаараа арчин нутгийн эрд барив.

-Хольцгүй улаан дүнс хол саахалтаас үнэртэж, арааны хар шүлс асгарах шиг боллоо гэж тавхай Должин хэлээд шунаглан сороод, Бямбын хүүдийтэй тамхийг нудчин хэд хэд угсруулан татав.

Тавхай Должингийн эцэг нь алаг Бямбын ижийтэй ах дүүгийн сүлбээтэй болохоор нутагтаа ирээд гар зөрүүлэн золгох хүн энэ улаан эрээс өөр хэн байх билээ гэж түрүүхэн бодож явсан алаг Бямба тохож яваа булигааран богцоо буулгав.

-Хүрээнд улаан оросын цэрэг дүүрч, хөрөнгө чинээтэй дэлгүүр хоршоо үүдээ барьжээ. Өндөр хамартын хоршоо дарга Майлах гуай нутаг буцаж, дэлгүүрээ хаасан гэнэ. Хуучин цагийн танил пүүсүүд бараагаа дууссан бололтой. Ганц нэг хятад пүүсний данжаад өрийн дансаа шатаалгаж, уруу дорой царайлж сууна. Яваандаа орос бараа л үлдэх бололтой. Бүдүүн бараг ч чансаа гайгүй даавуу даалимба ирж байгаа сурагтай гэж хуучлаад хоёр атга хэрийн улаан тамхи, тал булан ногоон цай, дээлийн ёрог даавуутай барьж

-Унадаг нь даага, өмсдөг нь ёрог болох вий дээ л гэж бодож явлаа гээд инээд алдав.

-За дүүрчээ дүүрч. Даага ч болов адууны хүү. Даалимба ч болов даавууны дүү. Хөл нүцгэн мөлхөж, мөр ноорхой нүцгэрэхгүй шиг хорвоог барвал болно доо гэж тавхай Должин яриад, Бямбын бэлгийг хоёр гардан авч

-Танай муу бор гэрийг чинь буулгаад гаднаа хураасан. Маргааш би босгож, тулганд чинь галтай, тунхуунд чинь цайтай хүлээж сууя гэж яриад үүл суусан цайдам харцаар залхуутайхан ширтэж байв.

Тэмээгээ хөтлөн явж буй алаг Бямын араас үдшийн цагаан гэгээнд уустал харж суусан тавхай Должин

-Өмссөн дээл, жийсэн гутал нь нүнжигтэй овоо сайхан явж байх чив. Халиу нударгатай яс сайтай даавуун дээл, урьд өмнө харагдаагүй донхогор бүрх духдуулсан байна. Үг яриа нь ч тохь суусан харагдах юм. Муу гэрийнх нь дээвэр туурганаас олигчлоод гэртээ давхарлаад барьсан юмсан. Очоод гэрийг нь барья даа гэж бодоод нутгийн дүүгийн хишгийг өвөртлөөд буцаж давхилаа.

Будан дунд хүглийх суварган уулсын сүндэлээс

Бөгтөр саран дүрлийж нарны тоос үргээнэ

Гэрэл сүүдэр ээлжилж, бор хоног нүүх буурал орчлонгийн ааш

Гэгэлгэн гуниг дагуулсаар зүүдний будантай айлчилна...

Чингис хааны сургаалиас
Чингис хааны сургаалиас
 
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.