Үржин Хүрэлбаатар

Үржин Хүрэлбаатар

МУСГЗ Үржингийн Хүрэлбаатар нь 1954 онд Монгол улсын Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт Үржингийн хоёрдугаар хүү болон төрсөн. УБИС-ийн хэл уран зохиолын ангийг 1977 онд, МУИС-ийн сэтгүүлчийн ангийг 1984 онд, Унгар улсын Олон улсын сэтгүүлчийн дээд курсыг 1988 онд тус тус төгсч багш-сэтгүүлчийн хос мэргэжил эзэмшсэн. Тэрээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын сектор /1977-1980/-т эрдэм шинжилгээний ажилтан, театр судлаач, Улаанбаатар хотын намрын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл "Улаанбаатарын мэдээ" /1980-1990/ сонинд сурвалжлагч, хэлстийн эрхлэгч, Нийслэлийн төр, захиргааны төв хэвлэл- "Улаанбаатар" /1990-1999/ сонины анхны эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. «Улаанбаатар» сонины нэрэмжит Монгол улсын арслангуудын барилдааныг санаачлагч, «Монголын сайхан бүсгүй» шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл "Нүгэл буян" /1992/, Улсын гаалийн Ерөнхий Газрын хэвлэл "Алтан босго" /1993/ сонин зэрэг арав гаруй сонинг үүсгэн байгуулсан. 1990-1992 онд Улаанбаатар хотын АИХ-ын депутат, 1992-1996 онд Нийслэлийн Иргэлийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 1999-2008 онд МУНН-ын даргаар ажиллаж байсан. 2001 онд Гадаад хэл, сэтгүүл зүйн "Түгээмэл" дээд сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байна. "Арслан судлалын төв" /1995/, "Мишигийн Цэдэндорж" сан /1998/, Д.Намдаг судлалын төв /2001/, Монголын дууны яруу найрагчдын нийгэмлэг /2011/, Монголын сэтгүүл зүйн академи /2012/ зэрэг төрийн бус арав гаруй байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүлэн ажилладаг. Ү.Хүрэлбаатарын гол судалгаа нь зохиолч, найруулагч Донровын Намдагийн тухай байлаа. Тэрбээр "Д.Намдагийн туршиц туурвил зүй" /жүжгийн зохиолын жишээн дээр УБ.,1998/ ганц сэдэвт бүтээл туурвиж хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан. Ү. Хүрэлбаатар нь монголын рок поп, түүгээр ч барахгүй нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай томоохон яруу найрагч юм. Түүний шүлгээр бүтсэн 500 гаруй дууг монголын ард түмэн чихэндээ ээмэг мэт зүүж, амандаа чихэр мэт хүлхсээр л байна. 2012 онд Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан. Ү.Хүрэлбаатар нь хэвлэл мэдээлэл, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиол зэрэг олон салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж олонд танигдан хүндлэгдсэн эрч хүч, идэвх санаачлагатай монголын тэргүүний сэхээтний нэг юм. Тэрбээр монголын сэтгүүл зүй, соёл урлаг, утга зохиол, боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулсан сэтгүүлч, зохиолч, эрдэмтэн юм. Эдүгээ монгол дуу бүтээгчдийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийн гүйцэтгэх захирлаар үр бүтээлтэй ажиллаж байна. Ялангуяа Олон улсын зохиогчдын эрхийн хамтын удирдлагын байгууллагуудын холбоо /CISAC/-ны гишүүн болж олон улсын хүрээнд монголын дуу хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах талаар томоохон алхам хийсэн нь монголын уран бүтээлчдийн бүтээлийг хамгаалах гол найдвар болж байна.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

”АРГАЛИЙН АЧАА”-НЫ АМЬ ДЭВССЭН АМИН САНАА

”АРГАЛИЙН АЧАА”-НЫ АМЬ ДЭВССЭН АМИН САНАА

/Төвдалайн Энххадын “Аргалийн ачаа” номын тухайд/

2010 онд Өвөрмонголд Дуудаач овгийн Энххад гэдэг залуу “Уяаны зөөлөн шороо” яруу найргийн анхны номынхоо нээлтийг “Ээж худаг” шүлгийн видео бичлэгийн хамт нээж гэнэ. Тэр видео бичлэгт орсон арван нэгэн шүлгийг дүрсжүүлэх гэж ар, өврийн монголоор гурван жил тэнэж зураг авсан гэнэ” гэсэн мэдээг сонсч байсан юм байна.

2011 онд Төвдалайн Энххадын “Олон булгийн цуваа” яруу найргийн түүвэр Дорж-Юндэнгийн Болдхуяг дүүгийн буянаар Улаанбаатарт кирилл үсгээр анх удаа гарч номын хурим болж байсныг бас санаж байна. Номоо нэрлэсэн шүлэгт нь “сулхан хээгээр сүлэгдсэн шувуудын зүүд манасан Олон булгийн цуваа”-гаар “орчлонгоос харьж байна” гэсэн нэгэн содон мөр байсныг та бүхэн анзаарсан ч байж магадгүй. Үнэхээр Энххадын Олон булгийн цуваагаар орчлонгоос харихдаа манасан шувуудын зүүд нь “Аргалийн ачаа” найраглал болон өнөөдөр хурмаст тэнгэрээс бууж ирэв үү дээ гэх бодол надад төрж байна. Түүний олонд алдаршсан “Арван гурван үетэй аргалийн эвэр” шүлгийн аргал, анчин хоёрын аминд нь хүрсэн амин, эмгэнэлт санаа энд үргэлжилж байх шиг бас санагдаж байна. Юутай ч өнөөдөр Улаанбаатарт нээлтээ хийж буй Төвдалайн Энххадын “Аргалийн ачаа” найраглалын сэдэв, санаа, уран сайхны нээлт нь тохиолдлын зүйл биш болохыг үүгээр товчлон хэлэх гэсэн юм.

Ер нь ӨМӨЗО-ны утга зохиолын шинэ үеийн гол төлөөлөл болон хүлээн зөвшөөрөгдөж утга зохиолын эрхэм дээд шагналуудыг удаа дараа хүртээд байгаа яруу найрагч бол Алшаа аймгийн Алшаа Зүүн Хошууны Олонбулаг суманд төрсөн Дуудаач овгийн Төвдалайн Энххад яах аргаггүй мөн юм. Сайхан монгол хэл, сэтгэл, сэтгэлгээтэй, яруу тунсаг ур санаа дүр дүрслэлтэй, хат цэц нь тэгширсэн хачин содон зүйр зүйрлэлтэй, халил уясал тэмтэрсэн мэдэрсэн монгол шүлэгтэй халуун сэтгэлт монгол яруу найрагч гэж түүнийг хэлж болно.

“Аргалийн ачаа” найраглалын хувьд маш товчоор хэлбэл сонин, содон, өвөрмөц бүтээл болсон байна. Байгаль орчныг хамгаалах эрэлт хэрэгцээ ихтэй эмзэг сэдвээр бичигдсэндээ гол нь биш, сүүлийн үед хаа хаана ховор живэр болчихоод байгаа яруу найргийн туульсийн том төрөл болох найраглал бичсэндээ ч биш, ерөөс хүний мөн чанар, байгалийн мөн чанарыг зөрчиж, эвдэж, бусниулбал орчлонгийн тэнхлэг хэрхэн алдагдаж, ямархан сүйрэл, мөхөл өнөөдөр айсаж, нүүрлээд байгааг зөн билэгээр мэдэрч, зүүд манан тайлж, ёр ёрлол, ёг ёгтлолоор хурцлан тодолж хүн төрөлхтөнд ёс зүй, эх дэлхийгээ хамгаалах оюуны харанга дэлдсэнд яруу найрагч Т. Энххадын “Аргалын ачаа” найраглалын агуулгын мөн чанар оршиж байна. Энэ бол уран бүтээлийн олз омог, уран бүтээлчийн эр зориг юм.

Яруу найрагч Т. Энххад “Ээж худаг” шүлэгтээ “Гадаа салхи булна...Ганцхан энэ бөмбөрцөгөө бид өөрсдөө булна” гэж бичиж байсан нь, “Тэнгэрийн ботго” шүлэгтээ “Тэнгэрийн ботго тэнгэртээ харихад Тэжээж өсгөсөн Монгол орон энгэр дүүрэн нулимстай” хэмээн бичиж байсан нь “Аргалын ачаа” найраглалын зэмт гэмшил, зэвт зүйрлэл, харамсалт гашуун, хатуу үнэнийг уншиж байхад өөрийн эрхгүй эргэн санагдаж байлаа. “Аргалын ачаа”-ны амиа дэвссэн амин санаа түүний уран бүтээлд нэвт шувт ийнхүү шингэсэн байна.

Монгол туургатны шинэ үеийн утга зохиолын содон төлөөлөгч, нэрт яруу найрагч Дуудаач овгийн Төвдалайн Энххад таны уран бүтээл монгол эх байгаль-Олон булагийн ширгэшгүй ундаргаар ямагт хөглөгдөж үргэлж шинэ байхыг ерөөл дэвшүүлж, амжилт хүсье.

Монголын Зохиолчдын Эвлэлийн Шүүмж судлалын

Үндэсний төвийн тэргүүн, хэл бичгийн ухааны

доктор /Ph.D/ Үржингийн ХҮРЭЛБААТАР

2014.08.13. 13 цаг 13 минут.

Улаанбаатар хот. Интер номын их дэлгүүр.

УУЛЫН НАМТАР
УУЛЫН НАМТАР
 
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.