Одете өглөө ажилдаа гарахад
Цагтаа усан цэрэг явсан
Цал буурал өвгөд
Зангууны шивээсээ гайхуулж
Цамцаа гартаа барьжээ.
Цагаахан даашинзтай Одете
Хөнгөхөн алхсаар дэргэдүүр нь өнгөрөхөд
Өвгөд дуугаа хураан
Харцаа салгаж чадахгүй хоцорно.
Одете орой ажлаасаа тараад
Төрөлх гудмандаа ирэхэд
Саяхан цэргээс ирсэн залуус
Сараалжин хашаа түшин
Арслангийн шивээсээ гайхуулж
Цамцаа мөрөндөө тохжээ.
Цагаахан даашинзтай Одете
Хөнгөхөн алхаад дэргэдүүр нь өнгөрөхөд
Залуус дуугаа хураан
Харцаа салгаж чадахгүй хоцорно.
Бороотой хүйтэн өдрөөр
Одете байшингаасаа гарсангүй
Өвгөд үд болтол
Залуус шөнө хүртэл түүнийг хүлээв
Маргааш нь ч Одете үзэгдсэнгүй.
Гэлээ ч эрчүүд түүнийг харуулдсаар.
Өөрийг нь хараад цамцаа нимгэлж
Цээжээ гаргаж
Шивээсээ гайхуулдаг эрчүүдийг
Борооноор цамцтайгаа дулаан сууг гэж
Одете гэрээсээ гараагүй юм.
2019.08.22
Д.ГАНСАРУУЛ