С. Пүрэвсүрэн

С. Пүрэвсүрэн

Ногоон талын сувд шиг, нүд алдам нүцгэн шаргал талын баянбүрд шиг, нүдгүй цасан шуурганы нөмөр аргалын гал дүүгэсэн бөмбөгөр цагаан гэр малчин ахуй, монгол хүний сайхан сэтгэл, цөлх ухаанд хамгийн ойрхон аваачих зохиолууд бол орчин үед Соёрхын Пүрэвсүрэн гуайн бүтээлүүд билээ. “Хотжилт”-ын энэ үед чухам түүний бүтээлүүд уншигч биднийг малчины хотонд аваачиж, нялх ногооны үнэрт согтоож, зуны халуунд зэрэглээ хэрхэн бүжиглэхийг харуулна. Түүний шинэхэн зохиол бүтээл, өгүүллэг, туужаас buteel.mn дээжлэн хүргэсээр байх болно. Оюуны охийг хүртэгч эрхэм уншигч та зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн оюуны урланд тухлаарай.
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гөеөгийн бөлзөг

Алдуул зөөлөн салхи аяс аясхан жимбүүрдэж, агтны үнэртэй талд агь шүүдэрлэж хононо.

Сар эвшээсэн дорнын тэнгэрт, одод ирмэчин аальгүйтэж, агтны туураар хээтсэн Дарьгангын шаргал хөндийд амгай зуузай шивширч, морьд тургилах чимээ наадам хаяанд ирснийг эрхгүй сануулах ажаам.

Одод шуугдан орчлон ертөнц гэгээрэхийн сацуу тархан бэлчих адуун сүргээ хумин, сэтгэл гэгэлзтэл исгэрэх адуучин эрийн жавхаа хийморийг үнэнхүү бахдалтай.

Бахим түүшин, өргөн шанааг нь хөлөргөх бавгар сахлаа илбэн суугаа уяач Тайван тунхуутай зэлгээн цайнаас залгилаад, наадамд сойсон хүлэг морьдоо барилах хүү Өлзийбаяраа харж, өөрөөс нь өлгүү санагдах өргөн ханхар цээжийг нь бахдан сууснаа

-Намайг харсан хэн бугай ч давжаа хэмээн гоочлохгүй дээ. Гэтэл энэ хархүү улам л өсөөд байна. Одооны залуус өсгөлүүн болжээ.

Идэж уух нь өөрчлөгдөөгүй л байлтай хэмээн бодоод инээмсэглэв. Өөрчлөгдөөгүй ч гэж дээ. Ижийн минь хийсэн борцтой хоолыг голонгуй идэж байгаа харагдах юм. Бидний үед гөеөгийн аягалсан сүүмэнгийн хоолноос хөлсөө цувтал идчихээд, санаа амар унтдаг байлаа.

Таана хөмүүл, хахарсан өрөм хутгасан сүүмэнгийн хоол ч салахын аргагүй л амттай санагддагсан.

Хатсан сэмж цацчихвал ч хэлэх юм бишээ хэмээн бодоод өөрийн эрхгүй шүлсээ залгив.

Хүн идэж өссөн хоолоо мартдаггүй ажгуу.

Самбуу аазайн борцтой шөлний ханхийсэн үнэрт арааны шүлс ам дүүрдэг байлаа.

Гэтэл одооны залуус халуун зунаар хонь хагалж, шинэ шөл уучих санаатай даг.

Цагийн аясаа л дагаж, залуусын хүсэл хувирдаг юм болов уу даа. Наадам өнгөрөөгөөд хүүгийнхээ гэрийг барьж, галыг нь таслаж өгье дөө. Хүү бэрийнхээ хуримыг хүнээс доргүй хийчихвэл бавгар Тайван миний хүсэл биелэх нь тэр. Ханийнхаа нөмөрт хүрэхийн цагт нүүр бардам болуужин хэмээн эрт эдүүгээг эргэцүүлэн суулаа.

Бавгар Тайвангийн хүү Өлзийбаяр цэргээс халагдаж ирэхдээ хотын ганган охин дагуулаад ирсэн аж. Ажил анхи муу, гэнэн цайлган охин туулах амьдралыг зөрөг цэцгийн бал мэт амттайхан хэмээн мөрөөдөж ирсэн биз.

Гэтэл Дарьгангын охид хүүхнүүд нутгийнхаа шинэхэн бэрийг сонжин шохоорхон харж, нэг л мэдэхэд дуу зохион дуулсан байлаа.

"Хоолойн чансаа гайхуулсан Дарьганга дууны шуранхай

Холбого цохилго дагуулсан уран яруу шигшрэгтэй

Холын нутагт бэрлэсэн хотын ганган бүсгүй

Хоргой саагаар гоёлсон цоохор торгон тэрлэгтэй" хэмээн дуулсан Ганга нуурын шооч хүүхнүүдийн шивэр авир шивнээ, шаг шуг яриаг олж сонссон бүсгүй эр нөхөр Өлзийбаяртаа гомдоллон тунирхаж, уйлж унжсан удаатай.

Харин Бавгар Тайвангийн хадам ээж Норовбадам аазай хот газар өссөн зээ бэрийнхээ эрх танхи аашийг үл таашаавч, гал дээр гарсан ганц зээдээ амиа тавин хайрладаг билээ.

Хүүдээ хайртай болохоор зээ бэрээ хайрлах л учиртайг шөнөжин сууж утас ээрэхдээ бодлоо нийтгэн суусан ажгуу.

Жаран Бадарч хэмээх аманцар шаавай хархүү тэднийхээр бууж, бөлөмцүү улаан нүдээр гөлрөн сууснаа

-Норов Аазай минь танай гоо бэрд зориулж ганц ая барих уу даа хэмээн сөөнгө дуугаар яриад

-Би зохиогоогүй Ганга нуурын ганган Цээмээ дуулсан юм шүү гэснээ, өдөржин шөнөжин архидсан хөлчүү эрийн хаанаас ийм эвлэгхэн аялгуу урсана вэ гэж бодогдмоор

-Ганга нуурын долгис нь хө галуу шувуундаа жаргалтайхан

Гангар шаазан шиг хотын бүсгүй гаднаа ч нэг гэртээ ч нэг дэгэлзэнхэн

Ноомой ноомой гэлээ чиг ноён хүний удамсан

Ногтон сахалтай Өлзийбаяр гоёхон эхнэртээ бөхөлзөнхөн

Даруухан даруухан гэлээ чиг Дарьганга нутгийн хархүүсэн

Даан чиг анхигүй холын бүсгүй нь даагиур зангаар гэдэгнэнхэн хэмээн аялан дуулахад, Норовбадам аазай нимгэн ягаан хэлээ бултгануулан инээд алдчихжээ.

Норовбадам аазай хөлчүү эрийн дуунаас залуу насаа олж харсан хэрэг байв.

Гэтэл гөеөгийн инээд залуухан бэрийн сэтгэлд огт өөрөөр тусав.

Эр нөхрийнх нь хайртай гөеө согтуу хөлчүү хархүүд тал өгөн инээж, хоршин дуулах нь халаг байсан нь тэвчишгүй доромжлол мэт бодогдов

Бас ааваа даган адуу малын уяа сойлго ярин хонон өнжин алга болчихдог нөхөртөө гомдохын ихээр гомдож, ирсэн замаараа их хотынхоо зүг буцаж явахаар сэтгэл шулуудан байв.

Гэтэл анхны харцаар сэтгэл зүрхээ юүлж өгсөн хайртай залуугаа эзгүй хойгуур хаяад явчихах сэтгэл түвдэн, гэрийн сүүдэрт нулимс унаган суулаа.

Зээ бэрийнхээ царайг хараад юу бодон суугааг ухаарсан аазай, маажигнан ирж хажууд нь суун, толгойг илээд

-Миний охин юунд нулимс унагав. Бүсгүй хүн, цагаан зээр хоёрт нутаг үгүй гэдэгсэн билээ. Гөеө нь цэл залуухан цэцэг шиг насандаа ханиасаа хагацаж, хуруун чинээ нялх охин тэврээд үлдэж билээ.

Эр нөхөргүй өнчин өрөөсөн бүсгүй хүнд амиа тэвччихмээр өдрүүд олон таарсан. Өдөр л битгий дуусаасай. Шөнө битгий болоосой хэмээн алга хавсран залбирдаг байлаа.

Зуны шөнө ч дуусашгүй урт санагддаг байсан.

Гэвч үртэй хүн үхэж чаддаггүй хорвоо юм шүү.

Би ганц охиноо хүний зэрэгт хүргэсэн. Сайхан ханьтай, хөөрхөн үртэй болж гөеөг нь жаргасан.

Гэвч хорвоогийн хатуурхал дуусаагүй байв. Найман жилийн өмнө миний хүүхэн бас л ижийгээ орхиод, буцах шувуудтай хамт тэнгэрт нисчихсэн гээд бөглөчих вий гэмээр шуухитнан амьсгалж, хоолой нь хэржигнэн амьсгаа нь давхацав.

-Гөеө та зүгээр үү. Эм уух уу гэж айж бүлтэгнэсэн бэрээ харж ялимгүй тайвширлаа.

-Чи миний галын ганц зээгийн хайртай эхнэр. Миний ганц бэр.

Охин минь хүн жаргалдаа ташуурч нэг уйлдаг. Зовлондоо мөлийж нэг уйлдаг.

Гөеөгийнхөө энэ бөлзөгийг хардаа.

Миний хань эхнэрээ гоёх гэж уран дархан Цэмбэл тойнд эр хонь хоёрыг өгч энэ бөлзөгийг цохиулсан юм гэнэ билээ.

Гөеө нь амьдралаас уйдаж уйтгарлахын цагт ханийнхаа зүүж өгсөн бөлзөгийг үзэж залуу насаа, эр нөхрөө дурсан сэтгэлийн амар амгаланг олдог байлаа.

Амьдралд шунан дурлах сэтгэлийн таашаалыг ширхэг чулуу, атга өвснөөс ч мэдэрч болдог юм.

Гөеөгөө дагаад араг үүрэн аргалд явж бай. Бүсгүй хүн араг үүрч аргалд явбал биеийн хилэнц нимгэрч, сэтгэлийн нүгэл ариусдаг юм гэнэ билээ хэмээн яриад хуруун дахь бөгжөө сугалж, бэрийнхээ гарт зүүж өгөөд нулимсаа арчин бөгтөгнөн алхсаар гэртээ оржээ.

Гомдол цөхрөл, уйтгар гунигаа үлдэн хөөх мэт сувдран урсах нулимсаа арчин арчин уйлав.

Хоёр хөлөө борхирон суусан бүсгүйн хэвлийд бүлээн зөн чацвасхийх шиг санагдахад бүр ч чангаар эхэр татан уйллаа.

Гөеөгийн зүүж өгсөн бөлзөг ядам хуруунд нь хүнддэх мэт санагдаж, нулимстай нүдэнд нь гэрэл цацран гялтганаж байв.

Соёрхын Пүрэвсүрэн танилцуулга
Соёрхын Пүрэвсүрэн танилцуулга
 
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.