Үржин Хүрэлбаатар

Үржин Хүрэлбаатар

МУСГЗ Үржингийн Хүрэлбаатар нь 1954 онд Монгол улсын Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт Үржингийн хоёрдугаар хүү болон төрсөн. УБИС-ийн хэл уран зохиолын ангийг 1977 онд, МУИС-ийн сэтгүүлчийн ангийг 1984 онд, Унгар улсын Олон улсын сэтгүүлчийн дээд курсыг 1988 онд тус тус төгсч багш-сэтгүүлчийн хос мэргэжил эзэмшсэн. Тэрээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын сектор /1977-1980/-т эрдэм шинжилгээний ажилтан, театр судлаач, Улаанбаатар хотын намрын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл "Улаанбаатарын мэдээ" /1980-1990/ сонинд сурвалжлагч, хэлстийн эрхлэгч, Нийслэлийн төр, захиргааны төв хэвлэл- "Улаанбаатар" /1990-1999/ сонины анхны эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. «Улаанбаатар» сонины нэрэмжит Монгол улсын арслангуудын барилдааныг санаачлагч, «Монголын сайхан бүсгүй» шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл "Нүгэл буян" /1992/, Улсын гаалийн Ерөнхий Газрын хэвлэл "Алтан босго" /1993/ сонин зэрэг арав гаруй сонинг үүсгэн байгуулсан. 1990-1992 онд Улаанбаатар хотын АИХ-ын депутат, 1992-1996 онд Нийслэлийн Иргэлийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 1999-2008 онд МУНН-ын даргаар ажиллаж байсан. 2001 онд Гадаад хэл, сэтгүүл зүйн "Түгээмэл" дээд сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байна. "Арслан судлалын төв" /1995/, "Мишигийн Цэдэндорж" сан /1998/, Д.Намдаг судлалын төв /2001/, Монголын дууны яруу найрагчдын нийгэмлэг /2011/, Монголын сэтгүүл зүйн академи /2012/ зэрэг төрийн бус арав гаруй байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүлэн ажилладаг. Ү.Хүрэлбаатарын гол судалгаа нь зохиолч, найруулагч Донровын Намдагийн тухай байлаа. Тэрбээр "Д.Намдагийн туршиц туурвил зүй" /жүжгийн зохиолын жишээн дээр УБ.,1998/ ганц сэдэвт бүтээл туурвиж хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан. Ү. Хүрэлбаатар нь монголын рок поп, түүгээр ч барахгүй нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай томоохон яруу найрагч юм. Түүний шүлгээр бүтсэн 500 гаруй дууг монголын ард түмэн чихэндээ ээмэг мэт зүүж, амандаа чихэр мэт хүлхсээр л байна. 2012 онд Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан. Ү.Хүрэлбаатар нь хэвлэл мэдээлэл, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиол зэрэг олон салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж олонд танигдан хүндлэгдсэн эрч хүч, идэвх санаачлагатай монголын тэргүүний сэхээтний нэг юм. Тэрбээр монголын сэтгүүл зүй, соёл урлаг, утга зохиол, боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулсан сэтгүүлч, зохиолч, эрдэмтэн юм. Эдүгээ монгол дуу бүтээгчдийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийн гүйцэтгэх захирлаар үр бүтээлтэй ажиллаж байна. Ялангуяа Олон улсын зохиогчдын эрхийн хамтын удирдлагын байгууллагуудын холбоо /CISAC/-ны гишүүн болж олон улсын хүрээнд монголын дуу хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах талаар томоохон алхам хийсэн нь монголын уран бүтээлчдийн бүтээлийг хамгаалах гол найдвар болж байна.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олбол алдаж болохгүй

Хайрын тухай яриа ханашгүй зүүд мэт үргэлжилнэ. Ханашгүй тэр зүүдэнд хан хөвгүүн, хатан гүнж зүггүйтнэ. Амьдрал юм хойно алдаа оноо, аваа өгөө ээлжилнэ. Ухаан сууж, уужуу сэтгэж гэр бүлээ аваад явчих эрийн тэнхээ, бүсгүйн тэвчээр төлөвштөл юм юм л болно. Гэвч эцсийн эцэст элэг бүтэн гэр бүл л энэрэл хайрын орчинг бүрдүүлэх ажээ. Ийм гэгээн уянга “Хайр...байдаг” тоглолтын турш бодол санаанд ботгоны буйлаан шиг гэгэлзэж гэрэлтэж байв даа.

Хөгжмийн зохиолч, дуучин А.Анхбаяр, дуучин Б.Чанцалдулам хоёрын “Хайр...байдаг” кино концерт UB Palace-ын их танхимд нүргээнтэйхэн болов. Нүргээнтэй гэхээсээ сонирхолтой, өвөрмөц, агууламж өндөр болсон гэвэл илүү зохилтой мэт санагдана. Учир нь энэ тоглолт гэр бүлийн хүрээнээс хальж урлагийн тайзнаа урласан уран бүтээлийн дээж, шинэ эрэл хайгуулын олз төдийгүй омогшил байсан юм. Уран бүтээлийн үнэний шалгуур нь цаг үе мөн боловч тэр нь тухайн уран бүтээлчийн тархинд бүрэлдэж тайзнаа амилж цаг үеийн цатгалан, цамаан занг сөрөн зогсч бараан үүлсийг хөөж бардам үгээ хэлж чадаж гэмээ нь эцэс төгсгөл үгүй эрлийн замд тэсч үлддэг нь тодорхой юм.

Гэр бүлийн хос залуус маань “эвийн ганц дэр болов хоёулаа, энгэрийн гоё зүүлт болов хоёулаа” гэж зүгээр нэг дуулсангүй. Тэр нь “жаргалын ганц хань, жамын эрх амь” гэгч элэг бүтэн гэр бүлийн эвийн гагнаас, эвлэрлийн гангараа, идэр залуусын ээнэгшил мөн болохыг өгүүлнэ. “Хайр...байдаг” тоглолтын нийгэмд хандсан гайхалтай мессеж нь гэр бүлийн үнэ цэн, өнөөгийн эмзэглэл, бодит байдлыг хөндөж ялангуяа залуу үед өөрсдийн амьдралаар сэдэвлэн үнэнийг өгүүлсэнд оршино. Тэд өөрсдийнхөө гэр бүлийн үнэ цэнийг тодорхойлж, нэгэнт болоод өнгөрсөн салалтын шалтгаан нь архидалт, биеэ тоох өвчин байсныг хэрхэн гэтлэн туулснаа энд эргэцүүлж хайрын мөн чанар нь эв эеийн уучлал мөн болохыг сүлдлэн, сүсэглэн дуулж байна. Энэ бол концертын агуулгын өгүүлэмж юм. Харин түүнээ илэрхийлсэн хэлбэр, зохиомж, сэтгэлгээ нь өвөрмөц.

“Хайр...байдаг” тоглолт хоёр үндсэн шугамаар зэрэгцэн өрнөнө. Нэг нь дэлгэцнээ гарах бодит амьдралаас сэдэвлэсэн киноны үйл явдал, нөгөөх нь хоёр дуучны сонгон дуулж буй дууны сэдэв, сэдэл, сэрэхүй юм. Энэ хоёр шугам нэг нэгнээ нөхөж, тодолж арга билиг, алганы ар өвөр шиг нэгдэн нийлнэ.

Кинонд Анхбаяр, Чанцалдулам хэмээх хоёр залуугийн хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. СУИС-ийн дуулаачийн ангийн оюутан болоход тэдэнд амар хялбар байсангүй. Аав нь урлагийн хүн болоход дургуй байхад ээж нь “Миний хүү дуртай мэргэжлээ сонго. Юу ч болсон тууштай бай” гэх үг урам нэмнэ. Энэ мэт зөрчил дундуур тэр хоёр СУИС-ийн оюутан болж байна. Киноны энэ хэсэгт Чанцалдулам “Аавыгаа санаад дуулахаар”, Анхбаяр “Ээжийнхээ хайраар” дуугаа дуулна.

Анхбаяр, Чанцалдулам хоёр СУИС-ийн шатаар өгсөх уруудахын завсар зөрнө. Энэ бол хувь заяаны зөрлөг байж. Тиймээс “бурхан заяасан сэтгэлийн чинь сайхныг бусниулахгүй, сарниулахгүй жаргаана” гэж хослон дуулж байна. Дэлгэцнээ үйл явдал өрнөж цаасан шувуугаар Анхаагаас “хоёулаа уулзъя л даа”, “зөвшөөрчих л дөө” гэх мэт гэнэн цагаан үг нисэн ирж Чанцалын хананд “өндөглөж” өлгөгдөнө. Түүний тодотгол болж “хайрлаарай, хамгийн нандин аялгууг хайрлаарай” гэж усан цэнхэр даашинзат бүсгүй улаан даашинзат охидтой бүжиж “Хайрын зөн”-гөө дуулах нь бэлгэдэл мэт үзэгдэнэ.

Бүсгүй хүний бардам зангаар дэрвэж буй залууг үл тоох авч “танай найз Анхаа чинь хайчив” гэх асуулт үгүйлэн санахын хариулт мэт сонсогдоно. Гэвч “хайр байдаг харагдсаар байдаг, хайлан уусаад адилхан болдог” гэх энэ тоглолтын сүлд дууны санаа бодит амьдрал болон хувирч “Мөнхийн хайр” дуугаа хослон дуулна. Хайр гэгч мөнхийн усан мэт мэлтэлзэнэ. Хорвоо гэгч хос жигүүрэндээ хүчтэй аж. Хос хоёр гэр бүл болж айлын хажуу өрөөнөөс амьдрал эхэлнэ. Хорвоог тойрох мэт хот тойрон нүүнэ. Сайхан хайрын гэгээн учрал “тэр л хэвээрээ” үргэлжилнэ. Гэвч ая зохиогч “алтан туурайт ажнай” мэт “Аархал”-д автаж архинд толгой мэдүүлнэ. Зөрчил эндээс үүдэн үүсч салж сарнихдаа тулна. Тулна ч гэж дээ сална.

Сайн бэрийнхээ халамжаар өвчнийг гэтэлж өндийж боссон хадам ээж “Миний хүүг уучлаарай. Эр хүн нэг хазгай гишигвэл удаан босдог. Эргээд ирэхэд нь тосоод аваарай” гэнэ. Хүүдээ ч бас “Миний хүү архи дарсаа боль. Эхнэр хүүхэддээ оч” гэнэ. Дөрвөн жилийн дараа тэд ийнхүү эргэн нийлнэ. Тиймээс “дутуу илүүгүй тавиланд минь дурлаж учирсан чамайгаа дуулим хорвоогийн оддын дор дууланхан хүлээе дээ, ай хөөрхий” гэж дуу алдаж байна. Бүсгүй “хань болгон намайгаа хайрласан хархүү чамайг гомдоохгүй, итгэ дээ наддаа” хэмээн “хөөрхөн л юм чинь хөөрхөн сайхнаа” гэж уяран хайлна. Үзэгчид “миний ээж сайхан ээж мяндас зөөлөн уян ээжий”, “халуун хүйтнийг халгаж туулахад хажууд хэн маань түшдэг билээ” гэж түрэн дуулах нь “өдрийн ховор од болов хоёулаа, өнөр гоё айл болов хоёулаа” хэмээн тунхаглах ”Хайр...байдаг” кино концертын тайлал мэт ажээ. Үнэхээр л “багын минь хань чамтай учраагүйсэн бол бардам их замыг яаж туулахсан билээ” гэх “Ханьдаа дуулах дуу” эгшиглэх нь аргагүй нийцтэй санагдаж байв.

Монголын дуу хөгжмийн урлаг ард түмний оюуны цангаа тайлах нэгэн гол дэвжээ болон хөгжсөөр байна. Тэр тусмаа концертын урлаг ямагт шинэчлэлийг хүсэмжилж, тэр өөрчлөлт дэвшлийн үрээр нийгмийн оюун санаанд эерэг нөлөө үзүүлэх нь бухимдлын бараан үүлс өдөр тутам нүүсэн энэ цаг дор сайныг урин залах нэн чухал хүчирхэг хөдөлгүүр нь гэж хэлж болно. Үүнийг зүгээр нэг аралжааны тоглолт, ая дууны цуврал цуваагаар аргацаасан халтар халтуураас салгаж ойлгох учиртай.

Жинхэнэ сэтгэл үнэртсэн, хөрөнгө зарсан, уран бүтээлч хандлага гэрэлтсэн тоглолтын тухай энд өгүүлж байна. Түүний нэгэн тод жишээ нь хөгжмийн авъяаслаг зохиолч, дуучин Алтангэрэлийн Анхбаяр, дуучин Болдбаатарын Чанцалдулам нарын “Хайр...байдаг” тоглолт гэж хэлж болно. Монголын концертын урлагт кино-концертыг анх туршиж дэлгэц, тайз хоёрыг нэгэн дор ихэрлүүлж, дууны дотоод хэм хэмнэлийг дүрсээр утгажуулж дүрээр урласнаараа “Хайр...байдаг” тоглолт шинэ амьсгал авчирлаа. Түүнд энэ мэт шинэ зүйл чамгүй шингэсэн. Үгүйдээ л гэхэд хөтлөгч үгүй концертыг анх удаа үзлээ. Хөтөч нь дуу, хөврөл нь кино байв.

Их зохиолч Ч.Лодойдамба “Сайхан хайр байдаг юм шүү, олбол гагцхүү алдаж л болохгүй” хэмээн нэгэнтээ дуун алдсан билээ. Энэ ухаарал сэхээрлийн үргэлжлэл нь “Хайр...бол” тоглолт болж чадав. Тиймээс тоглолтын төгсгөлд дуучин Б.Чанцалдулам “хүн бүхний сэтгэлд хайр байдаг” гэж хэлнэ билээ.

Хайрын тухай яриа ханашгүй зүүд мэт үргэлжилнэ. Олбол алдаж болохгүй үнэт зүйл гэж байдаг ажээ.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Үржингийн ХҮРЭЛБААТАР

2023.01.13.

“Цагаан уул“ хайрын шүлгийн наадам болно
 
Өнөөдөр “Номын баяр” эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.