Босго хадны арын айлуудад гай гамшиг нүүрлэж нутаг хошуугаараа дайжин нүүцгээв.
“Даргай Самдан нутаг бузарлачихлаа” гэсэн аман билэггүй үг айлаас айлд салхи даган тарснаас болж, адууны бэлчээр, худаг ус эзэнгүйрэв.
Талын буурал хөндийн таана амталсан зэрэглээ униар дундаа шандуурч, нар мөлхсөн хоосон тал уйтайхан цэлийнэ.
Босго хад гэж талд унагасан адууны хомоол шиг бор цохио хүүгээ хүлээсэн өвгөн хүн шиг нар саравчлан үлдэв.
Тэрхүү цохины ар биеэр дөрвөн цагийн эргэлтэнд буурь сэлгэн нутагладаг гуравхан бор гэр саахалтын зайтай бөртийж амь зуулгын бод бог нийлсэн гурав дөрвөн зуугаад мал нь бэлчээртээ нийлж үдийн наран доор явган тоос босгон худаг сахина.
Хамгийн хойд талын жаахан бор гэрээс гарч ирсэн хэнз ишиг шиг жаахан буурай гэрийнхээ хошлонгоос атган мөлхөх шахам тэнтэр тунтар алхсаар баруун хаяандаа хүрч гэрээ налан суув.
Чийглэсэн бор алчуурын доогуур эв хавгүй цухуйсан хэдхэн буурал үс нь салхины аясаар сэрвэлзэх аж.
Насны нар гудайх үес бурхны хишиг мэт олдсон ганц хүүг нь амтай болгон зүхэж, нүдтэй бүхэн хялайж байгааг буурал эмгэн зөнгөөрөө мэдэж байгаа билээ.
Даргай Самдан гэж адуунд эртэй, малд нүдтэй уул шиг ханагар хүүгээ өмөөрч, сэтгэл өмөлзөн суусаар нүд бүрэлзэн толгой нь эргэхэд нүүрээ даран хий огиулав.
Тарагийн таван гунж, шөлний хэдэн хоньтой Даргай Самдан ижийгээ хаврын тарчиг цагаар хий харгуулчихгүй амь зуугаад байж чадах ч гэлээ хааяа ангийн хишиг хүртчих юмсан гэж хорхойсч явдаг байлаа.
Саахалтын хөгшчүүлийн хэдэн адууг хураахаар орой үдэш шогшиж явахдаа оройн гараа, өглөөний нарнаар хөтөл өнгийж дош сахидаг байв.
Гэтэл долоо хоногийн өмнө зүүсэн хавханд нь нас гүйцсэн бурхи орчихсон байв. Баян хангай хишиг хайрлалаа хэмээн баярлан бодож ганзага мялаасан ангийн махаа хүртчихсэн билээ. Гэтэл амь тэмцэн халуурч ижийтэйгээ үхэх сэхэхдээ тулахад сая л айл хотлынхон нь дүрвэх шахан нүүцгээж холдож явах чадалгүй гурван гэрийн хөгшчүүл ийнхүү нутаг сахин үлдсэн билээ.
Даргай Самдан шөнөжин халуурч толгойгоо ч даахгүй сульдсан ч буурал ижийгээ харан сэтгэлийн шаналанд тарчилж байлаа.
Саахалтын хоёр гэрийн хөгшчүүл өөд сөргөө хараа тавин хоёр хонохдоо хэдэн малаа эхлээр туун зөнгөөр нь бэлчээсэн билээ.
“Ээжийнхээ өлөн усыг л уугаад бай. Эхдээ хүн үхдэггүй юм” гэсэн Хорол өвгөний үгийг халуундаа дэмийрч байхдаа там тум бодож байв.
***
Сэнжит цохионоос урагш говь хаяалан буусан Цоохор Бадам улаан халцгай элсрүү бэлчсэн малынхаа араас дурандан
-Даргай Самдан ганц хөөдлөө дөө хэмээн хараал тавьсаар орж ирээд аяга цай залгилав.
Өчигдрөөс хойш үглэсэн нөхрийнхөө зүг шилбэлзэн харсан гэргий нь
-Та ч бас л амтай төмөр ганзагалж, адтай бодол тээж зөндөө л шогшдог биздээ. Гай нь ганц Самдан гуайд л таарлаа даг гэж хэлээд тогоотой цайнд чанасан хоёр гурван хатсан хавирга урд нь тавив.
Эхнэрийнх үг Бадамын цухалд гал нэмчихэв үү гэмээр дүрсхийн асч, унинд хавчуулсан чөдрөө шувт татан авч дал нуруун дундуур хэд хэд ороолгохдоо
-Хормой нь бузартсан золбин гичий минь зайл. Тэр сохор чавганцын олигор хар чинь далд орох мөрөөрөө зайлахгүй нутаг ус бузарлалаа. Одоо лав үхээ байлгүй. Дэргэд очиж хэвт чи гэж дүрэмдэн хашгирч уур омгоо дундлаад малынхаа араас мордов.
Ар зоогоо улаан гүвдрүү таттал ороолгуулсан Сэвжид бүсгүй нулимсаа залгин чимээгүйхэн уйлж суухдаа
-Хөөрхий түүний минь амь насыг өршөөж хайрла. Хорхойд хоргүй гэнэн цагаан эр хүн юм шүү дээ хэмээн залбирч байлаа.
-Жаран шарга яс мэрж хэд хоногоор тэнэж явахдаа өөгүй цагаан явдаггүйг чинь мэдэхгүй биш дээ хэмээн эр нөхөртөө гомдсон бүсгүйн хацар эсгэн урсах нулимс ар араасаа бөмбөрөн цувах аж.
-Үр хүүхэд нь төрсөн гэсэн. Цухалдаад байдаг боллоо. Тэдэндээ л санаа нь зовоод байгаа юм байлгүй. Нэг нэр хоёр хоч зүүгээд яахав гээд тэвчээд суугаа минь эцэстээ миний буруу ч юм болов уу хэмээн бодоод ялимгүй тайвшрав.
Уржнан намар цоохор Бадам сум яваад гурав хоног алга болсон билээ. Байсхийгээд салхидсан тэмээ шиг сураг тасарч хэд хоноод ирдэг болохоор нэгэн бодлын түүний араншинд эхнэр нь дасчихсан байв.
Бороо шуургалсан хүйтэн үдэш хэдэн адууг нь ойртуулж ирээд тэднийд буусан даргай Самданд аяга шөл хийж өгөөд, дээлийнх ханзарсан сугыг оёод сууж байтал цоохор Бадам гэнэтхэн ороод ирэв.
Сумын дэлгүүрээс өвөртөлж гарсан ганц шил архиа замдаа дундалсан халамцуу эр гэрийнх нь гадаа Даргай Самдангийн морь уяатай байгааг хараад эхнэрээ хардсандаа мяраах шахам явсаар орж ирсэн аж. Гэтэл хоймор нь цээж нүцгэн шөл оочиж суугаа Самданг харсан Бадамын уур дүрсхийн бадарч үгийн солиогүй гүйж хүрээд аягатай хоол барьсан гарыгх нь тохойруу өшиглөж халуун шөл нүүр өөд нь цацаж орхив.
Олон долоон үг хэл гаргах дургүй даргай Самдан эргэлдсэн алаг нүдээр ёозгүй хараад дөнгөж оёж дууссан дээлээ Сэвжидээс авч, өмсөх зуур өврөөсөө гаргасан архиа шаазан аяганд асгаж цутган хийгээд үг дуугүй залгилж буй цоохор Бадамыг зэвүүцэнгүй харж
-Таван үгийг солиогүй ингэж мэнд мэддэг болоо юу гэснээ түрийг эргүүлсэн банхар хоншоортой бакиалаар атиртал өшиглөж орхиод гараад явчихсан билээ.
Тэр өдрөөс хойш цоохор Бадам уурсах болгондоо даргай Самдантай хардан үгийн сэжүүр мушгисаар өнөөг хүрсэн аж.
Нэг үгийг мянга давтахаар үнэн болдог гэгчээр өглөө үдэшгүй холбож загнах тоолон даргай Самданг хүрээд ирээсэй хэмээн санаашрах болсон гэргийгээ цоохор Бадам анзаарсангүй.
Гэтэл хонины бэлчээрт таарсан даргай Самдан нүүр өөд нь харж чадахгүй дальдчиж суугаа Сэвжидийн санчигны унжсан үсийг чихнийх нь араар оруулж
-Чамайг цаадах чинь зовоогоод байна уу гэж пал цүл асуухад үг хэлж чадсангүй. Тонгойсон бүсгүйн нүднээс нулимсан хэлхээ тасарч бөмбөрөхийг чимээгүйхэн харж суусан даргай Самдан
-Би Бадамтай уулзаж ярилцах уу гэхэд нь чимээгүйхэн толгой сэгсэрч байсан билээ. Тэр өдрөөс хойш Сэвжидийн сэтгэл шуударч, Бадам ирээд хардаасай. Самдантай холбон хашгирч, уурандаа зодоосой гэсэн этгээд бодолд автах болсон билээ.
Энэ бүхнийг эргэцүүлэн суусан Сэвжид ялимгүй тайвширч гэрээсээ гарч нөхрийнхөө зүг дурандав.
Бутны навч хөөн хэд хэдээрээ бөөгнөсөн малынхаа цаад талын овоотой товцог дээр суугаад тэртээх зэрэглээн дунд өндөлзөх хэдэн гэрийн зүг дурандаж суугаа цоохор Бадамыг хараад гэнэт хачин их өрөвдөх шиг болов.
Мал хүртэл үрдээ саамшин гүйж ирдэг. Гэтэл өдий олон жил үрийн мөрөөсөл болсон энэ хүн аргагүй еэ дээ. Ганц охин нь төрөөд ой гарантай болчихлоо. Ойртоод бууя гэхээр надаас болоод чадахгүй. Хий дэмий л бухимдаад байдаг биз. Гэрэл гуай ч гэсэн хэцүүхэн байгаа. Алийн болгон энэ хоёр хүний сэтгэлийн тээг болох билээ. Би л явчихвал барав хэмээн бодов.
Даргай Самдан гуай үнэхээр тахал туссан бол тэсэхгүй биз. Амьдад нь сэтгэлээ илчилж чадаагүй ч өөд болоход хүн ёсоор хөдөөлүүлнэ ээ.
Хумсаа тамтартал газар ухаж лавхан оршоож хүний нүднээс далд хийе. Бор гэр нь салхинд унаж, хүн мал айлгаж ичээдэг юм гэсэн. За тэгээд би ч гэсэн тахалд нэрвэгдэж дуусах биз. Надад ямар гашуудах эцэг эх ах дүү байх биш хэмээн бодоод сэтгэл шулуудав.
Байн байн гарч нөхрөө харуулдах зуур малын тооллогын бичигтэй хуучин дэвтэр гаргаж ирэн бичиггүй цулгай цаасан дээр хортой харандаагаар хэдхэн үг таталган бичив.
--Бадам минь би даргай Самдан гуайг хөдөөлүүлэхээр явлаа. Тэр сайхан хүнд миний хийж чадах буян тэр биз. Би бас тахал өвнөөр магад өвдөх тул миний араас давхих хэрэггүй.
Тэгээд ч чамайг Гэрэл эгч хүлээж байгаа. Надаас болж үр хүүхдээ эргэж тойрч эцэг хүний ачлалаа үзүүлж чадахгүй бухимдаж байгааг чинь мэднэ. Хоёулаа ингээд зам замаа хөөе. Сайхан амьдраарай хэмээсэн хэдхэн үг торойж байлаа.
ххх ххх ххх
Сархинаг нь хатах шахсан мал хуй худгийн асгар долоож, хуурай ховоо мэрэх нь арга барагдмаар харагдана.
Уржигдар тал хагас услахчаа аядсан хоёр өвгөн халуун наранд яаж шуу ховоо татна даа хэмээн халшрах зуур даргай Самдангийнхруу хараа талбин сууцгаалаа.
Үнэндээ хэдэн гэрийнхээ малыг услах, орой үдэш хураах, адуу мал юүлэх хамаг ажлыг үг дуугүй хийдэг даргай Самдан дэмийртлээ халуурч байгааг сонссон айл хотол яаран сандран нүүцгээхэд саахалтынх нь хоёр айл бүл чадалгүйдээ нүүж чадаагүй билээ.
Ийнхүү худаг өөд ганц ганц сав үүрээд алхацгаасан өвгөчүүлийг дөнгөж ирээд салхинд хатсан ховоогоо худагруу шидэх үед цагаан алчуураар толгойгоо боосон нэгэн бүсгүй хуурай салхинд гуйвах шахан наашилж явааг олж харав.
-Хүүе хүн ирж явна. Лавтай мэдээгүй хүн биз Хоёулаа яах вэ гэцгээгээд толгойгоо боосон алчуураа савчин хурдан буц хэмээн дохиж байлаа.
Гэтэл жижигхэн биетэй өнөө бүсгүй нарны тоос сөхөн сажилсаар хүрч ирэхэд яахаа мэдэхгүй өөд өөдөө харсан өвгөчүүл таньж ядан ангайж байлаа.
-Сайн байцгаана уу гэсэн бүсгүйг харсан хоёр өвгөн
-Хүүе Сэвжид үү дээ. Дуулаагүй юм уу чи чинь гэж зэрэг зэрэг хашгирав.
-Самдан гуай яасан бэ гээд хөлсөө арчсан хүүхэн Хорол өвгөний гар дахь ховоог авч урд хормойгоо бүсэндээ хавчуулан ховоо татаж эхлэв.
-Амьсгаатай л байх шиг байна гэсэн үгийг сонссон бүсгүй ховоо дүүрэн ус хүр хүрхийтэл татах зуур шингэн цэнхэр утаа гарах жижиг гэр өөд горь тээсэн харцаар хяламхийн харж байлаа.
-Хүүхээ хөл хорьсон байхад хамаагүй ирж болж байгаа юм уу даа айнн гэсэн Хорол өвгөнд дуугүйхэн харцаар хариу барьсан Сэвжид хурдхан малаа услаад түргэхэн очьё гэсэн сэтгэлээр хөлсөө урсган ховоодсоор байлаа.
Гэтэл түрүүнээс хойш хараа булаасан бор гэрээс ижийдээ сугадуулсан даргай Самдан гуйвасхийн гарч ирээд салхи алдлан суниаж хэсэгхэн зогсоод аажуухан наашлах бараанаар
-Залуу хүн ч сайхан юмдаа. Амь сэрвийчихжээ. Муу ижийдээ сугадуулаад ирж явна гэх өвгөдийн үгийг сонссон Сэвжид бүсгүй ховоотай усаа сархийлгэн онгоцруу хийгээд
-Андиа би эргэж ирээд ховоо татъя гэж хэлээд ижий хүү хоёрыг тосон сувай шаргачин шиг дээр дээр дэгдэн гүйж одов.
Амьдрал мөнхийн урсгал
зогсолтгүй хөвөрнө
Амар амгалангийн зүг хүмүүн бас
урсана.
Сэрүүн сэвшээ салхи орчлонг
аргадан үлээнэ
Сэтгэл зүрхний дуудлага зөн совинд
хөглөгдөнө...