Хүмүүний сэтгэлийг хөглөж чадах хамгийн увидаст эгшиг бол дуу хөгжим юм.
...Мандах наран зүгт нутаг минь байдаг юмаа
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг юм аа
Мал нь тогтуухан хүн нь аядуухан
Мандах наран зүгт нутаг минь байдаг юм аа.. хэмээн аядуухан дуулах бүсгүйг ард түмэн хэдийнээ таних болсон. “Наран мандах нутаг” дуугаараа овоглодож яваа бүсгүй бол Үндэсний урлагийн их театрын дуучин, МУСТА Д.Осгонбаяр юм.
Үндэсний өв уламжлалаа хадгалж, өөрөөрөө үлгэрлэж яваа тэрээр шинэхэн хос цомгоо өлгийдөн авчээ. Цомог нь 17 дуутай бөгөөд нэг тал нь “Наран мандах нутаг” нэртэй ба уг цомогт зохиолын дуунууд нь багтжээ. Нөгөө тал нь “Өөшгөө юу даа” гэдэг нэртэй бөгөөд уг цомогт Сүхбаатар нутаг, Дарьганга, Үзэмчин ардын мартагдах шахсан дуунуудыг багтаажээ.
СУИС-ыг МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн удирдлаган дор төгссөн тэрээр уран бүтээлийн гараагаа “Жаахан шарга” театраас эхлэж байжээ. Өөрийг нь олонд таниулж овоглох болсон “Наран мандах нутаг” дуугаа 2005 онд дуулж байсан гэнэ. Уг дуу нь 2010 онд “Наран мандах зүг” киноны дуу болсноороо үзэгч түмэнд дахин хүрч, олон түмний сэтгэлд хүрсэн.
“Наран мандах нутаг” дууны шүлгийг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч С.Амартайван бичиж, хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Батсайхан урлажээ.
Б.Мөнхжаргал