Үржин Хүрэлбаатар

Үржин Хүрэлбаатар

МУСГЗ Үржингийн Хүрэлбаатар нь 1954 онд Монгол улсын Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт Үржингийн хоёрдугаар хүү болон төрсөн. УБИС-ийн хэл уран зохиолын ангийг 1977 онд, МУИС-ийн сэтгүүлчийн ангийг 1984 онд, Унгар улсын Олон улсын сэтгүүлчийн дээд курсыг 1988 онд тус тус төгсч багш-сэтгүүлчийн хос мэргэжил эзэмшсэн. Тэрээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын сектор /1977-1980/-т эрдэм шинжилгээний ажилтан, театр судлаач, Улаанбаатар хотын намрын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл "Улаанбаатарын мэдээ" /1980-1990/ сонинд сурвалжлагч, хэлстийн эрхлэгч, Нийслэлийн төр, захиргааны төв хэвлэл- "Улаанбаатар" /1990-1999/ сонины анхны эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. «Улаанбаатар» сонины нэрэмжит Монгол улсын арслангуудын барилдааныг санаачлагч, «Монголын сайхан бүсгүй» шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл "Нүгэл буян" /1992/, Улсын гаалийн Ерөнхий Газрын хэвлэл "Алтан босго" /1993/ сонин зэрэг арав гаруй сонинг үүсгэн байгуулсан. 1990-1992 онд Улаанбаатар хотын АИХ-ын депутат, 1992-1996 онд Нийслэлийн Иргэлийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 1999-2008 онд МУНН-ын даргаар ажиллаж байсан. 2001 онд Гадаад хэл, сэтгүүл зүйн "Түгээмэл" дээд сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байна. "Арслан судлалын төв" /1995/, "Мишигийн Цэдэндорж" сан /1998/, Д.Намдаг судлалын төв /2001/, Монголын дууны яруу найрагчдын нийгэмлэг /2011/, Монголын сэтгүүл зүйн академи /2012/ зэрэг төрийн бус арав гаруй байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүлэн ажилладаг. Ү.Хүрэлбаатарын гол судалгаа нь зохиолч, найруулагч Донровын Намдагийн тухай байлаа. Тэрбээр "Д.Намдагийн туршиц туурвил зүй" /жүжгийн зохиолын жишээн дээр УБ.,1998/ ганц сэдэвт бүтээл туурвиж хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан. Ү. Хүрэлбаатар нь монголын рок поп, түүгээр ч барахгүй нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай томоохон яруу найрагч юм. Түүний шүлгээр бүтсэн 500 гаруй дууг монголын ард түмэн чихэндээ ээмэг мэт зүүж, амандаа чихэр мэт хүлхсээр л байна. 2012 онд Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан. Ү.Хүрэлбаатар нь хэвлэл мэдээлэл, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиол зэрэг олон салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж олонд танигдан хүндлэгдсэн эрч хүч, идэвх санаачлагатай монголын тэргүүний сэхээтний нэг юм. Тэрбээр монголын сэтгүүл зүй, соёл урлаг, утга зохиол, боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулсан сэтгүүлч, зохиолч, эрдэмтэн юм. Эдүгээ монгол дуу бүтээгчдийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийн гүйцэтгэх захирлаар үр бүтээлтэй ажиллаж байна. Ялангуяа Олон улсын зохиогчдын эрхийн хамтын удирдлагын байгууллагуудын холбоо /CISAC/-ны гишүүн болж олон улсын хүрээнд монголын дуу хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах талаар томоохон алхам хийсэн нь монголын уран бүтээлчдийн бүтээлийг хамгаалах гол найдвар болж байна.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Модон сахалт

Хэрэв хэн нэгэн уншигч надаас яг одоо ямар ном унших талаар саналыг минь сонирхвол ямар ч эргэлзээгүйгээр Н.Бадамжавын “Модон сахалт” романыг нэрлэнэ. Учир нь тэр бол манант домог, тайгат омог, зэрэгцээ ертөнцийн жим жамын тухай юм. Тэнд он цаг, орон зай, оршихуйн хэв маяг ач холбогдолгүй. Үл олдох эрт балар цагийн умард зүгтийн явдал шиг атлаа орчин үеийн үйл явдал өрнөнө. Цагаан хот, бослого тэмцэл, төмөр замын сүйрэл их тайгын нууцтай сүлэлдэж нутгийн уугуул хэсүачу нартай хэлхэлдээд явчихна. Тэгснээ модон сахалтын шатрын хөлөг дээр болсон, болж буй, болох үйл явдал зурхай мэт зууралдана.

Хамгийн сонирхолтой нь энэ бүхнийг жирмэн сүлжээ мэт сүлжээд л, зэрэгцүүлж эсрэгцүүлээд л холион бантан болгосонгүй. Учир нь их тайгын Цагаан хотод өрнөж буй одоо цагийн үйл явдлыг л дөрвөн улирлаар дэслэн хүүрнэсэн мэт санагдахаар бичлэгтэй юм. Үүнийг тод томруун бичсэн. Харин зэрэгцээ ертөнцийн хэрэг явдал зэрэглээ мэт нууцлагдмал. Зохиолч түүнээ ихэд далдлаж үе үе чимх чимхээр сэм сэмхэн шидэлж, уншигч таныг өөрөө тэр дундаас Хар хязгаарыг хэрхэн нээн олохыг тохуурхан харах мэт даажигнана. Энэ нь цаг хугацааны аялалд үл мэдэгдэх газар орон тийш тэмүүлэх ад адын хүсэл тийш уншигчийг соронзодно.

Зохиолд “Бүх зүйл уялдаа холбоотой, нарийн утга учраар нэхээстэй аж. Модон сахалт, Маяа бас энэ хэсүачу нар нэг л зүйлийн хоёр талыг ярьж байх юм. Ойлгох тусмаа ойлгомжгүй болж, ойлгохыг эс хүсвэл тун энгийн ойлгомжтой болох юм” гэх үг буй агаад олон ертөнц зэрэгцэн оршоод, нэг нэгэндээ нөлөөлж, басхүү хоорондоо дэндүү хамааралтайгаар оршихуйн тухай өгүүлнэ.

Ер нь Н.Бадамжав зохиолдоо ахуйг ширхэгчлэн зурж бичдэг, агуулгыг чигжиж нууж далдлаж чаддаг барилтай өвөрмөц зохиолч юм. Тиймээс түүний зохиолыг уншихад тов тодорхой атлаа нууцлаг ертөнц угтаж буй нь энэ. Түүний бэлгэдэл зүйн үндэс нь сарны хэзээ ч бие биеэ хараагүй атлаа нэгдмэл туулай, үнэгийн дүрс. Сарны туулайг наад тал ил тод, харин үнэгт цаад тал хэзээ ч үл үзэгдэнэ. Зохиогч номынхоо гадар хавтас дээр “Сарны нөгөө талын хар үнэгний ертөнцөд хэн бүхний халширч эмээдэг Хар хязгаар гэж нэрлэгдсэн нутаг бий” гэж бичсэн нь бүр ч сонирхол татна. “Модон сахалт”-ыг уншаад сарны нөгөө үнэгт талыг олж үзэхэд бэрх. Уг нь түүнийг л ухаж мэдэх гэж энэ романы үйл явдлыг уншигч мөшгин хөөцөлдөх буй за.

Романы гол баатар нь Асур боловч түүний оюун санааны удирдагч нь Модон сахалт. Үнэндээ зохиолын амин сүнсийг тодорхойлогч гол баатар нь тэр. Тиймээс зохиолч романаа “Модон сахалт” гэж нэрлэсэн нь гарцаагүй. Модон сахалт бол зэрэгцээ хоёр ертөнцийг холбогч оюун санааны домог төдийгүй сарны үл үзэгдэгч цаад Хар хязгаарын төлөөлөл, галт үнэг бол сарны хар талын бэлгэдэл, сахалтын шатрын хөлөг бол энэ дэлхийг удирдагч тайз зэргээр уран сайхны задаргаа хийж үзэхэд нэн сонин өгүүлэмжит бэлгэдэл зүйн туурвил болохоор надад сонирхолтой санагдлаа. Бас “Ү.Хүрэлбаатар ах, эрхлэгч, гүн хүндэтгэлт эрхэм бээр таньдаа “Модон сахалт”-аа өргөн барив. Хужрыг тунгаан, үгийн дэнслэн, утгад нэвтэрнэ үү. Н.Бадамжав. 2021.09.24” хэмээн гарын үсгээ зурж дурсгасныг мартахгүй. Үг дэнслэн, утгад нэвтрэх морьтой болоод завтай цаг ирэх байлгүй.

Уншихад энгийн атлаа ухаж ойлгоход амаргүй нэг тийм даажигнасан, ил далдын ид шидийг илбэдсэн уншууртай, мөлжүүртэй, сонирхолтой зохиол байдаг даа. Түүний нэг нь Н.Бадамжавын “Модон сахалт” /2021/ роман гэж хэлмээр байна. Үнэндээ энэ роман хүмүүн төрөлхтөн эх байгалийн амьд оршихуйн амь шүтэлцээний тухай зохиол юм. Хар тосны олборлолтоос саарал тэнгис ширгэж их тайга сүйрч байна. Байгаль эх зэрэгцээ ертөнц биднийг шатрын хөлөг шиг тольдон харж буй ажээ.

Ү.ХҮРЭЛБААТАР

2021.12.07 19 цаг 44 минут.

Ш.Дулмаагийн дууны яруу найргийн туурвил зүйн онцлог
Ш.Дулмаагийн дууны яруу найргийн туурвил зүйн онцлог
 
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.