Тэр тааралдах болгондоо “Найз, сайн уу” гэх. Нэг л дотно оргиод явчихна. Мэндийн хоёрхон үгээр сэтгэлийн хөшгийг цэлийтэл нээж дотносол үүсгэх нь харьцааны соёлын ур ухаан юм даа. Хүн бүхэнд өглөөний нар шиг гэгээн сайхныг түгээгч энэ эрхэм бол Нацагийн Жанцанноров.
Тэрбээр та бүхэнтэй “Миний л харгуй” номоороо “Найз, сайн уу” хэмээн мэндэлж байна. Энэ зүгээр ч нэг өглөөний мэнд төдий бус, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолны мялаалгын ерөөлийн цацал юм. Тэр энэ өдөр өөрийнхөө тухай бидний мэдэх, эс мэдэх бүхнийг ярьж сэтгэлээ юүлэхийг хүсчээ. Тэр энэ өдөр эцэг эхээ удам судраа дээдлэн залбирч намтарынхаа нандин чухлыг ярихыг хүсчээ. Тэр энэ өдөр өөрийн туулж ирсэн амьдралынхаа тулах багана, туг хийморь, туурвиж бүтээсэн тулхтай бүхнээс дээжлэхийг хүсчээ. Энэ бол зүгээр л нэг сайхан хийморьлог эрийн сэтгэлийн дотносол.
Нацагийн Жанцанноровт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн Ерөнхийлөгчийн зарлиг оюуны соёлт ертөнцөд талархлын ер бусын долгис үүсгэсэн. Тэр шидэт долгисын хүрээ монгол, монгол туургатнаас хальж дэлхийн улс орны хаана хэрхэн хүрсэнийг таашгүй. Юутай ч цахим ертөнцийг доргиож цахилгаан мэт тархсан гайхам сайхан мэдээллийн нэг нь тэр байсан. Энэ бол бахархал.
Н.Жанцанноров монгол төрийн өндөр дээд цолыг олонтой хүртэж байсан боловч баатар бол баатар. Энэ бол онцгой үнэлэмж, үзэгдэл, үе цагийн хүндэтгэл. Тиймээс тэр өөрийн эрхгүй өөрийнхөө тухай дуугарч байна. Урд өмнө тэр энэ сэдвээр тэр бүр ярьж байсангүй. Ярья л гэж ярьж байгаа хэрэг, энэ нь ч аргаггүй. Ийм гайхамшигтай цаг мөчид өөр яах юм, халгин асгарч буй сэтгэлээ уудлахаас өөр яах юм.
Амьдрал сайхан. Гэгээн тэр сайхныг хүн бүхэн барилга барих мэт өөр өөрийн хувь тавилангаар бүтээн туурвидаг юм. Өөрийн гэхээсээ илүү бусдын төлөө, улс нийгэм, хүн ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсний ерөөл эргэн хурж байна. Энд л амьдралын гоо сайхны мөн чанар оршино. Чухам энэ ном тэр тухай өгүүлнэ.
Төрийн сайд болчихоод араг үүрч аргал түүгээд ижий рүүгээ яаран явж буй хөдөөх бор хүү монголын соёл урлагийн түүчээ болж хичнээн буянт зүйлс бүтээснийг бид энэ номноос эргэн санах болно. Бидний мэдэхээс илүү мэдэхгүй зүйлс энд их гарна. Эдүгээ төрийн бодлого болчихсон, түмэн олонд ижил дасал болж хэвшчихсэн хичнээн гайхамшигтай ажил үйлсийн эх үүсвэр нь, санаж санаачлагч нь, бүр хийж хэрэгжүүлэгч нь энэ хүн гэж бодохоор баатар болсны утга учир сэтгэлд дурайгаад л ирнэ.
Хүнийг өөрөөс нь илүү мэднэ гэж юу байхав. Тиймээс өөрийнх нь чин сэтгэлийн үг, дурсамж дуртгал үнэ цэнтэй. Тэр дурсамжаа оршил маягтай л дурдах шахуу гүймэгхэн бичсэн. Тэр бүхний цаана боть боть задаргаа байгаа. Хувь хүний намтар гэхээсээ улс орны хөгжлийн түвшин, царааг илтгэх баримтууд байгаа. Тиймээс энэхүү ном Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровын нууц товчооны зөвхөн оршил хэсэг юм. Тэрбээр нийгмийн оюун сэтгэлгээний нэгэн оргил цэг, дотоод шаталтын хөдөлгүүр, соёл сэтгэлгээний тусгалт толь, хэрэгжүүлэгч агентлаг юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Нацагийн Жанцанноров “Миний л харгуй” номоороо эрхэм танд “Найз, сайн уу” хэмээн мэндчилж байна.
Редактор Ү. Хүрэлбаатар
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!