Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, авьяаслаг зохиолч Н.Бадамжавын "Эрчүүд ба бүсгүй" /2021/ ном шинээр хэвлэгдэн гарлаа. Ном уншигч хоёр бие биенээ эрж хайх тохиол бишгүй тул заримдаа хөтөч хэрэг болно. Энэ бичил бичвэрийг зөвхөн танд зориулав.
Номын хуудас нээхэд оршил маягийн юм огт үгүй, харин "Захидал" хэмээх бяцхан өгүүллэг бүлтэлзэн тосно. "Захидал"-ын ухааны урыг сонирхов. Учир нь өгүүллэгийн "гол баатар" нь захидал. "Намайг битгий хүлээгээрэй. Чи өөрийгөө бод. Би нөгөө чиний хүүхэнтэй явлаа" гэсэн ээжид нь бичсэн аавын нь захидал зүүдэнд үзэгдэнэ. Байдалд орсон Жаалхүү ижийдээ ганц ч үг цухуйлгасангүй. Аавыгаа хэзээ ирэхийг тандаж асуувал "орой галт тэргээр ирнэ" гэх авч энэ нь бүтэн жил шиг санагдана.
Жаалхүү гэрээс гарч ид шидийн яриагаа хөршийн охинд дэлгэхдээ "Манай аав өнөөдөр орой ирнэ" гэнэ. Охин "Уурхайчид орой ирэхийг суурингийнхан бүгд мэднэ" гэхэд "Тэгвэл аав чинь ирэхгүй.Тэр бурхан надад хэлсэн" гэж байна. Мөнөөх захидлын агуулга яваад байгааг харж байна уу. Охин цочирдоно. Орой нь галт тэргээр Жаалхүүгийн аав ирсэн боловч охины аав ирсэнгүй.
Зүүдэнд үзэгдсэн шоо дөрвөлжин хүрэмтэй шууданч эр охины ээжид захидал өгөхөд хөрш эзэгтэй өвдөг бохирон унана. Охин эхийгээ гэзгийг илэн "Аав үнэхээр ирэхгүй гэж үү" гэж асуухад Жаалхүү энэ бүхэн дахиад зүүд байгаасай гэж тэсэлгүй хүснэ". Энэ жижигхэн өгүүллэгийн үйл явдал ердөө л энэ. Зүүдэн захидлын зөн совин бодит байдалд зөрж бууж байгаа нь хүртэл нэгийг өгүүлнэ. Үүнийг л уран чадвар гэдэг юм даа.
Н.Бадамжав хувь хүний хувьд дэндүү даруу, уран бүтээлчийн хувьд дэндүү омголон, сэдвийн хувьд дэндүү өвөрмөц зохиолч. Түүн шиг хөвчийн их тайгыг өөрийг нь өвөрмөц дүр болгон бүтээж, шинээр нээж монголын уран зохиолын сан хөмрөгийг энэ сэдвээр ингэж баяжуулсан зохиолч байхгүй. Түүний нэг зохиолын гол баатар "Энэ тайгад юу байгааг бүгдийг нь би мэднэ" гэх нь зохиогч өөрөө мөн байх.
"Захидал" өгүүллэгийн уурхайн сууринд ирж буй галт тэрэг энэ номын утгын хөтөч, оньсогот ертөнцийн ид шидэт нэгэн дүр юм. Тэр дүр тайгын зах дахь энгийн нэгэн сууринг тайгын гүнд, оросын хилд, монголын тал нутаг тийш чангаахдаа тайгыг улам бүр нууцлах шиг санагдана. "Төмөр зам гэдэг цусаар бичигдсэн хууль журамтай", "Могойтын зөрлөгийг чиглэн довтолгох Сугарт он цагийн хувьд падлий ч байхгүй", "Төрөлх зөрлөг нь цаг хугацааг зогсоочихсон мэт хув хуучнаараа" зэрэг нь амьдралын сүүлчийн өртөө мэт эмзэглэл төрүүлнэ.
Хойт төмөр замын оросуудын Их тайгын дундуур хярлан татаж дуусгалгүй орхиод аль хэдийн талийн одсон төмөр зам "Эрчүүд ба бүсгүй" туужийн нэвтрэн гарах улаан шугам болж байна. Хамгийн сонирхолтой нь энэ ном 10 өгүүллэг, нэг туужаас бүрдэх авч үнэндээ өвөр хоорондоо холилдон сүлэлдсэн эссэ роман гэж хэлж болно.
"Эрчүүд ба бүсгүй" /2021/ номыг гүймэгхэн уншихад надад ийм сэтгэгдэл төрөв. Хэрэв таньд ийм мэдрэмж төрвөл миний сэтгэл ханана. Ном өөрөө утгын хөтөч, сэдвийн сэдэв учраас Таныг хичээнгүйлэн уншихыг хүснэ.
Ийнхүү "Эрхэм Ү.Хүрэлбаатар танд ханийнхаа номыг өргөвэй. Ч.Дагмидмаа. 2021.10.18" гэсэн "Эрчүүд ба бүсгүй" ном "Гарын үсэгтэй ном"-ын хөмрөгт минь нэмэгдэв.
Ү.ХҮРЭЛБААТАР
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!