Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсан тэнгэртээ морилж багагүй хугацааг өнгөөрөөжээ.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул бөгөөд түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болсон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм. Мөн шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн болсон билээ.
Ингээд та бүхэнд эрхэм найрагчийн ихэд түгсэн шүлгүүдийг хуваалцаж байна.
БИ ТАЛЫН БҮРГЭД
Би талын бүргэд
Гэхдээ, амсхийж суугаа талын бүргэд
Нисэн алдлах цаг минь
Нэг их удахгүй ээ
Жигүүр цуцсандаа биш юм
Жирийн шувуудыг ажсандаа
Тэнгэрийн уужмыг би мэднэ
Нисэх жигүүртэйдээ тэр
Талын уудмыг ч би мэднэ
Буух нутагтайдаа тэр
Би талын бүргэд
Хурмаст тэнгэр, огторгуйг ч мэднэ
Хуурамч орчлонгийн огт оргүйг ч мэднэ
Хутга шиг хувь тавилан, тэнгэрийн цаазыг ч мэднэ
Хулгана зурамны биш ээ, үнэг чононы тавиланг л өрөвдөнө
Би талын бүргэд
Талын бүргэд би
Үүлгүй тэнгэрийн нарны гэрлийг асгаж ниснэ
Үйлийн сэвгүй уужмын салхийг алгадаж ниснэ
Талын бүргэд би
Талынхаа овоон дээр
Амсхийж сууна
Мөдхөн ниснээ
Одоо оргил өндрийн цахирласан салхийг
Огтчиж ниснэ
Би талын бүргэд.
2009.10.01
*** *** ****
ДАВТАГДАХГҮЙ
Үнсэлт минь хэзээ ч давтагдахгүй
Үргэлжийн шинээр байх болно
Үүлэн нүүх, сүүдэр нь бас нүүх орчлонд
Үлдэх юм үнсэлтээс эхлээд олон байна
Амьдрал минь хэзээ ч давтагдахгүй
Амраг хайр хуучрахгүй байх болно
Асгарсан сарны гэрэл залгилах орчлонд
Аргадах хүн чамаас өөр алга байна
Тэврэлт минь хэзээ ч давтагдахгүй
Тэнгэрийн салхи шиг дураараа байх болно
Тэнгис далай, бас хуурамч зэрэглээтэй орчлонд
Тэмдгэрэх үүрийн туяа, жаргах нарыг харсаар байх болно
Зүүд минь хэзээ ч давтагдахгүй
Зөн совин минь төөрөхгүй байх болно
Зүрх сэтгэлийнхээ аясыг дагах хорвоод
Зүүрмэг, үүрмэг юм шиг байхгүйг бодно
Харц чинь хэзээ ч давтагдахгүй
Хайрыг би иймээр мэдэрсээр байх болно
Халгаж мэдэх будилаант буурал хорвоод
Хамгийн шинэ бүхнийг чамаас амталсаар байх болио
Гарын чинь атгалт хэзээ ч давтагдахгүй
Гайхамшигт тийм агшныг амталсаар байх болно
Гал гарч, ус үерлэх үймээнт хорвоод
Ганцхан хувь жаргалыг хүртсээр байх болно
Сэтгэл чинь хэзээ ч хувирахгүй, өөр хүнд давтагдахгүй
Сэмрэх юм биш гэдгийг мэдсээр байх болно
Сиймхий юм шиг хаяа цоорхой орчлонд
Сэргэж ч, гуниж ч яваагаа ор тас мартсаар байх болно.
2007.09.22
*** *** ****
Голын тохойд
Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө
Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов
Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү
Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов
Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа
*** *** ****
Хар нүдэн
1.
Хармаар бүсгүй
Хар нүдэн гэлцэх юм
Хайрлаад хөл алдсан нь
Олон гэлцэх юм
Харанхуй шөнө гэрэл гармаар
Хар нүдтэй нэг юм
Гэрэлтэй өдөр нүдэнд нь төөрмөөр
Хар нүдтэй гэх юм
Орчлон дээр хар нүдтэй хүүхэн
Олон л биз ээ
Оньсого таавар шиг нэг бүсгүй л
Олны дунд хэлцэгдэх юм
Дэндүү хар нүднээс
Ямар нулимс гардаг юм бэ гэж
Дэргэдээ чамайг суулгаад би
Уйлуулж үзмээр санагдах юм
Хар нүдэн минь
Харж амжаагүй л яваа
Харын хар нүдэн минь!
2.
Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр
Урт намрын сүүлчийн ганц навч шиг бодол
Уймраа дуутай шувуу болж цээжин дотор дэвнэ
Уулсын өргөн бэлийг ороож урссан голоос
Уран бидэр шигшрэх нь ээмэгний чинь чимээ шиг
Чамин навчтай модыг эр салхин оролдох нь
Чамайг хүсэн санаашрах миний зүггүй ааш шиг
Инээд чинь сувдрах танхил цагаан сарны доор
Илүү жаргал гэж байдаг бол чамаас л гуймаар даа
Найман сарын хөх бороонд чамтай хамт норж
Намирсан гэзэгний чинь усыг энгэр дээрээ сэгсрэхсэн дээ
Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр.
3.
Санаан дотроос гардаггүй
Сайхан хар нүд гэж байх юм
Цэцгэн дээр суусан эрвээхий шиг түүнийг
Цээжин дотроо би үнсэж л явах юм
Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн
Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм
Зүүдэлж дандаа жаргая гэтэл
Зүрхэн дээр гэргийн гар байх юм
Аялсан дууны үзүүр
Судгийн ногоо ганхуулах
Амраг чамд л очсон
Янзага ялгарсан орой
Арван тавны сарыг
Ханын толгойноос өлгөөд
Алганыхаа л үнэрийг
Гар гартаа шингээснээс
Гэнэн аалийг би
Хацраас чинь үргээж
Гэргий танхил одыг
Чамд зүсэлсэн ч биш дээ
Санаан дотроос гардаггүй
Сайхан хар нүд гэж байх юм
Цэцгэн дээр суусан эрвээхий шиг түүнийг
Цээжин дотроо би үнсэж л явах юм
Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн
Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм
Зүүдэлж дандаа жаргая гэтэл
*** *** ****
Миний зурсан хорвоо
Бүжин хярсан бут цагын эрхээр өргөс ороод
Бүлээхэн бороо ороод намиравч солонго хөдлөөд намар болно
Бүүр түүр бодлын холд цаг хугацаа өндөглөж
Бүдэг гэрлийн нөмрөг дор шөнийн шувууд амраглаад сүрэг болно
Саруул тал тэнгэрийн хаяанаас эх авсан
Салхины чимээ нуурын толионоо чимэг болно
Санаа сэтгэл дэнсэлж амраг чамайгаа санаад
Сарыг алгандаа бөмбөрүүлэн залгихад гэгээ болно
Үзэсгэлэнгийн хорвоо аниргүйхэн эргэж одод түгээд
Үүлсийн чөлөөгөөр сар дэгдэн тоглоод туулай болно
Үлгэр зүүдэнд итгэх танхил хүү минь ухаажиж
Үрдээ зовох эцгийн шаналанг мэдэрч өсөөд хүн болно
Насны мөнгөн зөргөөр танихгүй аялгуу урсаж
Нарны мөнгөн утас алтан хяргана игүүслээд зураг болно
Намаржаа дэнж дээр аавын буурь аглагшиж
Намайг он жил салхины бийрээр зураад хөрөг болно
Зүүдний хорвоод хацрын чинь туяа гэрэлтэх агшинд
Зүүсгэл болгон одод хэлхэж өгөхөд сондор болно
Зүрх сэтгэл минь зөөлнөөр гэрэл төв орж
Зүүн хойноос салхи намираад надад ирэх нь алчуур болно
Харгуйн үзүүрт цэцэг сүлжиж хүлээсэн тунимхай нүдийг
Хацартаа нааж хоноход маргааш нь жаргалтай болно
Хаана хэзээ хайрлаж
Харамлан нууж одсон зовлонтойн домог болно
Оломгүй далайн гүн ёроолд чулуу хөдөлж
Огторгуйд шинэ эрхэс тодроход бүсгүй хүн ижий болно
Олон хээр адуу цочин үүрсэж гүү унагалаад
Одод шуухитсан үүрийн шаргал тал амаржсан эх болно
Аян замын хорвоод мөр сүлжих тавилан
Асга хадан дунд янгирын ишиг төрөөд эх болно
Асар тэнгэрийн цээлд бүргэдийн дэгдээхэй өсч
Сүрлэг байцын хясаан дээр
Аадар хур цас салхи нь ч
Амьд явхад эргэн тойрон сэтгэл хөдлөх увьдастай
Сүүдэр гэрлээр миний зурсан хорвоо дууль болно
*** *** ****
Ижийтэй хүн үхдэггүй
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно
Талын хялгана сэргэж зун болохоо больж үзэгдэнэ
Тавилангийн цэцэг шивээлэн орчлон гандаж санагдана
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг
Үр нь амьд байхад эх хүн жаргадаг
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно......ээжийгээ үргэлж хайрлаж яваарай ....!
*** *** ****
Зам
Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Үйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэй
Уулзахын баярт эгцэрч яараад
Хагацлын гунигт донсолсон донхолтой
Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн
Униарт мушгиа хавцал дээр
Ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам
Хажуу бургасанд гөрөөс янзагалж
Асга хаднаас янгир хальсан энэ замд
Хаврын толгод дунд ингэ гунганаж
Зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд
Тал санаашрал намрын тэнгэр уйлагнаж
Тогоруу буцсан энэ замд
Тавилан заяаны харгуй дагаж
Ноход хуцсан энэ замд
Салаа гэзэгтэй охин амраг болон учирч
Үрийн баяр хотолж хамт алхая
Салхины буруу зүүдэнд аавыгаа алдаж
Нулимас хамт асгав
Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч
Сүү татуулан гэрэлтэх тодын тод зам