Балжирын Догмид

Балжирын Догмид

АУЗ, Балжирын Догмид. Богино өгүүллэгийн мастер.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгэлийн жолоо

Одод жирвэгэнсэн шөнийн тэнгэрт тэргэлтэх дүгрэг сарны туяа хатан Туулын тунгалаг уснаа туналзан асгарч, гоо үзэсгэлэнт байгаль дэлхийн дахин үл давтагдах нэгэн гайхамшиг нүднээ илтэд гайхуулна.

Баринтаг тайлан үерлэсэн их голын догшин урсгал тайвширав уу гэлтэй намжуухан мэлтэгнэж, хаа нэг цүлхийн үсрэх загас жараахайнаас өөр чимээ анир үгүй мэт санагдана.

Голын тохойд толгой зөрүүлэн духайх, ижил зүсмийн хоёр морины нанжин гахай гөлөмтэй эмээлийн мөнгөн баавар дээр туссан сарны гэрэл, амгай химлэн толгой хаях тоолон гялалзан харагдана.

Хүрээ даяар алдар суу нь түгсэн ганган Дулам авхай дэргэдээ суусан гоолиг эрийн өргөн мөрийг эрхлэнгүй налж

"Суудаг байшинг минь

Сураглаад асуувал даа хө ай

Цуварсан гурван байшингийн

Дунд талын шилэн байшин хө ай

Хэен хуар хэзээнээсээ мөн...гэж намжир хаян дуулаад савхан цагаан хуруутай гараар мөнөөхөн эрийн бахим хурууг зөөлөн илбэн эрхлэв.

Төө илүү цагаан соруултай гаансанд дүнсэн тамхи нэрж, нялуун үнэртэй утааг ялимгүй монхордуухан хамрынхаа угалзыг дэрвэс хийтэл баагиулан гаргаж, уртаар шүүрс алдав.

-Та дуулаач дээ. Аль эсвэл намайг голоод байгаа юм уу. Цэвээн тэргүүний найран дээр лимбэний эгшиг шиг цээл хоолойгоор дуулаад суухад чинь хүрээний хэдэн хүүхэн нулимстай нүдээр тормолзон суусандаг гэж гоморхонгуй хэлээд зөөлөн санаа алдав.

-Унасан чиг морийг минь

Ажиглаад харвал даа хө ай

Усан чиг тэлмэн жороо

Ухаа хонгор морь шүү дээ хө ай

Хэен хуар хэзээнээсээ мөн үү хө гэж баргил цээл хоолойгоор хажуудаа эрхлэх туяхан цагаан бүсгүйн ая данд тааруулан аялаад мөрөөр нь зөөлөн тэвэрч өргөн магнайтай дүгнэгэр духыг нь үнэрлэв.

-Та минь ийм л сайхан хоолойтой, ардын дууны Юндэн болохоор бүрэг доройхон бүсгүй заяа мэлмэрч л тааралгүй дээ гээд нулимсаа арчив.

Үдшийн бүрийгээр хань татан нууцхан болзоонд гэгэлзэн суугаа амраг хосын салж хагацаж үл чадам сэтгэлийн хайлан, цэцэг нялхарсан зуны шөнийн уянга гэлтэй хорвоо улам л намбархан налайна.

-Хоёулаа мордоё доо хө. Ноёнтой өширхвөл толгойгүй, нохойтой өсөрхвөл хормойгүй гэгчээр идэр залуухан ноёны сүйт бүсгүйг дагуулан, хүний нүднээс далд дуулж суугааг олон хэлийн салхи хөөмийлөөд эхэлвэл яанам билээ гэж хэлээд хоргодонгуй тормолзох танхил бүсгүйг хөтлөн морьдынхоо зүг алхав.

-Маргааш та минь эртхэн мордох уу. Нар шарахаас өмнө газрын цээжинд гарчихвал амардаа гэж хэлээд гунигтайхан хар нүдээр тормос тормос ширтэн буйг залуу эр зөнгөөрөө мэдэрч, жийжүү дөрөө харшуулан налж, дэгжин бүсгүйн туяхан бэлхүүсээр тэврээд, сэрүүн сэвшээ салхинд үл мэдэг жиндсэн хацар, сувдан ээмэгтэй жижигхэн чихнийх нь омгийг үнэрлэн таашааж, шунаглан үнсэв.

-Гандан уулын цэцэгсийг гандлаа гээд яахав дээ. Гангийн халуун наранд халууцлаа гээд яахав дээ гэж шүлэглэн хэлээд аялгуулан исгэрэв.

-Та миний могойг өвөртлөөд явах уу. Цээж сэрүүсээд мөн чиг сайхан шүү. Аав минь Шанхай хотоос авчирч өгсөн билээ.

Жин үдийн халуунд хүйтэн булгийн усанд булхах шиг л болдог юм гэхэд урт хорхойноос цэрвэдэг хархүү бие зайлан холдоод

-Ямар могой гэж чанга асуув.

-Миний барын нүдэн могой. Шүрэн могойгоор хэвлийгээ ороолгон унтахаар ямар ч халуунд үл халууцана. Хүйтэн цустай могойг өвөртлөөд унтахаар сайхан шүү гээд хонхны хэл шиг жингэнүүлэн инээв.

Манжийн амбанд хүргэн орсон эфү ноёны ганц охин ганган Дуламыг сонжингуй харсан эр өөрөөс нь жийрхээд буйг анзаарсан бүсгүй

-Ижий минь Чин гүрний манж хаанаас төрсөн , луугийн гүнж байсан чиг алтан ургийн монгол ноёны тэвэрт эрхэлсээр сэтгэл зүрхээрээ монгол бүсгүй байсан билээ. Ижийгээсээ өнчирч үлдсэн намайг л эрхлүүлэн хаа холын Шанхай хотоос барын нүдэн ногоон могой, шүр эрдэнийн улаан могой, номин цэнхэр хөх могой авчирч өгсөн билээ гээд өөрөөс нь хөндийхөн яваа царайлаг эрд тунирхангуй хэлж байлаа.

-Уудаг л усыг минь

Сураглаад асуувал даа хө ай

Урд талын гурван худагны

Дунд талын алтан худаг аа хө ай

Хэен хуар хэзээнээсээ мөн гэж гунхалзан аялаад

-Та минь салаа хархан гэзэгнийхээ уртаар, эмзэг турьхан ухаанаа ороосон богино жолоот бүсгүй хүний сэтгэлийн чагтагыг өөрийн дураар хөглөчихөөд одоо яагаад жигшээд байна вэ гэж санаашран бодож явлаа.

Дөрөө давиран, суудал засах төдийд суялзан сайварлах ижилхэн зүсмийн хонгор морьдын явдалд бүүвэйлэгдэн явсаар их хүрээний өргөн чөлөөгөөр орж дэгжин бүсгүйн суудаг хашааны ойрхон ирж жолоо татав.

Өндөр хашааны сүүдэр даган гүйсээр том дааман хаалганы үүдэнд ирээд гар даллан эргэж харахад сүүн цагаан сарны гэрэлд хээнцэр бүсгүйн сувдан даруулга гялсхийн харагдав.

Амьд могой эрхлүүлэн тэвэрч нойрсдог лусын гоёлтой бүсгүй минь амар сайхан жаргадаа.

Урт хорхой гэрт айлчилахад сүү амсуулан үддэг монгол эрийн заншил үл таарахын учир омголон зангаа тушиж, сэтгэлийн чагтагаа эвхэе дээ би.

Үүрийн цолмонтой ижилсэм хээнцэр дэгжин бүсгүй минь хэл чимээгүй сураг алдрах амар хэнэггүй монгол араншинд их л гомдож сэтгэл нь шаналах буй за хэмээн гунигтайхан бодоод жолоо эргүүлэв.

Сар тунгалагших шөнийн тэнгэрт одод мэлмэрч байлаа.

МУСГЗ Арлааны Эрдэнэ-Очир агсаны Шүлгүүдээс
 
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.