Бичиг соёлын хүрээнийхэн, яруу найрагчид түүнийг “Зөөлөн дуут” гэж энхрийлсэн маягаар дууддаг. Монголын яруу найрагч түүнтэй адил нэртэй амьдай нар олон байдгаас чингэсэн хэрэг биз. Цасан бударсан саяхны үдэш яруу найрагч Бямбажавын Энхтуяагийнд зочлон хөөрөлдөв. МЗЭ-ийн шагналт эрхэмсэг энэ найрагч МУИС-ийг сэтгүүлчийн мэргэжлээр дүүргэснээс хойш “Утга зохиол, урлаг” сонинд редактор, Монголын радиогийн Хөдөө аж ахуйн “Малчин” нэвтрүүлгийн сурвалжлагч, Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Гоо марал” сэтгүүл, “Монголжингоо” сонины ерөнхий эрхлэгч, МУИС-ийн сэтгүүлзүйн тэнхимд ур чадварын багш, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагчаар ажиллажээ. Тэрээр хорин долоохон насандаа 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдон “Үндсэн хууль” батлалцаж явсан Дэлхийн оюуны өмчийн академиас “Гавьяат яруу найрагч” цол хүртсэн авьяас төгөлдөр нэгэн юм. Түүний “Зөөлөн бороо”, “Он цагийн бороо”, Зөөлөн билүү”, “Мөнгөн ордны туулай”, “Зуны дунд сарын Улаанбаатар”, “Охин үрээ хайрла”, “Төрийн охин үр” зэрэг яруу найраг, сэтгүүлзүйн түүврүүдийг уншигчид сайтар мэддэг билээ.
-Сайхан өвөлжөөд байна уу, та?
-Өнөөдөр цас орж байна. Эгчийнх нь сэтгэл гэгэлзээд ийм нэг шүлэг бичээд сууж байна. “Ингэн туйлаадас шиг цасан хялмаалж
Эхнэр чинь цонхны манаач шиг ширтэж зогсоно
Хөвөн зөөлөн цасан ширхэг намтарт үлджээ
Хөрст орчлон танихгүй хүн шиг болжээ
Буурал болсон чиний эхнэр
Булшны чинь дэргэд уйтгартай сууна
Үлгэр зүүдний хорвоод үхэл байдаггүй юм байна
Үргэлж чамтайгаа хамт өнгөт орчлонг үүрч явна аа” гээд бурхан болооч багшид тань зориулж шүлгээ бичээд байж байна.
-Монголын нэрт түвдэч эрдэмтэн, таны хань Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багш минь хорвоогоос мөн ч ануухан буцаж дээ?
-Дөнгөж жаран тавхан насалсан юм шүү дээ, хань минь. Ханиа алдчихаад би бүтэн гурван жил дэрээ нэвтэртэл уйлсан. Хаанаасаа ч тийм их нулимс гардаг юм. Хоёр нүднээс дөчийн бидон дүүрэн нулимс цувсан байх аа. Хүний ухархайд тийм их ус багтдаг гэхэд мөн ч хачин шүү. Хүүхэд байхад хөвөн зөөлөн цас будардаг байж. “Хөвөн зөөлөн цасан ширхэг” гэсэн үгтэй дуу хүртэл байдаг сан. Одоо ч ингэн туйлаадас шиг л цас ордог болж дээ. Тэнгэр хүртэл өөр болж. Цаг төр ч өөрчлөгдөж.
-Та ханийнхаа тухай сайхан дурсамж сөхөөч?
-Хүрлээгийнхээ тухай өчнөөн сайхан дурсамж яриад ч барагдахгүй. Миний хань доктор, профессор, түвдэч эрдэмтэн, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Хүрэлбаатар Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Түвд судлалын тасгийн эрхлэгчээр олон жил ажиллахдаа “Огторгуйн цагаан гарди”-аас эхлээд “Дорно цаст” хүртэл олон арван ном бичгийн их хүмүүн байлаа. Хорин долоон жил жаргал зовлонгоо хуваалцсан сайхан ханиа алдчихаад байхдаа хэвлүүлээгүй шүлэг зохиол, нооргоо үзээд сууж байтал дундаас нь битүүлж наасан ямар ч нэр хаяггүй бор дугтуй гарч ирсэн. Юун захидал билээ гэж гайхан задалтал багшийн чинь надад зориулсан шүлгүүдийн гар бичмэл байсан. Наддаа үлдээсэн гэрээслэл ч гэмээр юм уу.
-Ямар шүлгүүд байв?
-Эгч нь уншиж өгөхөд хэцүүхэн л байна. (Тэрээр нулимсаа залгин байж ханийнхаа шүлгүүдээс уншив. сур)
“Цэн цэнгийн гүйдэлтэй
Цэцэн салхин сэвэлзэнэ үү
Чинийх ч биш, минийх ч биш
Цээжний хорвоо зовооно уу
Үзгээр зурдаг нь цаас юм
Үгээр зурдаг нь зовлон юм” гэсэн дөрвөн бадаг шүлэг байна.
“Магнагт орчлон чамаас
Мяндасны өөдөс гуйхгүй
Алиа орчлон чамаас
Арга зусар гуйхгүй
Танхай энэ ертөнцөд
Таних хүнгүй нь яалтай
Таалсан түүнээ өрөвдөөд
Тав арав хоноё” хэмээсэн олон шүлэг нь одоо энэ гар бичмэлээрээ байна даа. Отгон хүү Арвистаа
“Хээр цагаан гүүнээс
Мөнгөн унага төрлөө дөө
Хэвэл ариун биеэс
Хан хөвүүн төрлөө дөө” гэж бичсэн байсан.
-Таны бие лагшин тунгалаг байна уу?
-Миний бие сайн байгаа. Клиникийн хоёрдугаар эмнэлэг чинь үхсэн хүнийг амилуулахаар их мундаг юм байна. Би тэр алтан гартай хүмүүст талархдаг. Таван удаа сэхээнд орчихоод амьд байгаагаа бодохоор өөрийгөө би долоон голтой хүн юм гэж бодож байгаа. Өвчин зовлонд ээрэгдэхийн цагт хийж амжаагүй ажлаа л их бодох юм. Хүрлээгийнхээ “Хор чойнжин”, түвд хэлээр бичсэн шүлгүүдийн орчуулга гээд хоёр том бүтээлийг нь би хэвлүүлэхгүй бол хэн хэвлүүлэх билээ. Энэ бүтээлүүдийг хэвлүүлэхээс нааш үхэх эрх надад байхгүй. “Хор чойнжин” бол Монголын шашин, төрийн түүх. Монголчууд Бурханы шашныг үндэсний болгож идээшүүлсэн шүү дээ. Түүгээрээ их гайхамшигтай. Монгол бадарчингууд Энэтхэг, Түвдийг зорихдоо хонь хөтөлж явдаг байсан байгаа юм. Дулаан орны хулс үе үеээрээ ургадаг болохоор шөнө унтаж байхад цоо хатгачих гээд бэрх юм байна л даа. Харин хонины хэвтсэн газар ямар нэг аюул уршиггүй байдаг юм байж. Хүрлээгээсээ иймэрхүү сонин сайхныг их сонсож авсан сан. Монгол лам нар эрдмийн аянд гарахдаа үздэг “Замбуутивийн дэлгэр номлол” гэсэн алдартай судар байдаг. Нэг ёсондоо одоогийнхоор газрын зураг гэх юм уу даа. Энэ номыг Хүрлээгийн маань гарын шавь Г.Ням-Очир хэвлүүлсэн. Ням-Очир маань багшийнхаа олон ч номыг хэвлүүлж буян болж байна даа.
-Утга зохиол судлаач Ү.Хүрэлбаатар таны “Охин үрээ хайрла” шүлгийг тайлбарлахдаа “Монголын нийгэм охин үрсээ хайрлаж байж” л хөгжинө гэсэн утгатай задалгаа хийсэн байсан. Энэ шүлэг ч таны нэрийн хуудас юм даа?
-“Охин үрээ хайрла” их олон давхар нугалаатай шүлэг байгаа юм. Өтлөхийн далайг туулж яваа эмэг эх байна. Нэгэн цагт охин үр байсан. Ээж гэж агуу хүн байна. Айлын эхнэрүүд байна. Эд бүхний тухай шүлэг юм. Түүнээс би таван настай охины тухай шүлэг бичээгүй. Эхнэр, ээж чинь охин үрс, хамгийн гол нь эмээ чинь хайрлах ёстой охин үр чинь юм шүү гэдэг утгаар бичсэн юм. Боловсролын яамны хэвлэлийн албанд ажиллаж байхад ганц охинтой Батжаргал гэж залуу байсан юм. Хөөрхий одоо бурхан болж. “Охин үрээ хайрла” шүлгийг тэр залуу хувилаад тараасан байсан. Би шүлгийн тухай асуусан чинь “Би таван охинтой ш дээ” гэж байна. “Ганц охинтой биш бил үү” гэхэд “Хадам ээж, ээж, гэргий, охин, ээжийн дүү гэсэн таван охин хайрлаж явна” гэж хариулж байсан. Тэр залуу тооны чиглэлийн хүн байсан мөртлөө шүлгийг маш сайн ойлгосон байсан.
-“Охин үрээ хайрла-1, 2”, “Төрийн охин үр” номуудаа уншигчдадаа өргөн барьсан. Одоо ямар бүтээлээ толилуулах гэж байна?
-“Хас хатгуурт цэцэг” номоо хэвлэлд бэлдлээ. Дандаа эзэнтэй шүлгүүдээс бүтсэн ном. Шагдарын Дулмаа багшид гээд гэрэл зураг, шүлэгтэйгээ орох жишээтэй. Өвөө, эмээ, хань, бэр, ач зээ нартаа зориулсан шүлгүүдээ оруулна. Эрдэмтдийн тухай хөрөг найраглал, найрууллууд маань багтаж байгаа. Сүүлийн бүлэгт “Хас хатгуурт цэцэг” гэсэн сахилгагүй шүлгүүд минь багтсан. Би яруу найрагч болохоос гэлэнмаа биш, хайрлаж дурлаж явсан залуу насны шүлгүүд байна. Зориулсан эзэд нь ч мэдэхгүй, сэтгэлийн босгыг минь даван алхаж чадаагүй шүлгүүд.
-Тэр шүлгүүдийнхээ эздийн нэрийг тавих юм уу?
-Нэрийг нь тавьчихвал болохгүй ш дээ. Утгагүй юм болно. Үүнээс гадна “Үнэгэн шулмасын үлгэрүүд” номыг монгол бичгээс хөндлөн үсэгт хөрвүүлсэн номоо гаргана. Өмнөд Монголын яруу найрагч Буянхишиг надад зурагт номыг нь авчирч өгсөн. Үйлийн үрийн маш хатуу тооцоо, хүн чанарын тухай өгүүлсэн судар л даа. Аавынхаа төлөө Эрлэг номун хаанд хүртэл заргалдаж, Эрлэг номун хаан авилга авч байгаа тухай, шударга юм гэж орчлонд ерөөс үгүй тухай гардаг.
-Манай уран бүтээлчдэд ном бүтээлээ хэвлүүлэх гэж зовлон байдаг даа?
-Би хүнээс юм гуйж чаддаггүй хүн. Зохиолчидтойгоо уулзана. Тэдэнд маань ном л байхаас мөнгө байх биш, надтайгаа л адил ядуу хүмүүс юм чинь. Харин би номтой бүтээлтэй, авьяастай онгодтой мөртлөө мөнгөгүй зохиолч найрагчдын номыг хэвлүүлэх талаар хөөцөлдөе гэж бодоод байгаа. Би өөрийнхөө төлөө юм гуйж чадахгүй ч авьяастай залуучуудын номыг хэвлүүлэх мөнгө гуйж чадна гэж бодоод байгаа. Би чинь ерээд оны эхээр гурван өрөө байраа зараад “Мөнгөн ордны тулай” номоо арван мянган хувь хэвлүүлж явсан хүн. Хүн авахгүй болохоор нь эмнэлгүүдэд шуудай шуудайгаар нь тараагаад өгчихсөн. Цэвлээгийн Отгонжаргал гэж сайхан яруу найрагч байдаг. Номыг нь хэвлүүлж өгөх сөн гэж бодоод л явдаг. Би Отгонжаргалдаа зориулж шүлэг бичсэн. Шүлэг бичихээс өөр хийх ажил ч байх биш дээ.
-Та шүлгээ өдөр шөнөгүй бичих үү?
-Бичих үедээ л бичнэ. Гэхдээ би яруу найргийн номоо гаргачихаад нэг хэсэгтээ бичихээ завсарладаг. Үгээ сэлбэж, ухаанаа цэнэглэх гэж ном уншиж нэг хоёр жил шүлэг бичилгүй өнждөг. Онгод хэчнээн орлоо ч гэсэн үгийн баялаг байхгүй бол хэцүү биз дээ. Их романч Жамбын Пүрэв гуай өдөрт гурван хуудас бичдэг юм гэсэн. Би Жа.Пүрэв биш болохоор гурав дөрвөн жил завсарлаж ном уншиж байсан ч удаатай. Шүлэг гэдэг чинь өөрөө л сэтгэлд орж ирнэ шүү дээ. Радиогийн нэвтрүүлэг бэлдэж байхад шүлгийнхээ санааг туучихдаг учраас дараагийн нэвтрүүлэг хийхээсээ өмнө заавал ч үгүй шинэ ном уншдаг байсан. Байдаг л нэг мэдээний сэтгүүлч болохгүйн тулд ингэж өөрийгөө цэнэглэдэг байсан даа.
-О.Дашбалбар, Б.Цэнддоо, М.Баттөмөр, Дан.Нямаа гээд л танай наяад оныхон ч Монголын утга зохиолд хүчтэй орж ирсэн шүү?
-Алтан үеийнхэн гэхээр Ш.Дулмаа гуай эдний үеийнхэн болчих юм. Мөнгөн үе гэхээр танай ерээд оныхон байна. Наяад оны бид болохоор хүрэл үе юм уу, зэс үе юм уу, ямар ч үе байхгүй болчихоо л байна. (инээв. сур)
Л.Батцэнгэл ("ӨДРИЙН СОНИН"-Д
ХЭВЛЭГДСЭН БОЛНО)
ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла, хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла, үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла, уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла, ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла!
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий, хур ч бий, аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно, зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла!
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Л.Батцэнгэл