Баасан Наминчимэд

Баасан Наминчимэд

Нэгэн бодгаль хүний туулсан зам мөр учрал тохиол бүхэн түүхэн цаг үеийн шигтгээ болон үлдэж сургамж, сануулга амьдралын үнэн болж үлддэгийг түүний зохиолоос тод харна.
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хулгайч шавиа голсон нь

Алтай нутагт, одоогийн Алтай хот орших газрын орчим, тэрүүхэн Сүхийн хоолой, Далан хавиар нутагтай нэгэн хулгайч эр байжээ. Тэр эр цагаан борлог морьтой, тэр морио хонь шүүрэхэд гарамгай сайн сургасан юм байж... Морь нь айлын хоттой хонин дундуур гарахдаа аль том бүдүүн хонийг нь уургач морь шиг даган хөөдөг агаад эзэн нь ташуураараа хонины толгой, эвэртэй бол эвэр дундуур нь байлгаад авна. Дагзан дундуураа ташуураар түншүүлээд авсан хонь заалттай дээш ойж цовхордог байна. Хонь ч цовхорно, борлог морь ч хонь руу налаад өгнө, хонины үсэрсэн хүчийг ашиглаад мань эр эмээлийнхээ урдуур дүүрээд авдаг ажээ. Тэгээд л зугтаачихдаг. Хамгийн сайн иргээс нь шилж шүүрдэг эр байж.

Нэгэн саваагүй атлаа бас олзонд хөөрхөн хорхойтой эр айлын хотноос хонь шүүрдэг эрдмийг нь заалгаж авахаар өнөөх эрд хадаг барьж шавь орсон юмсанж. Тэгээд хэлснээр нь хийж, дээш цовхорсон хонийг шүүрээд автал унаж явсан морь нь ганцхан бусгаад хоньтой нь цуг газар шидэж орхижээ. Хонины эзэд түүнийг барьж аван, хотныхоо захад хүлчихээд, хошуу тамганд хэл дуулгахаар хүн явуулжээ.

Үүнийг холоос хараачилж байсан хонь шүүрэгч эр дээлийнхээ өнгийн эргүүлж өмсөн, цагаан бор мориныхоо хондлой зоогоор улаан зос асгаж үрчихээд, өнөөх айлд давхиад буужээ. Тэгээд гэрийн эзэдтэй мэнд усаа мэдэлцэж, яриа хөөрөө өрнүүлж байснаа, хотны захад хүлээтэй хэвтээ нөгөөх шинэхэн шавиа зааж, яагаад хүлээтэй хэвтэж байгааг нь асуув. Гэрийн эзэд учир байдлыг ярьж, Тамгаас хүмүүс төд удалгүй ирэх болж байгааг ч хэлжээ. Тэгэхээр нь “Өө энэ хүнийг чинь Тамга руу ингээд аваад явчихдаг юм” гэж хэлээд морин дээрээсээ шүүрч, дүүрээд шогшихжээ. Гэрийнхэн тэр дариудаа учрыг нь сайн ойлгосонгүй байснаа гэнэтхэн сэхээ орж, араас нь хөөвөл хэдийнэ бараагүй болцгоосон байв.

Хонь шүүрдэг эр өнөөх шавь болсон эрийг дагуулж шөнөжин явсаар өглөө эрт нэгэн айлын мал хотноосоо гарч байхад "Одоо дайраад шүүр, дахиад унав аа" гээд явуулжээ.

Шавь нь ч хичээхээрээ хичээсний хүчинд мориноосоо унасангүй нэг төлөг шүүрээд ирсэнд, төхөөрүүлж, шарж идчихээд,

-За чиний шавь болдог, миний багш болдог үүгээр ингээд дуусаг дээ. Чам шиг хүн хулгай хийдэггүй юм. Чи энэ шүүрсэн төлөгнийхөө арьсыг аваад гэртээ харьдаа гээд хадгийг нь буцааж өгсөн гэнэ.

Гэтэл өөрийнх нь хотноос хонь шүүрүүлчихсэн байсныг хулгай хийж, олз олохоос өөрийг бодоогүй эр анзаараагүй байсан юмсанж.

Баасангийн Наминчимэд танилцуулга
 
Жамуха сэцэний совин
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.