Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Чойном “Зүүд” шүлэг

Урьд шөнө би нэг гуйлгачин өвгөн зүүдэллээ
Уранхай ноорхой хувцастай
Уруу дорой царайтай
Уртаа шар сахалтай
Уйлсан өвгөн явж байх юм
Сайн байна уу? Та юунд уйлаа вэ? Гэвэл
Сайнаа ч алд. Нохой долоо.
Салж болох бүхнээсээ салаад
Санаа сэтгэлээ хүртэл худалдаад
Салгалж явна даа, хүү минь
Яачихсан юм болдоо? Зайлуул
Ядарч мунгинаад л тэр байхдаа
Юмаа хүнд булаалгаа юм болов уу?
Юу л базаагаа бол гэж дээ гэж
Өрөвдөж би дотроо бодоод
Өвгөнийг дуугүйхэн ширтлээ
Өцийж салгалсан туранхай өвгөн
Өөдөөс харж
Урьд би эзэн хаан байлаа
Улс гүрэнтэй, нэр төртэй
Түмэн газрыг эзэлсэн нутагтай
Түүхийг донсолгосон морин цэрэгтэй байлаа
Одоо юу ч байхгүй
Орчлонгийн элэг доог болж
Улаа шагайсан хэдэн хүүхэд
Улс болж тоглож байна
Хараад нүд минь өвдөх шиг
Харамсаад элэг зүрх минь өвдөх шиг
Аль муугаа үзэж барахаасаа наана
Авсандаа очиж нүд далд хэвтье
Гуйлгачин өвгөн ингэж гудиггүй донгосохыг үзвэл
Ухаан нь бас хувцас шигээ урагдаж больсон бололтой
Тэсэлгүй би шүүрс алдаад
Тэг дээ та, далд орж үз
Хэцүү галзуу тусаж дээ таньд
Хэзээ идгэнэ гэж явах вэ дээ гэтэл
Уурссан өвгөн ногоон нүдээрээ
Улнаас орой хүртэл хараад
Үхэж хэвтсэн муу сүгээ
Өлбөрч үхэхтэй таарсан малаа
Эртнээс Монголчууд тэнэг байсан юм
Эдүгээ бүр солиорцгоож гэм
Эх эцэггүй хүүхэд шиг царай алдчихаад
Эзэн хаанаа ч танихаа больж гэм
Та чинь манай эзэн хаан байсан юм уу?
Өөр хэнийх байх юм мал минь
Та нараас бусад улс өвөг дээдсээ танихтайгаа байхад гэж ирээд л
Өдөггүй айлдаад өөдөөс ширтлээ
Гуйлгачин хэрнээ омогтой гэдэг нь
За тийм болтугай тийм болтугай
Аяаар нь байя
Бидний амаар ертөнц хувирах биш дээ
Та хаан байсан байж болноо
Тансаг сайхан хувцасныхаа оронд
Таар навтас нөмөрчихсөн байхаар чинь л
Таньсангүй шүү өршөөгөөрэй
Өршөөл минь ч яамай хүү минь
Өмсгөл зүүлт хамаг бүхнийг минь
Булшинд байхад минь хүүр тоноочингууд
Бултыг нь аваад худалдчихсан юм
Одоо Ленинградад байдаг юм
Очоогүй биздээ чи
Юугаа үзэхэв дээ чи
Үзсэн чинь зөвхөн эрээн цаас үсэгнээс цаашгүй
Цөм худлаа!
Ганц үнэн юм гэвэл
Та нарын гар мухар, нүд сохор байна
Хүзүүндээ дөнгөтэй байхдаа ч би ч ингэж хүний эрхэнд сөгдөж яваагүй юм шүү
За за чамтай яриад ч яах юм
Засаг заяа хоёртоо гомд гэж хэлээд
Задарсан өвгөн цаашаагаа эргээд
Замаа дагаад гэлдэрч одлоо
Хүн төрөлхтнийг айлгах нь битгий хэл
Хүүхэд нохойн тоглоом болмоор
Хатсан навч шиг өчүүхэн энэ өвгөн
Хазагнасаар бараа тасарлаа
Эзэн Чингис, эзэн Чингис энэ үү? Гэсээр
Элэгээ хөштөл хөхрөв өө
Дэндүү инээлээ гээд сэрсэн чинь
Дэрээ нэвтэртэл уйлсан байлаа.

“Аварга ингэж төрсөн” ном мэндэллээ
 
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.