Цэцэг хүмүүст гоо үзэсгэлэн, дэгжин, эмзэг туяхан байдлыг мэдрүүлж хорвоогийн гэрэл гэгээтэй талыг илүү тодотгодог. Манай сайт энэ удаагийн ярилцлагаа цэцгийн соёлыг түгээж буй “Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч бүсгүйтэй ярилцлаа.
– Сайн байна уу, ярилцлага хийх урилгыг хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
– Сайн байна уу. Баярлалаа. Намайг Б. Чоймбол гэдэг. Цэцэгчин гэдэг мэргэжил байхгүй ч би цэцэгтэй ажиллаад арван гаруй жил болж байна.Миний хувьд бол мэргэжилдээ хайртай.
– Яагаад энэ цэцгийн салбарт ажиллах болсон бэ?
– Анх арван жилээ төгсөөд энэ салбарт ажиллаж эхэлсэн. Анх бол туслахаар ажиллаж байсан. Ажиллах тусмаа дадлагажиж өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлээд явж байна. Өөрийн гэсэн дэлгүүртэй болж анхны алхамаа зоригтой хийсэн. Цэцэг арчлах мэдрэмж их гоё санагддаг.
– “Үзэсгэлэнт” цэцэгийн дэлгүүрийг хэзээнээс байгуулж эхлэв? Яагаад “Үзэсгэлэнт” гэж нэрлэсэн бэ?
– 2023 оны 04-р сараас эхлэж цэцгээ өөрөө боож, гадуур зардаг байсан. Тавдугаар сарын нэгнээс эхлэж цэцгийн дэлгүүрээ нээсэн. Манай дэлгүүрт нэг настай болон гоёлын цэцэгүүдийг худалдаалж байна. Манай дэлгүүр хаана ч хүргэсэн хүргэлт үнэгүй байдаг. Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй учраас “Үзэсгэлэнт” гэж нэрлэсэн.
– Хүмүүс ямар үед их цэцэг худалдаж авч байна?
– Цэцэг бол өдөр тутмын хэрэглээ болчихсон. Өдөр болгон тэмдэглэлт баяр, төрсөн өдөр болж байна. Башир, романшка, лили гээд бүх төрлийн цэцэгүүд зарж байна. Удаан амьдардаг цэцэгүүдэд их дуртай. Ургалт сайн, арчилгаа бага навчин цэцэгүүд байдаг.
– Цэцгийн соёлын талаар?
– Бүх оронд цэцэг өдөр тутмын хэрэглээ болсон. Өдрийн цайндаа орохдоо ч хүнд цэцэг бэлэглэдэг. Монголчууд маань ч гэсэн хэн нэгэнд цэцэг өгч баярлуулахыг хичээдэг. Хүмүүс цэцэгийн бэлгэдэлийг маш сайн мэддэг болсон.
– Цэцгийн бизнес ашигаасаа илүү алдагдалтай гэдэг. Таны ажлын сайн сайхан, хүнд хэцүү талууд юу байдаг вэ?
– Одоогоор надад хүндрэл бэрхшээл гэх зүйл алга. Яагаад гэвэл би цэцгээ арчлаж сурсан учраас хорогдол гарах нь гайгүй. Цэцэг цаанаасаа бодсон шиг ирээгүй бол жоохон сэтгэлээр унадаг.
– Манай бүсгүйчүүд мэдээж цэцэгэнд маш их дуртай. Харин эрэгтэй хүмүүс хэр их цэцэг өгч, авч байна вэ?
– Манай эрэгтэйчүүд бүсгүйчүүдээ баярлуулах гэж цэцэг их авдаг. Бас их соёлтой, амжилт хүссэн урмын үгс хэлдэг. Эрэгтэйчүүд цэцэг авах их соёлтой болж байгаа. Харин цэцэг бариад гарах гэхээр ичээд байна гэдэг, битүү юманд хийгээд өгөөч гэдэг. Би харин гоё харагдаж байна гээд л зоригжуулдаг. Гэхдээ эрэгтэйчүүддээ хэлэхэд цэцэг бариад явж байгаа эрэгтэй гоё харагддаг шүү, хүн баярлуулах гэж байгаа юм чинь битгий ичээрэй гэж хэлмээр байна.
– Цэцэг гоё. Гэхдээ цэцгийн баглаа бас их гоё байх ёстой гэж боддог. Та цэцэг боох баглааны загвараа яаж гаргадаг вэ?
– Миний баглаа дахин давтагддаггүй гэж хэлж болно. Цэцгээ боохоосоо өмнө яаж баглахаа бодчихсон байдаг. Баглаа боолтыг боох мэдрэмжийг уран барималч, уран зураач өвөөгөөсөө өвлөсөн гэж боддог. Баглаа боолтыг бэлтгэхэд би 10 минут л зарцуулдаг.
– Хүмүүсийн сэтгэлийн бэлгийг дамжуулж өгөхөд ямар мэдрэмж авдаг вэ?
– Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй. Цэцэг авч байгаа хүний инээмсэглэл их гоё. Мэдээж сэтгэлийн бэлгийг дамжуулж өгөхөд их гоё мэдрэмж авдаг, тэр хүний өмнөөс догдолдог. Би их олон хүнээс сэтгэлээрээ үйлчлэх юм, сайхан сэтгэлтэй юм гэдэг магтаал их сонсож байсан. Би үйлчлүүлэгч бүртээ тултал сэтгэл гаргаж үйлчлэхийг хүсдэг.
– Цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
– Би цэцгийн дэлгүүрээ өргөжүүлж гучаад ажилтантай болохыг хүсч байна. Би оюутан охидуудыг дэмжиж, чөлөөт цагаараа ажиллаж, цалин авах боломжоороо хангаж ажиллах бодолтой байна.
Б.Мөнхжаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!