Варшавын их сургуулийн Дорно дахин судлалын тэнхимд 4 дэхь удаагаа Монгол гэсэн сэтгэлтэй судлаачид хуран чуулж өөрсдийн судалгаа шинжилгээнээс олж мэдсэнээ бусдадаа таниулцууллаа.
Уг хуралд Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д. Заяабаатар, Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологийн сан, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа соёлын харилцааны газар, МУИС-ийн төлөөлөл болох Г.Одгэрэл, Ч.Амартүвшин, П.Дэлгэржаргал, Н.Мөнхцэцэг, Н. Амартүвшин, Б.Золжаргал, Хөдөөгийн Гэндэнпил зэрэг эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцжээ.
Олон улсын эрдэм шинжилгээний уг хуралд 10 орны 60 гаруй илтгэгчид оролцсон байна. Уг хурлыг Варшавын Монгол судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Агата Барэяа Стажинска удирдан явуулав. Мөн Монгол Улсаас БНПУ-д суугаа элчин сайдын яам хамтран оролцжээ.
Монгол Улсаас БНПУ-д суугаа элчин сайд Б.Дорж ихэд идэвхтэй оролцож уг эрдэм шинжилгээний хурлыг Найруулагч, Продюсер Б.Баярын Монгол нутгаас олдсон хадны зургийн “Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнгээр чимж, Варшавын төв цэгт орших Их сургуулийн хашаанд монгол гэрээ барин монгол ёс заншил, монгол хувцас, эрийн гурван наадам, монголын уламжлалт анагаах ухааны талаар тайлбарлан, таниулжээ.
Уг хуралд Анагаах ухааны доктор, их эмч Үржингийн Байгалмаа “Үйсэн дээр бичсэн Монгол анагаах ухааны эртний нэгэн судрын тухай” сэдвээр илтгэл тавин хэлэлцүүллээ. 18-р зууны сүүлээр Англи, Энэтхэгийн археологийн судалгаагаар олдсон “Үйсэн дээр бичсэн нэн эртний Анагаах ухааны судар”-ыг Энэтхэгийн эрдэмтэн Рудолф Хорнли зэрэг эрдэмтэд судлаад энэ бол нүүдэлчин Монголчуудын анагаах ухааны нэн эртний судар байна гэдгийг тогтоосон байдаг. Тэрээр өөрийн илтгэлээр Монголчууд 5000 жилийн тэртээх Хүрэл зэвсгийн үед тунгийн халбага хэрэглэдэг байсан учраас тэр үед нийлмэл эм тангийнхаа жор найрлагыг бичсэн судар номтой байхыг үгүйсгэхгүй гэсэн санааг дэвшүүлжээ. Монгол эм тангийн онцлог нь 1 эм танд орж байгаа 2-70 эмийн эмийн ургамлыг 8 чадал, 2 хүч, 6 амт, 17 эрдэмээр нь маш нарийн тохируулан хийхдээ аль ургамлаас хэдэн гр хийхийг маш нарийн зааж бичсэн ном судраа харж судалж байж нягт нямбай хийсэн эм танг тохирох тун хэмжээгээр өгдөг зарчимтай. Тиймээс Хүрэл зэвсгийн үед хэрэглэж байсан тунгийн халбага 0,5 гр буюу нэг удаагийн эм танг уух тунгийн хэмжээнээс эхлээд хэлбэр дүрс нь хүртэл яг энэ хэвээрээ байгаа нь үүнийг илтгэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!