Хотоос хол
Хүн бараг очдоггүй
Ойн захад
Нуурын дэргэд
Хоёр давхар байшиндаа
Өглөө нь талх барьж
Өдөр нь нэрс чанаж
Ширээгээ дүүргэж
Шинэхэн сүү хөөрүүлж
Хөөсийг нь үлээж
Дэвэрсэн цайгаа аягалж
Дээжийг нь өргөнө, эмгэн нь.
Харин өвгөн нь
Өвс хадах уу
Өвөл болоогүй байна
Нэрмэл уух уу
Эмгэн загнана
Загас барих уу
Завь цоорсон гэж
Өөртэйгээ ярин
Аяны сандалдаа улам шигдэнэ.
Нар жаргаж
Эмгэн дэнгээ барина
Май тавьж
Цонхоо хаана.
Бүтээлэгтэй ширээн дээрээ
Халуун шөл таваглаж тавина
Аагтай сонгино хэрчиж
Барьсан талхаа ч зүснэ
Халбага дөхүүлж
Халуун ногоо, дарсан сармис задална
Шарсан манжин
Нухсан төмс
Луувангийн зутан бүгдийг
Ширээн дээрээ өрчихөөд
Хаалгаар толгойгоо гаргаад
"Өвгөөн хоол ид" гэж орилно.
Өвгөн нь харин
Лайка нохой яаж үхсэн бол
НАСА одоо юу турших бол
Клашников хэр баян байсан бол
Монте Кристо гүн гэж
Нээрэн байсан болов уу хэмээн
Өөртэйгээ ярьж
Сандлаа чирсээр дотогш оров.
2018.09.06