Эх орон хичнээн ихийг багтаана вэ??? Өнгөрсөн түүхийг, өнөөдрийн биднийг, өнө холын ирээдүйг. Эх орон үгүй бол бид хаана орших вэ??? Алд биеэ булах байтугай алхаж гишгэх газар үгүй бол яана билээ. Эх орон гэдэг эрх жаргалтайгаар амьдарч чадах чиний цорын ганц өөжин юм шүү. Улаан цагаанаар үерлэн “асгарсан” Цагаан бороо роман. 100 жилийн зайтай ч бид нэг л газраа, нэг янз төрхөөрөө эргэж байгааг тодхон сануулна.
Боол хүн эрх чөлөөг хүсдэггүй. Харин боол боолтой болохыг л хүсдэг хэмээн эртний нэгэн их философич хэлсэн байдаг. Чухам энэ үгний биелэл яг одоо бидний амьдарч буй нийгмийн “дарга” тогтолцоо. Цагаа олж “асгарсан” Цагаан бороо роман энэ үнэнтэй нүцгэн уулзуулна.
Манж төр суларч, хятадууд хуучин манжийн нөмөр дор Монголыг эрхэндээ авахаар дарлан буйд Оросын баатар цагаан хаанаас тусламж эрсэн тухайн үеийн Монголын эрээвэр хураавар манжаас цол хэргэм шагнуулсан сайн дурын ноёдын нэгэн захидал... Уг захидалд Манжийн хаан шинээр төрөн гарах засаг ноёд, залгамжлагчдад хэргэмийг нь олгохгүй байгаа тухай, сар бүр авдаг цалин пүнлүү торго, дурдан, будааг нь өгөхгүй удааж байгаа талаар болон Монголын ноёдын эрх ямбыг бууруулж байгаад ихэд гомдолтой буйгаа бичжээ. Түүхэн цагийн гэрч болж өдгөө хуучран шарлаж үлдсэн захидлын агуулга товчхондоо “бидний эрх ямбыг л эдлүүлж байвал Манж нь захирна уу, хятад нь захирна уу, эсвэл энэ хэмжээний юм бидэнд өгөөд явбал танай цагаан Орос улсад захирагдсан ч яахав” гэсэн утгатай. Эх орноо худалдсаныхаа төлөө Манжаас авдаг жаахан авилга нь тасарч байгаад гомдолтой байгаагаа бичсэн энэ захидал хатанбаатар Магсаржав нарын зэрэг олон эх орончдын хорсолыг төрүүлэн тэмцэлд дууддаг.
… Тэгвэл өнөөдөр төрийн эрх барьж буй омголон, эрээвэр хураавар худалдаачин түшмэдүүд минь юу бодож суудаг бол. Сонгууль гээч юм нь болохоор “За манай намыг л ялахад туслаарай. Манийгаа л энэ Монголын төрийн эрхэнд хатаагаад өгдөг юм бол чөмгөө дундартал Монголын газар нутгийг та нарт дэвсэж бол дөнгөнө ш дээ” гээд явдаг юм биш биз дээ. Сонгуульдсан авилга нь нэхэгдэхийн цагт эх орны минь дархан хилийг манасан ХӨХ ЧУЛУУГ нь “өшиглөөд”яваа юм биш биз...
Хөх тариагаа тарихаар ирсэн Монголчуудыг хятад иргэд тосон уулзаж, “Энү газлу ба ману газлу болсоон чү. Одоо чамду түрээслэнэ шүү” хэмээн угтдаг. Энэ чинь бидний газар, Монголын газар гэхэд “Халва, та нар. Үхэр Монголчууд аа. Энэ газлыг бидэнд олгосон танай хошууны Тамгын шийтгэлү бичигү энү шүү” гэдэг. ….Монголчуудын хятад иргэдэд өгч буй тэр түрээсээр нь Эрдэнэбишрэлтийн хошуунаас хятад пүүсүүдэд тавьсан дааж, давшгүй өрнөөс төлж, дундлах юм байх аа.
100 жилийн өмнөх энэ гунигт явдал бол өнөөгийн бидэнд ямар ойрхон “амтагдана” вэ... Танил аргачлал. Зээл, зээлийн хүү, ханшийн зөрүү, өрийн дарамт, өр барагдуулах, ГАЗАР НУТАГ.
Цагаан бороо романы хэсгээс … Арын хүрээний асуудал эрхлэн суусан Да захирагч Янлуйн болон доншуур наймаачдын хэлсэн үг. Яг өнөөгийн Монголын өрийн шалтгаан. Уншигч авхай та тунгаана биз ээ.
“Энэ жилдээ өр зээл нэхэхээ зогсоо. Нэмж аль болох их зээл өг. Бид Монголыг тэр зээлтэй нь бүхэлд нь авахын цагт тэр өгсөн юмтайгаа хамт эргээд бидний тогоонд орж ирэх учраас бүү харамла. Гэхдээ хүрз, зээтүү, алх, дөш, тогоо жалавч гэх мэт төмөр эдийг бүү өг, өгсөн ч амархан элэгдэх, эвдрэх чанар муутайг өг. Харин элдэв амттан, торго дурдан голдуу өнгөлөг гялгаруудыг үнийг нугалан зээл өг. Богдын Засгийн газрын Их ба Бага болзоот хэмээгдэх мөнгөн тэмдэгтийг хураан цуглуулж, худалдаа арилжаанаас зайлуул. Манай хятад худалдаачдын Оросын пүүсүүдтэй наймаа хийж олсон “Хамбургийн цалин цагаан” гэх мөнгө бишгүй арвин болж байгаа. Хар ширмийг цалин цагаанаар бүрж, орос толгойт хэмээх хуурамч мөнгө зоосыг бид ажмилттай үйлдэж байгаа. Удахгүй нэн ихээр тараана. Түүгээр монголчуудын мал, түүхий эдийг ихээр худалдан авцгаана. Хэрэв баригдах аваас оросуудаас авсан зоос хэмээн зүтгэ.”
“... Хай, Монгол хүн манай дэлгэсэн барааг хармагцаа баасанд цугласан батгана шиг шавчихдаг. Үзсэн болгоноо шохоорхох нь яг л нялх хүүхэд шиг. Маш гэнэн, тэнэг, сониуч хүмүүс. Гэвч тэдэнд тоолдог зоос, дэнсэлдэг мөнгө нь үргэлж дутаж, гуцдагаас авч үл чадна. Тэгэхээр нь бид бараагаа зээлээр өгч, тэдэнд тус болж буй сайн найз гэж ойлгуулна. Тэд маш ихээр баярладаг юм. Түүнийг нь харахад зугаатай сайхан шүү. Тэгж зээлэхдээ бид маш өндөр хүүтэй өгдөг. Монголчууд хүү гэдгийн учрыг ер лавлаж асуудаггүй, тийм л үхэр монголчууд.”
“ Монголчуудын өр барагдана гэж огт үгүй., яг л ус голын ундарга мэт. Тэр бол мөнхийн өр юм. Та гайхаж харах хэрэггүй. Тэд хэзээ ч бүрэн гүйцэт төлж дуусахгүй өртэй болсон шүү. Тэр өр үр хүүхдэд нь өвлөгдөн залгамжлагдана. Тэгээд жил бүр өрийнхөө хүүнд тэдний хонийг хотоор нь, үхэр, тэмээ, адууг сүрэг сүргээр нь авдаг.”
100 жилийн өмнө Хүрээний гуйлгачид гэж байсан бол 100 жилийн дараа ч нийслэл Улаанбаатарт маань сургуульд сурахын оронд гуйлга гуйж байгаа хэчнээн олон халтар жаалууд, хэчнээн олон өрх айлууд байна вэ? Отго жинс горьдсон, хэргэм, цол мөрөөдсөн, ханаж цаддаггүй шунал өдгөө Авилгажсан, хулгайч тогтолцоо болж, амь бөхтэй биежсэн учраас л энэ. Ардын төрийг анх эхлүүлж байсан эх орончид Монгол хүн бүр эх орондоо эрх жаргалтай амьдрах тэгш эрх, тэгш боломжийн төлөө тусгаар Монгол улсын төлөөх тэмцлийг эхлүүлсэн бол өнөөгийн төр, тэр эхлэлээс хэдийнээ хазайж, тонгорч явна. Халамж авах нь бүү хэл Монгол улсын иргэний үнэмлэх ч үгүй, оршин суух хаяггүй, хог түүж яваа нийслэлийн гуйлгачид, өдрөөс өдөрт доройтож буй иргэн таны орлого, ажлын байр үүнийг бэлхэнээ нотлоод өгнө. Цэвэрлэгчийн хүүхдэд цэвэрлэгч л болох боломж олдож байгаа бол даргын хүүхдэд дарга л болох боломжийг олгож байгаа бол энэ тогтолцоо БУРУУ. Хэдэн арваараа гуйлгачид олшроод байгаа бол Хэн нэгхэн нь хэтэрхий ихээр баяжаад байна аа л гэсэн үг.
Ажилтай л байвал боллоо, цалинтай л байвал боллоо гээд сонгуульдаад л байвал нэг л мэдэхнээ бид “За амьд байвал болоо” гээд хэн нэгний боол болсон байна. Өнөөдөр бид гартаа зэвсэг барин эх орны дайнд орохгүй ч гэсэн оюун санаагаа “зэвсэглэн” хурцалж, өөр зуураа эв нэгдлийг эрхэмлэх нь эх орныхоо төлөө хийх хамгийн зөв алхам болжээ. Цагийн цагт л ийм байх хэрэгтэй болов уу. Бүү өширх, Бүү март. Ай... Цагаан бороо
Энхрий нялхас нь эрдэм номд шамдах болтугай.
Идэр залуус нь хөдөлмөр, бүтээлд шалавлах болтугай.
Ихэс, өтгөс нь санаа саруул, үг цөвгүй болтугай.