С. Пүрэвсүрэн

С. Пүрэвсүрэн

Ногоон талын сувд шиг, нүд алдам нүцгэн шаргал талын баянбүрд шиг, нүдгүй цасан шуурганы нөмөр аргалын гал дүүгэсэн бөмбөгөр цагаан гэр малчин ахуй, монгол хүний сайхан сэтгэл, цөлх ухаанд хамгийн ойрхон аваачих зохиолууд бол орчин үед Соёрхын Пүрэвсүрэн гуайн бүтээлүүд билээ. “Хотжилт”-ын энэ үед чухам түүний бүтээлүүд уншигч биднийг малчины хотонд аваачиж, нялх ногооны үнэрт согтоож, зуны халуунд зэрэглээ хэрхэн бүжиглэхийг харуулна. Түүний шинэхэн зохиол бүтээл, өгүүллэг, туужаас buteel.mn дээжлэн хүргэсээр байх болно. Оюуны охийг хүртэгч эрхэм уншигч та зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн оюуны урланд тухлаарай.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮНСЭЛТ

Баярмаа өглөө сэрээд сурсан зангаараа тавтайхан суниаж, өчигдрийн ажлаа санан их л тааламжтай инээмсэглэн хэсэг хэвтэв.

-За өнөөдөр эртхэн ажлаа дуусгаад хэдэн найзуудтайгаа уулзана аа гэж бодонгоо яаран босч, цонхоо нээн, агаар оруулж, замаар давхилдах машинуудыг харж хэсэг зогсов.

Орны хажууд эзнээ урин мишээх мэт дэлгэж хаясан цэцгэн хээтэй торгон хэвнэгээ шүүрч аван нөмрөөд , угаалгын өрөөрүү дэгдэхдээ телевизээ асаахаа мартсангүй.

Зурагтаар далайн эргийн шаргал элсэн дээр гоо үзэсгэлэнгээ гайхуулах загварын бүсгүйчүүд гунхана.

Сэнжтэй цагаан аяган дахь тас хар кофег балган таашааж, толины өмнө өрсөн зүүсгэл гоёл зүүгээд, ганц углаагүй цэнхэр даашинзаа өмсөж, босоо толины өмнө эргэлдэхэд ээмэг бөгжтэй нь өнгө хоршин гялалзана.

Үүдэнд зөрж унасан цагаан шаахайгаа хөлдөө углан, торхийлгэн хаалгаа түгжиж, шат уруудан дэгдэж харайсаар, машиндаа суув.

Бусдын нүдэнд үзэсгэлэнтэй харагдаж байгаагаа мэдрэх тусам аз жаргалаар жигүүрлэж, хурд нэмэн давхисаар ажил дээрээ ирлээ.

Өнөөдөр ажилчдынхаа цалинг тавина.

Харсан бүхэнд инээмсэглэн толгой дохисоор өрөөндөө оров.

Гэтэл анивчин чичирхийлэх утас нь дуудлага ирснийг мэдэгдэхэд

-За түрүүчээсээ эхэллээ дээ гэж инээд алдан, утсаа нээвэл

-Байна уу. Танай компани цахилгааны мөнгөө яг одоо шилжүүл. Хугацаа хожимдвол тогийг чинь таслана гэсэн товч агаад догшин үг тасхийн буугаад тархийн тасрав.

-Яана аа өчигдөр татвараа төлөлгүй хүлээдэг байж. Гэрэл цахилгааны мөнгөө төлөхгүй гээд яах ч билээ хэмээн утсаараа гүйлгээ хийлээ.

Урамгүйхэн хэсэг сууснаа утсаа авч

-Байна уу Анхаа захирал уу. Миний найз намайг мартчихжээ гэж үг хаяад,

-Найздаа ганц сая төгрөг түр зээлээч гэвэл

-Яалаа гэж чамайгаа мартах вэ хө. Гэхдээ одоогоор ямар ч боломжгүй байна гэчихээд бас л утсаа таслав.

Цайны дараа цалингаа тавьж бужигнасаар арайхийн дуусгаад, үлдсэн мөнгөө тоолж үзвэл хоёр зуухан мянган төгрөг үлдсэн байв.

-За за. Найзуудаасаа хэн нь түрүүлж залгана, түүнтэй уулзаж төсөрхөн баярлахаас гээд толинд харан жуумалзаж байлаа.

Баярмаа гадаадад хоёр жил амьдарч байгаад ноднин жил нутагтаа ирсэн билээ.

Арваад ажилчинтай жижиг үйлдвэрийнхээ хаалгыг барьчихалгүй гүйсээр нэг жилийг ардаа орхив.

Оюутан насандаа ижилдэн дасч, хоёр биенээсээ алхам холдохгүй гэж тангараг тавин ханилсан эр нөхөртэйгөө хоёрхон жил амьдраад мөр мөрөө хөөн холдсон Баярмаад ижийгээс нь өөр сэтгэл хуваалцах хүн яг үнэндээ байгаагүй.

Гэтэл өнөөдөр ижий нь байхгүй... Харь гүрэнд амьдралын төлөө зүтгэж явахад нь ижий бурхан нь тэнгэрт алсарсан.

Гэтэл хаалгыг нь зөөлөөн гэгч нь тог тог тогшоод,

-Орох уу захирлаа гэсээр Энхжин Мөнхжин хоёр орж ирэв.

-За ихрүүд яасан бэ гэж хэлэх үед утасных нь гэрэл бас л анивчив.

-Түр хүлээ гэж дохиод, утсаа авч

-Байна уу эгчээ гэтэл

-Байна байна. Сонин юу байна. Баярмаа, аниадаа хоёр зуун мянган төгрөг өгөөдөх. Цаад ах чинь урагшаа ажлаар явах болчихлоо.

-Аниа минь та дүүдээ ядаж төрсөн өдрийн мэнд хүргэчээд ярилдаа.

-За төрсөн өдөр мөдөр ямар хэрэгтэй юм. Аниа нь цаадхийн чинь цалингаас буцаагаад өгчихнө. Ээжээс хойш та нар бүр уулзалдхаа ч байх нь ээ гэж угийн түрэмгий зангаараа загнав.

-За за нэг зуун мянга л байна. Одоо шилжүүллээ. Өмнөх өрөө өгөөрэй.

-Баярлалаа баярлалаа. Манайхнаас ганц "баяка" нь чи юм чинь. Дүүгээсээ л гуйна ш дээ. Мартсанаас төрсөн өдрийн мэнд. Дараа ирж будаатай цай уугаарай гээд утас нь тасрав.

Түрүүнээс хойш үүдэнд зогссон ихрүүд зэрэг зэрэг

-Захирлаа та бас өнөөдөр төрсөн юм уу. Баярын мэнд хүргэе.

Бид хоёрын ч гэсэн төрсөн өдөр. Тэгээд ээждээ дундаасаа бэлэг авч өгөх гэсэн чинь нэг зуун хорин мянган төгрөг дутаад болдоггүй. Та бид хоёрт туслана уу. Бид хоёр дараа сарын цалингаас төлчихье.

-Цалингаа аваа биздээ гэж цэхэлзсэн ч, ээждээ бэлэг авч өгөх гэсэн юм гэхийг сонсоод яаж ч чадсангүй.

Инээлдээд гарсан хоёрын ард цор ганцаархнаа, хэтэвч хоосон үлдээд, гуниг шингэсэн бор нүдээр өмнөөс нь тусах толинд өөрийгөө харж сууснаа

-Найз минь төрсөн өдрийн мэнд гэж хуруугаа инчдэн сулхан инээмсэглээд, гол зурсан гомдлоо нулимстайгаа залгин босов.

Ийнхүү бодол болон явсаар гаднаа ирж, машинаа тавиад орцныхоо үүдэнд иртэл ганц сарнай бариад сандал налан унтах эрийн буржийж даахирсан үс нэг л танил харагдаж, лавлан харвал нунж даруухан хуучин нөхөр нь хурхирч байлаа.

Орхиод орчихож арай чадалгүй хүрэмнээс нь чангаан

-Хөөе босооч гэж сэгсэртэл ирмэг булан нь хулмайтал дарагдсан далбагар хар хэтэвч нь унаад өгөв.

Арайхийн тонгойж аваад нээгээд үзтэл, нүүрсний тоосонд халтартсан боодол юань хэмээх хятад мөнгө, тэг дундуураа хугарсан жолооны үнэмлэхний хамт, тэртээх он цагийн тоосонд дурсамж болон инээмсэглэх өөрийнх нь хар багын цав цагаахан зураг инээмсэглэн ширтэж байлаа.

Хэтэвчийг хаагаад, халаасанд нь хийхээр тонгойтол нэг л их танил бөгжийг улаан утсаар оосорлон хүзүүндээ сахиус болгон зүүсэн байв. Өөрийн мэдэлгүй нулимс нь мэлтэлзэн юу юугүй хацрыг нь даган урсав.

Энэ бөгж Баярмаагийн хуримын бөгж бөгөөд, гэрлэлтээ цуцлуулаад гарч ирэхдээ хуруунаасаа суга татан нүүр өөд нь шидчихсэн билээ.

-Хөөе Сумъяа сэрээч. Босооч гэж татахад цочин сэрээд, өндийн харснаа

-Төрсөн өдрийн мэнд. Өнөөдөр Таван толгойн автобуснаас буугаад чамайг хүлээгээд сууж байсан чинь унтчихжээ гэснээ нүүрсний тортогтой гараасаа санаа нь зовсон шинжтэй, өмднийхөө шуумагт арчаад ганц улаан сарнайгаа өгөв.

-Үнсэхгүй юм уу гээд хацраа өгвөл шагнал аваад гүйж яваа жаал хүү шиг инээмсэглэн, шовхийлгэн үнсээд, хав халтар царайнд яралзан харагдах адуун цагаан шүдээ ярсхийлгэн инээв.

2019.03.07

ӨР ДАРСАН НЬ
 
Үлэмжийн чанар
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.