С. Пүрэвсүрэн

С. Пүрэвсүрэн

Ногоон талын сувд шиг, нүд алдам нүцгэн шаргал талын баянбүрд шиг, нүдгүй цасан шуурганы нөмөр аргалын гал дүүгэсэн бөмбөгөр цагаан гэр малчин ахуй, монгол хүний сайхан сэтгэл, цөлх ухаанд хамгийн ойрхон аваачих зохиолууд бол орчин үед Соёрхын Пүрэвсүрэн гуайн бүтээлүүд билээ. “Хотжилт”-ын энэ үед чухам түүний бүтээлүүд уншигч биднийг малчины хотонд аваачиж, нялх ногооны үнэрт согтоож, зуны халуунд зэрэглээ хэрхэн бүжиглэхийг харуулна. Түүний шинэхэн зохиол бүтээл, өгүүллэг, туужаас buteel.mn дээжлэн хүргэсээр байх болно. Оюуны охийг хүртэгч эрхэм уншигч та зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн оюуны урланд тухлаарай.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨХ ШУУРГА /Романы хэсгээс... /

Хавар намар, өвөл зун, нар сарны урсгал дундуур

Халуун цус, хайр хагацал, хүмүүн заяа дагаж үерлэнэ

Хаадын харшилдаан, хатан заяаны тэмцэл дундуур

Хас хээтэй орчлон ижий нулимсаар дэвтэж урсана...

-Тасхийн хавиралдсан махир илдний ирнээс оч цахилах агшинд хар гүйхээр давхилдан өнгөрсөн омголон хүлгүүдийнхээ амыг ангалзтал татан эргүүлж, өөд өөдөөсөө дахин ухасхийсэн хоёр дайчны чинжаал шиг хурц нүдэнд өш хонзон, үл танигдам халуун мөрөөсөл, хайр харуусал буцалж байлаа.

-Эрдэв чи энд юугаа шиншилж ирэв. Өдийд Тулуй ханы өргөөг сахиж байх албатай бус уу гэсэн бүсгүйн дууг таньсан шаламгай эр

-Мөнгөлжин чи энд намайг мөшгиж ирээ юу. Ибага бэхийн зарлиг дагаж явна уу гэж хашгираад улаан нүүрэн дундуур аянга мэт буусан илдний өөдөөс хүрэл бамбайгаараа амжиж хаасан ч, эргэлттэй даялж цавчсан илдний үзүүр залуу эрийн шанаанд буув. Нүүрэнд нь гал бутрах шиг чимхийх агшинд дахин цавчихаар далайхад нь ухасхийн дайрч цээжээр нь тэврэн авав.

Дөнгөж сая үхэлдэн тулалдахаар өөд өөдөөсөө харвасан сум шиг шунган дайрсан дайчдын ер бусын хувилгаан араншинд гайхсан мэт шөнийн ододыг цавчлан зэрэг цоройж хангинтал үүрссэн морьд газрын хөрс хуйлартал эргэцэв.

Гэтэл... “Иш чааваас даа. Жахахамбу ноёны ихэр мэт өссөн охидын өөд өөдөөсөө харвасан сумны зэв нус мэт халирхай гэж бодсонгүй. “Урам хугарав” гэсэн хоржоонтой инээд хажуухан хавиргаас сонсогдоод өнгөрөхөд

-Муу заяаны боол Хархад чи, олж харах ёсгүйг харав. Чиний насны тоо энд гүйцэв гэж хашгирсан Мөнгөлжин, цээжиндээ тэвэрсэн Эрдэвийг огцом түлхэн зайлуулаад, өрнө зүг морио гуядан ухасхийв....

...-Чи тэр Хархад гэх шооч эрийг тэр шөнө гүйцэж очсон уу гэж асуусан Эрдэв өөд үл тоосон харцаар инээвхийлж

-Тэр нүглийн зүүд шиг эр бид хоёр нэгэн өвгөний өмнө гөлөг шиг уралцаж, шидэж өгсөн өмх махыг булаалдан идэж, нэгэн дахны доор тэврэлдэн унтаж өссөн. Олон удаа бачим явахад зам хөндөлдөн гарч ирээд, үг хэлэх завдал өгөлгүй дутаагаад арилдаг байлаа.

-Тэр Хархад гэж нөхөр миний тэмээг эзгүй хээр харваж аминд минь хүрэх шахсан удаатай. Гэвч нөгөөдөр нь надад замчлан Тулуй эзэн дээр хүргэж өгсөн билээ. Даанч тэр үед түүнийг би таниагүй гэхэд Мөнгөлжингийн царай хувьсхийв.

-Эрдэв минь би эзэн ноён, хатан авхайн албанаас чөлөө хүсэн мөргөж чиний дэргэд сэтгэл амар хэдэн оныг үдэхсэн гэж олонтоо мөрөөдөх боллоо.

-Чамайг Есүнгэ мэргэний дэргэд гэрэлтэж явах буй за хэмээн сэтгэл шимширч буй гэж Эрдэв мэргэн од ширтэн санаашрав.

-Би чамаас бусдыг нэрлэсэн бурхан байлаа ч тасар татна. Би хаадын хаанд ч андгай тавиагүй тал нутгийн хөх чонын сүнс. Зовлон зүдгүүр, эрч хүч зангирсан мөнх тэнгэрийн “хөх шуурга” чамайг бусдын таалалд тарчлаахгүй албин шөнийн сүүдэр нөмгөлсөн чөтгөрийн уналга аа гэж Мөнгөлжин бүсгүй догшин дүрээр гунигтайхан шивнэв.

-Чи бид хоёр эгэл нэгэн бус. Цэрэг хүмүүс. Ихэс дээдэс, эзэн ноёдынхоо зарлиг доор шувуу шиг нисч явсаар хорвоогоос одох биз гээд урт санаа алдсанаа

-Харин чиний үнэрт мансууран, орчлонгийн жаргал цэнгэлд умбаж явсан тоотойхон тохиолыг мартаж үл чадна хэмээгээд зөөлөн тэвэрч озон озон үнсэв. Эрдэвийн хэлсэн үг үнэн байлаа....

ҮНСЭЛТ
 
Жамуха сэцэний совин
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.