Шуурайн Солонго

Шуурайн Солонго

-Төрсөн нутаг ? - Завхан аймаг Дөрвөлжин сум - Зурхайн орд ? - Үхрийн орд - Хайртай тоглоом ? - Дуулах дуртай байсан - Таныг өнгөөр илэрхийлбэл ? - Улаан - Таныг номонд дурлуулсан ном, Зохиолч тань хэн бэ ? - О. Дашбалбар, түүний бүтээлүүд - Өөртөө сануулж хэлдэг сайхан үг ? - Тэнгэр шиг бай - Сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? - Итгэдэг - Цаг гарвал юу хийх дуртай вэ ? - Унших - Хамгийн сайхан үнэр ? - Хаврын агины үнэр - Дуртай амт ? - Шинэ зөөхийний амт - Унших дуртай хүмүүст юу гэж хэлэх вэ ? - Ном надад хаан ширээнээс илүү үнэтэй - Таны хамгийн үнэт зүйл ? - Үр хүүхэд, уран бүтээл минь

ГЭГЭЭ

Хамар хашааны Дооёо гуайнд гэдэс хүргэхээр би гарлаа. Нүд нь юм үздэггүй тэр эмээ ганцаарханаа амьдардаг юм. Гэрийнх нь тооноор гэрэл үзэгдсэнгүй. Эзгүй байна гэж байхгүй дээ гэж санасаар бариулаас нь татвал онгорхой байв.

-Дооёо эмээ? гэж дуудвал

-Өө, хэн бэ, ороод ир хүүхээ гэх нь дуулдав. Ороод пүн харанхуйд гайхшран зогтустал

-Күүнээ юу даа? гэх нь сонстов.

-Тиймээ, ижий гэдэс өгүүлж байна гэвэл

-Яасан сайн хүү вэ, аваад ир гэхэд нь урагш нэг итгэлгүй алхаад

-Харанхуй байнаа гэсэнд уулгалан, нэг унтраалга дарах нь сонстов.

Цэгцтэй цомхон гэрийн доторх мэлсхийн нүднээ тодров.

-Хөгшин үдээр чинь гэрлээ асаахгүй мунгинаж байж хүүхэд айлгаад орхив уу даа гэх зуур нь гарт нь түмпэнтэй хувиа бариулж

-Эмээ та гэрлээ асаадаггүй юм уу? гэсэнд

-Гэрэлтэй гэрэлгүй нь ялгаагүй хүнд ямар хэрэг байхав дээ. Хүүдээ чихэр өгнөө гээд шургуулгаа тэмтчиж ойрын жил дэлгүүрт үзэгдэхээ больсон өнөөх гаатай чихэрнээсээ хоёрыг өглөө. Эмээг түмпэн суллах зуур би хоёр авдарных нь хиртэй нүүрийг харан харуусаж зогсов.

-Эмээ би маргааш таны авдрын нүүрийг арчаад өгөх үү?

-Яачиж уу хүүхээ?

-Арчих хэрэгтэй юм байна даа.

-Тэгээрэй миний хүү гээд түмпэнд минь нэгэн еэвэн хийж өглөө.Үүдний өмнө очоод би эргэж

-Эмээ оройд гэрлээ асааж байвал гэрт дулаахан байдгийг та мэдэх үү? гэхүл

-Мэдмээр юм байна, эмээ нь асааж байяа хэмээн толгой дохиод нэг зайдас авч үмхлээ.

Гэрээс нь гараад явж байхдаа тооноор нь цацах гэрлийг харахад нэг л бүлээхэн харагдав. Үүнээс хойш ээжээр загнуулалгүй модыг нь хагалж өгч байх минь, хараагүй хүн гараа авчихвал яах юм гэж бодсоор гэрийнхээ хаалгыг татав.

-Эгчээ гэрлээ унтраа даа гэвэл тэр гайхан над руу ширтэв.

-Түр унтраа, юм хэлье гэвэл аав толгой дохиж эгч ухасхийн байшинд тас харанхуй болов. Зуухны ам л улайна.

-Дооёо эмээ гэртээ ингээд л харанхуй суудаг юм байнаа. Гэрэл харанхуйг ялгахгүй хүнд ямар ялгаа байх вэ гэж байна гэвэл ээж зангирсан хоолойгоор

-Эвий эвий гэлээ.

Гэрэл асахад манайхан чимээгүй болчихов.

Эгч надад өтгөн шөлтэй будаа аягалж өгөв. Бүр хөржээ.

-Одоо давхаргыг нь тавихдаа гэрийнх нь модыг сайхан арчиж өгье байз гэж ээжийг хэлэхүй аав нулимсаа нуун арчих эгчид

-Ноднин нүүрсээ зөөгөөд тас хар нүүрлэж явахад нь хэлж угаалгасан. Ороод юухан хээхэнээр туславал гарнаас чинь гар унахгүй шүү, хүүхдүүд ээ гээд бие засахаар гарлаа.

Тэр өдрөөс хойш эмээгийн гэрэл орой болохоор л асдаг болчихож билээ. Шөнөжин асаастай байдаг сан. Бид ч түүнийг урьдынхаас илүү асарч тойлох болсон юм. Дооёо эмээ эгчид голгүй сайн болж, бурхан болохдоо гэр хашаагаа түүнд нэр заан өгч билээ. Эгч маань эмээгийн буурин дээр том цагаан байшин барьж хүргэн ахын хамт тусдаа гарсан юм. Үүдэн дээрээ бурхан болоочийн захиснаар гоё цагаан гэрэлтэй. Тэр гэрэл нь үүрээр гарсан ч гэрэлтэж байдаг юм.

Эмээ бидэнд сэтгэлийн ариун гэрэл асааж өгөөд бурхадын оронд одсон сон. Тэнд үргэлж гэрэл гийж байдаг биз ээ.

Толь
 
Шекспирийн сонетууд...
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!