***
Бурхангүйгээс бурхан хүртэл - ганцхан хором
Тэгээс тэмдэгтэй тоо хүртэл - ганцхан хором
Асар үнэтэй энэ ганц хормыг хайрлавч
Амьдрал гэгч их ч биш, бага ч биш - ганц хором
***
Усгал нүдний үлэмжийн чанар бурханы мэлмий
Утга төгс бүтээл урлах заяатай бид
Ертөнцийн бүслүүр үнэт эрдэнийн бөгж гэвээс
Ерөөсөө тэр бөгжинд шигтгэсэн очир алмааз билээ
***
Анхилам цэцэрлэг, аялаг бүсгүй, аяга дарс
Ай миний диваажин энэ дээ, өөр юу ч хүсэхгүй
Тэнгэрийн диваажинг өдгөө хэн ч үзээгүй явна
Тиймээс газрынхаа диваажинд амирлан жаргаюу
***
Яс мах, бие цогцосыг бүрдүүлэгч, бүхнээс хүчит бурхан та
Яагаад бидэнд мөнх нас бэлэглэхийг хүсээгүй юм бол ?
Хэрвээ бид төгс төгөлдөр юм бол - юунд үхдэг билээ ?
Хэрвээ төгс бус бол - хэн тэгээд гологдлыг бүтээсэн юм бол ?
***
Алмайран зүгээр сууж гутан гунирхдаг
Алиа зугаа, алив гомдлыг өршөөдөггүй хүн ичгүүртэй еэ
Чавхдаст хөгжмийн утсыг тасраагүй байхад нь дуулцгаа !
Чулуун хөнөгийг бутраагүй байхад нь ууцгаа !
***
Үнэхээр хөлжсөн баячуулд бүү атаарх
Үүр гийсний эцэст наран жаргадаг жамтай
Амьсгаа авах төдий хоромхон зуурын амь насаа
Амьтнаас зээлсэн гэж санаад ариглаарай
***
Бурхнаас бидэнд хэмжиж өгсөн юмсыг андууд минь
Булхай оруулан ихэсгэж, багасгаж болохгүй
Өр зээл тавихгүй, бусдын эд рүү шунахгүй
Өөрт оногдсоноо ухаантайхан хүртэцгээе
***
Ганхаж буй сарнай цэцгийн бут бүхэн
Гайхам сайхан бүсгүйн чандраас ургасан байж таарна
Өнөөдөр бидний гишгэлж буй өвс бүхэн
Өчигдөрхөн цохилж асан зүрхнээс соёолсон байж мэднэ
***
Эзэд ноёд энд хоргой торгонд хөлбөрч байсан
Эднүүст элч нар хар хурдаараа ирдэг байсан
Өдгөө энэ бүхэн баларч, нурсан балгасны ормон дээр
Өнчин хөхөө ганцаараа "Гүүг, гүүг" донгодно
***
Ваар хийдэг хонгилд орж нэг үзлээ
Ваарчин аяганы амсарыг илбэдэх мэт эргүүлж байлаа
Тэр нэгэн гоё аягыг эцгийн минь чандраар урлахыг
Тэрүүхэн агшинд би гэнэтхэн мэдсэн шүү
***
Үхэх төрөхийн утга учир оньсого мэт
Үзтэл мэргэд утга учрыг нь олж чадсангүй
Битүү цагирагийн эхлэл, төгсгөл хаана байнам
Бид хаанаас ирсэн, хаашаа одох вэ ?
***
Дээд ухаантай дэндүү үзэсгэлэнтэй хүмүүнийг ч
Дээд тэнгэр, үндсээр нь цавчин газарт нуучихна
Ай, Бид, ямар ч ашиггүй элэгдэх нь хөөрхий !
Амьдралыг амсаа ч үгүй байж, амьдраад дуусчихыг яана !
***
ОРЧУУЛСАН М.ШАГДАРСҮРЭН