Болохгүй юм гэж орчлонд хаана байна ?
Борхон туулай арсланг ч дийлнэ
Болзоот нөхөр нь зовлонд учрахад
Босовч суувч хамт гэж тангарагласан
Бодлогын амраг нь өөрийг сонгоно
Болно болно бүгд болно
Болохгүй юм гэж орчлонд хаана байна.
Тэгэхгүй юм гэж орчлонд юу байна ?
Тэргэл саранд ч очиж нутаглана
Тээршаасан юмс шүтээн болно
Тэнгэр минь гэсэн юмс дайсан болно
Тэнхэлгээсээ орчлон мултарч болно
Тэгнэ тэгнэ, бүгд тэгнэ
Тэгэхгүй юм гэж орчлонд юу байна ?
Санахгүй юм гэж хүнд юу байна ?
Сайныг сургасан багшаа ч худалдана
Садан төрлөө ч алахыг бодно
Сансрын салхийг ч өмчлөхийг хичээнэ
Саар санааг ялах сайн санаа юу вэ ?
Санана санана, бүгд санана
Санахгүй юм гэж хүнд юу байна ?
Адал орчлонд эрдэнэт биеийг өсгөсөн
Ачит ээжийн цагаан сүүг хор гэхэд би үнэмшихгүй
Ангаахайн чинээ байхаас бүүвэйлсэн үг
Аялгуу сайхан монгол хэлийн хомс гэхэд би итгэхгүй
Эх орон гэдэг үгийн амин сүнс болсон
Ээж, хэл хоёроосоо урвана гэж надад үгүй.