Шуурайн Солонго

Шуурайн Солонго

-Төрсөн нутаг ? - Завхан аймаг Дөрвөлжин сум - Зурхайн орд ? - Үхрийн орд - Хайртай тоглоом ? - Дуулах дуртай байсан - Таныг өнгөөр илэрхийлбэл ? - Улаан - Таныг номонд дурлуулсан ном, Зохиолч тань хэн бэ ? - О. Дашбалбар, түүний бүтээлүүд - Өөртөө сануулж хэлдэг сайхан үг ? - Тэнгэр шиг бай - Сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? - Итгэдэг - Цаг гарвал юу хийх дуртай вэ ? - Унших - Хамгийн сайхан үнэр ? - Хаврын агины үнэр - Дуртай амт ? - Шинэ зөөхийний амт - Унших дуртай хүмүүст юу гэж хэлэх вэ ? - Ном надад хаан ширээнээс илүү үнэтэй - Таны хамгийн үнэт зүйл ? - Үр хүүхэд, уран бүтээл минь
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦАСАН УУЛС / “АМУДАРЪЯА“ номонд багтсан туужийн хэсгээс /

- нэгдүгээр хэсэг-

Тэнгэр ширтээд хэвтэхэд

Тэндээс шувуу даллана

Яруу найрагч Панакийн Очирбатын шүлгээс...

Даншиг гуай малдаа яваад иртэл уяан дээрээс нь гурван залуу сүр пархийн мордож байв. Гэрийнх нь үүд дэлгээстэй. Муу хүүг нь л шоглож дээ, янз нь...Тэр яаран бууж, гэр лүүгээ түгчин алхав.

Орвол ганц хүү нь орныхоо өмнө, хөлс нь асгаран улайсан сууж байв.

-Яав, миний хүү юу болов? гэхэд тэр хөмсгөө зангидан, буруу харснаа шийдэмгий босон, гарч одов.

Аав нь дээлийг нь шүүрэн авч, хойноос нь гүйвэл морины шузга руу очсон Цэцэн хүү нь эргэн харж, өөрийнх нь унаж ирсэн морийг унан:

-Надад ямар ч дээл хэрэггүй гэснээ давхиад явчхав.

Ээ базарваань! Толгой нүцгэн явчихлаа. Суганыхаа товчийг товчлоогүй хүү нь хаачих нь вэ? Гэгээн өдөр гаргадаггүй өөрийнх нь хорио цээрийг тоохоо больж, яаж задарч буй нь тэр вэ? Илүү унаа байсан бол муу золигийг уургалж аваад, тас шилбүүрдэн авчрах сан гэж санан, амьсгаадаж зогстол хүү нь голын шургууд байсан хэдэн сувай адуугаа хөөн давхиж ирэв.

Даншиг өвгөн зөнгөөр нь байдаг хүү нь нэг л эрс шийдмэг болсныг ухаарч, хөлд нь суухаас аргагүйг мэдрэн, дээлийг нь барьсаар дөхлөө. Хүү нь мориноосоо алавхийн бууж, адуу малнаас зэнзийрхдэг нь ч хаачив гэмээр хэдэн сайхан агтаа шууд л ногтлоод ногтлоод явчих нь тэр.

-Миний хүү яаж байгаа нь энэ вэ гэхүйд шүд зуун:

-Би одоо эр хүн шиг амьдарна аа гэж сийгүүлэв.

-Миний хүү тэгж болохгүй. Болдоггүй юм, Цэцээн!

-Яагаад тэр вэ, аав аа?

-Болохгүй л гэсэн бол болохгүй. Аль! Энэ дээлээ нөмрөөд ор.

-Үгүй ээ. Би одоо хүн шиг амьдарна аа. Хэчнээн жил наад дээлийг чинь нөмөрч, харанхуй шөнөөр гэтэж явах вэ? Заяа минь гомдох байлгүй... гэснээ тэргэн дээрээс эмээлээ шүүрэн авч, хүрэн ажнайгаа мөнгөн хазаараар хазаарлан, юу юугүй давхин одох шинжтэй.

-Болдоггүй юм, хүү минь. Лам багш чамайг хэлэхдээ гэгээн өдөр гаргаж болохгүй гэсэн юм гэж учирлахуй Цэцэн хөмхий зууж:

-Тэр хориг цээр чинь надад ер падгүй. Би гэрийнхээ мухарт өтөлснөөс наранд гараад үхэхийг илүүд үзнэ гэж уурсав.

-Чи төрсөн эцгээ, 50-н настай намайг орхин одох чинь энэ үү?

-Одоо цаг нь болсоон. Би ингэж эрүүл саруул атлаа гэрийн буг, хоригдол шиг амьдарч чадахгүй. Хүний ёсоор явж байгаад үхнэ.

-Миний хүү чинь эр хүн биш, охин үр шүү дээ гэхэд олмоо чангалж байсан хүү нь зогтусан эргэж харав.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ....

Үүлэн зардас
 
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.