Галбадрахын Ууганбаатар

Галбадрахын Ууганбаатар

Дурсамж, төрөгдөл, монгол ахуй... ийм нэгэн эх зохиогчийг уншигч та бүхэнтэй уулзуулж байна.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОДОЛ ХӨВРӨХ ЦАГААР ...

Цас бударсан хангай нутгийн өглөө бүүдгэрхэн аж. Зуны тэргүүн сар гарсан байтал цас ордог энэ үзэгдэл баруун Алтайн хүү надад сонин санагдахаа болиод уджээ. Манай Ховдын хонхорт лав ингэж 5 сар гарсан хойно цас ордогыг би мэдэхгүй юм. Уулсаараа, хөдөө тийшээ ордог ч байж болох.

Цастай өглөө орноосоо өндийгөөд л ийм үeд хэдэн бор малчид, нялх төл яаж зутарч байгаа бол гэж санагдах. Хөөрхий, сэтгэлийн мухарт малчин удмын минь үнэр байдаг л бололтой юм. Халуун хөнжилд хэвтэж байгаа надад хаа хол байгаа мал, малчин санагдаж байна гэдэг соньхон.

Гэснээс тээр жил өвөөгийнхтэй айлсан зусаж байсан саахалтын хоёр хос одоо өнөр өтгөн болсон байхдаа гэж бодол хөврөн алсрах. Бодол гэдэг ийм сонин. Биe биeнээсээ ургасаар анхны бодлоосоо шал өөр зүйл бодчихсон хэвтэнэ. Уг нь анх энэ шинэхэн цасны тухай бодсон бодол маань тэртээх 20 жилийг өмнөх залуу хосын болзоог эргэцүүлсэн шиг алсарчээ.

Монголын радиогоор Торгоны хээ хэмээх ардын дуу цангинана. Буйдхан хөдөөд ямар үзэж, харах зүйл байх биш. Өдөржин радиогоо чангалчихаад сонсож бардаг юм.

Торгоны маань хээ гэдэг нь

Товгорхон ч байна уу даа ай хөөрхий хонгор миньдээ хө

хэмээн дуу эхлэхтэй зэрэгцээд саахалтын ах хүү болзоот бүсгүйтэйгээ худган дээр уулзах аж. Удаач үгүй бүсгүй хормойгоо дэрвүүлэн гэрээдээ гүйхийг харсан би ах гомдоождээ янз нь гэж бодох зуур

Томоогүй шүү сэтгэл гэдэг нь

Хэнийгээ ч гэхэвдээ ай хөөрхий хонгор минь дээ хө

хэмээн радиогоор явж буй дуу улам л тод сонсогдоно.

Ардын дуу, амьдрал хоёр яасан ч ойр юм.

Тэр өдрөөс хойш саахалтын 2 болзож харагдсангүй. Бодвол хэн хэндээ л туньсан бололтой. Өсвөр насны хүү би тэднийг яагаад уулзахгүй байгаа учрыг олох гэж түмэн янзын таамаг дэвшүүлнэ. Ах хүү л энэ ороо нь орж, зэл эргүүлдэж, эмээд ажил нэмж байгаа хар бух аятай хойд хөндийн Цагаанчулуутын хэдэн айлын охидтой сээтэгнээ биз хэмээн таамаглана. Тэгсэнээ мөдхөн өнөөх бодол сарниж тэр эгч л учир нь олдохгүй ааш гаргаж ахыг зовоож байгаагаас зайлахгүй хэмээн эр биeсээ өмөөрмөөр санагдана. Иймэрхүү янзаар хэдэн янзын таамаг дэвшүүлэвч эцсийн дүгнэлтгүй бүгд сарниж одох нь элбэг.

Арван дөрөвтэй жаал хүү би нэгэн үдэш хонио хотлуулаад гэлдэрч явах зуур болзоот хоёр маань хойд уулын хяр дээр хоёр морио тушчихаад ойролцоох хадан дээр зэрэгцээд сууж байх нь тэр. Ашгүйдээ гэж бодох зуураа ахиулаад харвал "ааштай" эгч жишүү хараад суучихжээ янз нь. Харин ах хүү үүнийг нь анзаарч байгаа үгүй нь бүү мэд амандаа дэрс зуугаад алсын бараа ширтээд атан тэмээ шиг налайх аж. Удсанч үгүй ухасхийж мориндоо мордоод залуу хүний эрэмгий зангаар тоос татуулаад давхиад одов.

Чимээгүйхэн чиг суугаад байвал хө

Мордоод явчихна даа ай хөөрхий хонгор минь дээ хө

хэмээх өнөөх дууны 2 дугаар бадаг чихний мухарт сонсогдох шиг санагдана.

Айдаа ардын дуу, амьдрал хоёр дэндүү ойр юм. Буйдхан хөдөөгийн болзоот залуусын ааш аягыг яг л дуулждээ хэмээн санагдана.

Бодол хөвөрсөөр ....

Он цаг ч улирсаар ...

Нутгийн хоёр хос нугас шиг олуулаа болсон байхдаа одоо. Тэр нэгэн намар Алтайн уулсыг доргиосон их найр хийсэн юмдаг.

Ахын асуух ч үгүй мордоод явчихдаг зан арилаа болов уу яагаа бол. Ааш нь олдодгүй тэр эгч томоожоо боловуу яагаа бол.

Харин

Торгоны маань хээ гэдэг нь

Товгорхон ч байна уу даа ай хөөрхий хонгор минь дээ хө

Томоогүй шүү сэтгэл гэдэг нь

Хэнийгээ ч гэхэвдээ ай хөөрхий хонгор минь дээ хө хэмээх ардын дуу минь олон олон хосод ухаарал хайрлан дуулагдсаар л ...

ЦАСАН УУЛС / “АМУДАРЪЯА“ номонд багтсан туужийн хэсгээс /
 
Жамуха сэцэний совин
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.