Бэгзийн Явуухулан

Бэгзийн Явуухулан

Дорнын их яруу найрагч хэмээх алдрын титмийг өмссөн энэ эрхэм 1929 онд Завхан аймгийн Жавхлант суманд төржээ. Тэрээр 1949 онд санхүүгийн техникум, 1959 онд Москва хотноо Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгсжээ. Түүний шүлэг, яруу найргаас бүтсэн дуунууд аль хэдийнээ уншигчдын сэтгэлд тод байгаа биз ээ. ...Туулын урсгал шөнөдөө сайхан сан Торгон долгио хаялан мяралздаг сан Хоёр ангир дандаа л хөвдөгсөн Холын анир авангаа дуугардаг сан .... ... Холоос гүйдэлтэй борлог минь Сулдаан ганхам жороо доо Голоос хайртай амраг минь Шөнөдөөн гэрэлтэм царайлаг даа ... ... Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би .... Б.Явуухулангийн шүлэг, найраглалууд та бидний билэг оюуныг мялаасан нь бишгүй их ээ. Их яруу найрагчийн шүлэг найраг гадаадын 30 орчим улсын хэлнээ орчуулагдсан. Тэрээр Монголын уншигчдыг дэлхийн сонгодогуудтай танилцуулахаар Германы И.Гёте, Таджикийн найрагч Мирзо Турсун Задегийн шүлгүүд, Японы Басё, Масаока Саки зэрэг яруу найрагчдын хайку шүлгүүдийг орчуулж, уншигчдадаа хүргэсэн юм. Түүний шүлэг, яруу найраг амьдран ахуй цаг үеийнхээ бодит тусгал болсон реалист шүлгүүд байдаг билээ. Хоёр далбаа, Улаан дарцаг, Уурхайн хот, Өвгөн уурхайчны үг, Уурхайн замд, Гуталчин зэрэг социалист нийгмийн суртал ухуулгын шинжтэй бүтээлүүд бий. Тэгэхээс ч өөр арга үгүй байсан биз. Гэвч байгалийн жам ёс, хүний амьдрал, зовлон гуниг, аз жаргал, баяр хөөр, амьдралын өнгө, гэрэл сүүдэр бүхнийг тод илэрхийлсэн бүтээлүүд нь зуун дамжин уншигчдын сэтгэл зүрхийг хөглөж, оюуны мэлмийг баясгасаар байдаг билээ. Бүтээл.мн та бүхэндээ Дорнын их яруу найрагчийн бүтээлүүдээс мөн түүний орчуулсан шүлэг, найргийн дээжээс толилуулж байна. Илүү ямар ч тайлбаргүйгээр Таалан соёрх .
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

4 мөртүүд

Нүд хальтрам сайхан бүсгүйг олж хараад

Нэг ч үг солилгүй олны хөлд алдах нь

Сайхан санаа сэтгэлд гэнэт сэрхийн ороод

Шүлгийн бадагт үлдээгүйгээс юуны өөр !

***

Гэгээвчин дор үүрээн барьдаг

Голын хараацайг хөөрхийлөлтэй

Учирсан дор үгээн хэлдэг

Гэнэн бүсгүйг өрөвдөлтэй

***

Чи минь л дэргэд байхгүй бол

Би, шөнийн тэнгэрт саргүйтэй адил

Чи минь л дэргэд байх юм бол

Би, шүүдэр гялалзсан цэцэгтэй ижил

***

Мөнхрөн цэлийж байгаа энэ их орчлонд

Мөчир нь хугараагүй мод байхгүй юм гэлүү ?

Халуу дүүгсэн цээжиндээ цохилж байгаа зүрх нь

Хал үзээгүй хүн хорвоод бас л байхгүй

***

Жавхаалаг нар огторгуйд мандан гарахлаар

Жаварлаг оддын гэрэл сүлэгдэн уусна

Түүний адил, онцгой нэгэн дурлалын өмнө

Түрүүчийн бүх шалиглал хайлан замхарна

***

Огторгуйд үүлгүй цэлмэг

Өвлийн өглөө жихүүн,

Огтхон ч дурлаагүй эмнэг

Хүний сэтгэл хүйтэн

***

Архи хийсэн сав

Согтсон гэж дуулаагүй ээ би

Дурлал амссан зүрх

Ханасан гэж сонсоогүй ээ би

***

Нарны илч шиг төөнөөд ирэхдээн дурлал

Гантиг ханыг ч бол нэвтлээд орно

Нүүдлийн шувуу шиг буцаад явахдаан дурлал

Ган аргамжаас ч бол мултраад арилна

***

Хөдөө нутагт малчдын өвөлжөө зайдуу

Хүүрэгт хөндийн явуулах зай арвин

Хүүхэн хонгорын болзсон болзоо хатуу

Хүйтэн шөнө морин туурай хөнгөн !

БОДОЛ ХӨВРӨХ ЦАГААР ...
 
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.