Сүйх тэргэнд хөллөсөн
Хатирч морь довтлох шиг
Суудаг тэргэнд орсон
Хүн-хүлэг жирийлгэнэ
Хөнгөн хоёр дугуй хүрд
Хүрд адил эргэлдэнэ
Хөндлөнгөөс нь харвал
Хигээсгүй юм шиг үзэгдэнэ
Хөхөрч гандсан биенд
Хөлснөөс зузаан хувцасгүй
Хөлийн хоёр уланд
Сайрнаас зузаан гуталгүй
Хөлсний хөөрхий тэрэгчин
Бөг бөг шогшино
Хөлсөлж унадаг ямбатан
Хүн-хүлэг гэж нэрлэнэ
Бүрэнхийн дунд бүүдэгнэж
Булан тохой тойрно
Харанхуйн дунд сүүдэгнэж
Харах бараагүй арилна
Зайлуул, тэдний нэг нь
Жирийлгэж явна, харъя
Алив, тэгээд дайралдсаных
Араас нь жаал дагая
Хэн гэгч нь морилж
Хүн-хүлэг хүлэглээ вэ ?
Ямар гээч ордонд нь
Яаруу ажил гараа вэ ?
Хүн хүлгийнхээ ард
Ханхар эр дэлчийнэ
Суудал доорхи жинтүү нь
Шаз тавим налчийна
Ямбатай эрийн амнаас
Янжуурын утаа суунаглана
Ядуу хүний нуруун дээр
Түймэр шатах шиг үзэгдэнэ
Хөнгөн хоёр дугуй
Хүрд адил эргэлдэнэ
Хөндлөнгөөс нь харахад
Хигээсгүй юм шиг үзэгдэнэ
Холбоо хоёр нум
Хотос хотос нахилзана
Солбио хоёр хөл
Тахис тахис гүйнэ
Хөлийн эвэршсэн ул
Цардмал зам алгадна
Хөлсөн дээл нь сэмрээд
Чим чим дусална
Гишгэсэн газрын цардас
Хайлах шахам хоцорно
Хөөрхий тэрэгчний шандас
Хөвч адил чавхдана
Хөлсний энэ тэрэгчин
Хөнгөн тэргээн чирсээр
Хар үүрээр эртлэн
Хотын төвд иржээ
Хөлслөх хүн горьдож
Хөштөл тэнд хүлээжээ
Хөгжөөнт хотын эрээнд
Хөхөрсөн нүд нь чилжээ
Бүгчим наранд шарагдаж
Хөөрхий энэ тэрэгчин
Бүхэл өдөр зогссоныг
Хэн ч ер ажсангүй
Хөл хөгжөөнт хот
Хуучин янзаар бужигнана
Хөлсний тэрэгчин сондгойрч
Гав ганцаар зогсоно
Гэтэл харин ашгүй
Гэрэлт наран шингэхэд
Хаа хүрэхийг мэдэхгүй
Ханхар эр иржээ
- Хүрэх газар хол
Хүч чадлаараа гүйгээрэй
"Хол" гэдэг үг бол
"Мөнгө" гэсэн үг
Мань тэрэгчин дуулаад
Магнай хагартал баярлаж
Гар дамжаагүй мөнгө
Гарыг нь зүсэх шиг болж
Өт олсон шувуу
Өндөрт хурдаан авах шиг
Хөл нь газар хүрэхгүй
Хатирч яваа нь энэ ээ ...
Хөнгөн хоёр дугуй
Хүрд адил эргэлдэнэ
Хүч чадлаан шавхан
Хүн-хүлэг жирийлгэнэ
Холбоо хоёр нум
Хотос хотос нахилзана
Солбио хоёр хөл
Тахис тахис гүйнэ
Ядуу тэрэгчний хөл дор
Хүйтэн зам урсана
Ямбатай эрийн хөл дор
Хүний хөлс урсана
Өлөн үнэгний гүйдэг
Үнэгэн харанхуйн үеэр
Өтгөн нойрны дардаг
Үүрийн таван жингээр
Гар хоосон тэрэгчин
Гэрээн орхиод гардаг юм
Гэр бүлээн тэжээх
Хэд гурвыг олдог юм
Өдөр нь хүн тээвэл
Үдэш гэр нь хоолтой
Үдэш гэр нь хоолтой бол
Тэрэгчний бие жаргалтай
Өнгө өнгийн бодолд
Өдөржин шөнөжин дарагддаг юм
Өөрөөн гадаа яваа ч бол
Сэтгэл нь гэртээн байдаг юм
Хамар сэтлэм чийгтэй
Ханхай өрөө нь хүлээдэг юм
Ханын бяцхан тавиур дээр
Хоосон ярайдаг юм
Нялх биетэй эхнэр нь
Хоол ундгүй цонхийдог юм
Нялзрай бяцхан үр нь
Гэдэс өлөн уйлагнадаг юм
Амраг ханьдаан үнэнч бол
Арал дунд хатирах нь зүй
Бүлтгэр үрдээн хайртай бол
Бүрэнхийн дунд шогших нь ёс
Хөнгөн хоёр дугуй
Хүрд адил эргэлдэнэ
Хүч тамираан гаргаж
Хүн-хүлэг зүтгэнэ
Холбоо хоёр нум
Хотос хотос нахилзана
Солбио хоёр хөл
Тахис тахис гүйнэ
Бүрэнхийн дунд бүртэлзэж
Булан тохой тойрно
Арал дунд аахилж
Атга чадлаан шавхана
Ядуу тэрэгчний хөл дор
Хүйтэн зам урсана
Ямбатай эрийн хөл дор
Хүний хөлс урсана
Хамаг хөлсөөн асгаж
Хотын захад ирлээ
Хоёр борвион холгож
Холын хол гүйлээ
Хана дүүрэн цонхтой
Хар чулуун байшин
Хөөрхий тэрэгчний олзонд
Хязгаар тавин хөндөлслөө
Солбио хоёр хөл
Гуйвас хийгээд нийллээ
Холбоо хоёр нум
Хотос хийгээд тэнийлээ
Ханхар эр жишим ч үгүй
Хар байшинд яарав
Хөөрхий тэрэгчин хойноос нь
Хөлсөөн нэхэн сарвайв
Дол цохисон жуулчин
Үдшийн бүрийг ашиглаж
Дал мөрөөн давуулан
Сохор зоос чулуудав
Хөөрхий тэрэгчний хөлд
Хангинах дуу нь гараад
Хатуу цардмал зам дээр
Хадуурч тойрон эргэлдэв
Харах бие нь үзэгдэхгүй
Хангинах чимээ нь сонсдоно
Хангинах чимээгий нь дагаад
Хөлсний тэрэгчин эргэлдэнэ
Хөрст дэлхий тэнхлэгээн
Хүч аван эргэв
Хөөрхий ядуу тэрэгчин
Хөсөрт сөгдөн унав
Хар байшингийн нэг цонх
Гялс хийн гэрэлтэв
Хүүхэн хүний шингэн дуу
Тас хийх хөхрөв
/1960/