Хорвоогийн ээдрээт амьдрал дунд
Зовж ханилсан байтлаа
Хонгор хоёр биестээн
Зүйргүй дурласан мөртлөөн
Ишигний хоёр эвэр шиг
Хамт амьдрах тавилангүй
Этгээд нэгэн гажуу
Тийм дурлал байдаг юм
Өлгөөд авах шалтгаангүй ч
Үг зөрөөд ирдэг юм
Үнэнчийн тангарагаа няцаагүй ч
Итгэл арилаад өгдөг юм
Сайхан үр төрлөө гээд
Тус ердөө ч болохгүй
Шаналсан сэтгэлийн галд
Тос нэмэхээс шалихгүй
Ишигний хоёр эвэр шиг
Хамт амьдрах тавилангүй
Этгээд нэгэн гажуу
Тийм дурлал байдаг юм
Нарийн банзан дээр багтдаг
Хайрын сэтгэл хөрдөг юм
Айлын хүнээс зовдог
Эвийн нэгдэл задардаг юм
Зан зангаа авалцсан ч
Заавал нэг дээр болохгүй
Задгай талын уудамд ч
Суудал зэрэгцэж чадахгүй
Ишигний хоёр эвэр шиг
Хамт амьдрах тавилангүй
Этгээд нэгэн гажуу
Тийм дурлал байдаг юм
Хоёр бие холдлоо гээд
Хожсон юм ердөө ч гарахгүй
Өөрсдийгөө тэд зовоолоо гээд
Өширч бас чадахгүй
Тийм дурлалаас хүн
Замаан голдуу алддаг юм
Тэнцэж хөл дээрээ боссон
Амьдрал голдуу нурдаг юм
Барин тавин зүүд шиг
Дурлалыг ойлгоход хэцүү
Байгаль эхийн заяасан
Арван хуруу тэгшгүй ээ !!!