С. Пүрэвсүрэн

С. Пүрэвсүрэн

Ногоон талын сувд шиг, нүд алдам нүцгэн шаргал талын баянбүрд шиг, нүдгүй цасан шуурганы нөмөр аргалын гал дүүгэсэн бөмбөгөр цагаан гэр малчин ахуй, монгол хүний сайхан сэтгэл, цөлх ухаанд хамгийн ойрхон аваачих зохиолууд бол орчин үед Соёрхын Пүрэвсүрэн гуайн бүтээлүүд билээ. “Хотжилт”-ын энэ үед чухам түүний бүтээлүүд уншигч биднийг малчины хотонд аваачиж, нялх ногооны үнэрт согтоож, зуны халуунд зэрэглээ хэрхэн бүжиглэхийг харуулна. Түүний шинэхэн зохиол бүтээл, өгүүллэг, туужаас buteel.mn дээжлэн хүргэсээр байх болно. Оюуны охийг хүртэгч эрхэм уншигч та зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн оюуны урланд тухлаарай.

Уяхан шаргал бүүвэй

Цагийн араншин ороо бусгаа 1932 оны бичин жилийн зун ар халхын Дарьганга нутгаас адуу малаа багширтал туусан гурван хот айл Сөнөдийн нутагруу сөл хөөн орж ирэв.

Манжийн хааны торгон сүрэг адуулж асан Дарьгангын Гангачуулын тохсон эмээлийн арван цагаан, зүүсэн ээмэг бөгжний хийц халх дөрөв, шавь тавд гайхагдаж, бүсгүйчүүдийн толгойн боолтний шүрэн шигтгээнд харц хальтчих ажээ.

Газрын хөрс хуйлартал эргэцэх морьдын хурц дөрвөн туурай бут бударганатай элсэн манхан дундуур шувуу шиг дүүлэх нь бахадмаар.

Манжийн амбан сайдын Дарьганга хошууны эгэл ардаас эхлээд эзэн ноёнд хүртэл алагчлалгүй цалин пүнлүү олгож, түүнийгээ цул мөнгөөр тавих тул аагаа багтааж ядсан баячуул хэт хутга, хазаар ногт, аяга халбагаа хүртэл мөнгөлж, өндөр бүүрэгтэй эмээлийн модоо арван цагаанаар гоёж, удам дагасан бэлээ гайхуулж ирсэн ажээ.

Шилийн голын Алтан ширээтэд халхын баячуулыг татаж ирсэн Зодовжав амбан Хараатын манханд нутаг заан суулгаад өргөн дэлгэр найр наадам хийхэд нутаг усны ардууд цааш гэж төвөгшөөлгүй идээ цагаагаа барьж адуу малаа уяж хөл болон угтав.

Гангачуулаа ахалсан Асралт өвгөний хүүхэн Цахирмааг харахаар үеийн харчуул дөрөө харшуулан давхилдаж, өглөө оройд бууж мордох шалтаг хайх агаад хашин цагаан шүдээ ярсхийлгэн инээхэд гэрэл ойж байлаа гэж бие биендээ гайхуулна.

Ганц сүлжсэн өтгөн буурал гэзэг унжуулсан Асралт өвгөн хурдан морьдын уяа сойлго харж, өдөржин адууны захад өнжих тул гэртээ үлдсэн Цахирмаа нутгаа санан дуулж, харанга шаваг түүж явахад Цахар залуус тэвэр тэвэр харанга үүрч гэрийнх гадаа хурааж ажилсаг шаавай зангаа харуулах аж.

Ханагар хангар залууст нүүр өгөөгүй Цахирмаагийн сэтгэлийг уургалах эрийг таамаглан ярих нутгийн хүүхнүүдтэй нүүр хагарч танилцаагүй Цахирмаад битүүхэн атаархавч хэлж зүрхэлсэн хүн байсангүй.

Асралт өвгөн өглөө эртлэн босч тэнгэр хангайг харж, нааш цааш саравчлан зогсоход айл хотлын эрчүүд аандаа хүрч ирээд өвгөн буурлын үгийг хүлээнэ.

-Зодовжав амбанд айлтгаж Хараатын хоёр манханд овоо босгож тайж тахих учиртай юм даа. Нар шарж, газар гандлаа байна. Уул усаа тахиж аргадаж гуйхгүй бол энэ нутгийн лус савдаг хилэгнэж мэднэ хэмээн хэлэхэд том багагүй толгой дохин зөвшөөрөв.

Бид энэ нутагт хэдэн жил суух бий вий. Алтан Дарь овооноос ганц чулуу гуйж, Ганга нуурын уснаас ганц домбо рашаан залж ирэхгүй бол боломгүй гээд судар номоо дэлгэн төлөг тавьж үзвэл өөрийнх нь хүүхэн Цахирмааг Сөнөд нутгийн хархүүгээр хань болгон мордуулвал өлзийтэй хэмээсэн мэргэ буув.

Асралт өвгөний үг хаврын түймэр шиг хурдан тарж нутгийн залуусын нойрыг хулжаах болов.

-Намайг л сонгох болов уу гэж дөмөгхөн харчууд өвгөнийхөөр бууж мордовч гаанс зуусан хээнцэр өвгөн үг дуугарахгүй сууна.

Тийнхүү олны нүд одонд зүүгдсэн цуу үг худал болов хэмээн харчуулын санаа амарч байтал Асралт өвгөний охинтой жаал Содовын хүү Дүүрэн мордох гэнэ гэсэн цуу дахиад л тарж шартай омогтой залуусын голыг горойлгох болов.

Эмнэг адуу харахаараа уурга сунгах дуртай заг модны мөчир шиг хархүүг дагуулсан Цахирмаа аавдаа үнсүүлээд мордоход том багагүй л гайхацгаан, Дарьгангын тэнэг өвгөн гэж загнаж байлаа.

Шөл уух төлөггүй, шүд чигчийлэх хоолгүй ядуу өвгөн Содовын хүүг номгочилж суухад амар гэж бодоо байлгүй хэмээн битүүхэн атаархсан сэтгэлээ тайлж, үгийн хачир болгов.

Дүүрэн хүүгийн унасан Дарьгангын жаахан шарга морь толгой хаян дүүхэлзэнэ. Цахирмаа бүсгүйн унасан хилэн хар морины суман хатираанд явдал алдан цогивч, унасан эрийн жолоо татан дугтарах сурмаг аашинд захирагдан дөрвөн туурай яралзуулан хатирч газрын холыг эвхэж явлаа.

Үе насны залуус явдал замын уртад нүүр хагаран танилцаж, зорьсон хэргээ бүтээгээд харьж ирэхдээ сэтгэлийн үзүүрээ зангидсан аж.

Хараатын овооны тахилга наадамд хүч үзэн зодоглосон нутаг нутгийн хүчит бөхчүүдтэй ана мана ач тач ноцолдсоор гурав даваад, дөрвийн даваанд цээжнээсээ цус амтагдтал унахад Асралт өвгөн нулимсаа гартал инээж, дэргэдээ суусан Содов өвгөнд хүүг нь магтан бахдаж байв.

Өдөржин мөлхсөн гангийн улаан нар элстэй шаргал манханг сульдасхийн туулсан үдшийн цагаан гэгээнд Цахирмаа охиныг дөхүүлж өгөхөөр мордсон Дүүрэн

-Чамайг тойрч ээрсэн залуусыг харж байж ганц муухай шидүүллээ гээд инээсэн сэтгэлт хархүүгээ цаашлуулж

-Наадмын мөрийгөө өгнө гэж онгироод байсан чинь амархан л уналаа. Мэдсэн бол Баарай хүүд л сэтгэлээ өгдөг байж гээд одод цочоон цангинуулан хөхрөв.

Уул ус эзэн савдагтайгаа баярлан бахадсан мэт үүлгүй шахам тэнгэрт хар үүлс хурсаар том том ширхэгтэй бороон дусал хаялж эхэлэхэд хоёул морьдоо гуядан уралдан давхисан ч усан хулгана болтол шалба норов.

Ган тайлагдсан нутгийн элсэн манхан таана хөмүүлийн үнэрт бялуурч, улайдсан шаргал тал номин ногоон өнгөнд хувилсан тэр жилийн намраас хойш сэтгэл амгалан санаа уужим хоёр жил өнжөөд нутаг буцахдаа нутгийнхаа хөх чулууг Хараатын овооноос авч, амар амгалан нутагласан Алтан ширээтийн хөндийд сүү идээгээ өргөн, хонь мал үхэр адуу таслан хишиглэж үлдээгээд хөдөлсөн их нүүдлийн замд өвгөн эцэгтээ хоргодож үлдсэн Дүүрэн хүү сэтгэлийн гунигаа нууж

-Ганга нуураа зорьсон нүүдлийн шувуудын ганганаанд сэтгэлээ дайж явуулна аа гэж хэлээд уртаар санаа алдав.

-Буцах шувуудын нулимсанд хайраа шаглаж ирүүлнэ ээ гээд нулимсаа арчсан Цахирмаагийн ижий зөн амилж хайртай залуудаа хоргодсоор нүүдлээ даган хөдлөхдөө уяхан хорвоог мэлмэртэл бүүвэйн дуу аялж байлаа..

Тийм дурлал байдаг юм
 
Шекспирийн сонетууд...
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!