-Бэсрэг тууж-
Хөхөөн дуу цээлшиж, хөх ногооны униарт хайлмаг наран цатгалдсан дэлгэр улирлын салхины үзүүр морьдын хөлөөр талхлагдсан зургаан сарын арван тавдаар Дүүрэнжаргал хол нутгаас чамгүй үнэ хаян олж ирсэн загал үрээгээ шинжин гүүн зэлэн дээр өнжив.
Нутгийн ланжгар уяачид зүүн аймагруу хурдан морины наймаа панз үсэргэхээр санаа нийлэн мордоход хүний нутагт хөлсөө сэврээх завдалгүй гурван жил ажиллан байж хураасан цөөхөн хэдэн төгрөгөө өвөртлөн дагаад давхичихсан билээ.
Хурд чуулсан нутгаас азарган үрээний үнэ ханш харж яваарай гэж аминчлан захисан нагац ах нь загал буурал үрээг учиргүй голж, годон сүүлтэй, бөгтөр нуруутай үрээ олигтой азарга болохгүй гэхэд үг хэлж чадаагүй.
Ганц адуу нэг шөнийн шуурганд гэж үгтэй юмдаа.. Ээ мөн тэнэг хүнээ чи гэсэн нутгийн харчуул шивэр авир шивнэлдэж байгааг ч дамын үг явуулын салхинаас зөндөө сонсов.
Гэвч чиг түүний сэтгэл гонсойсонгүй. Нутгийн адуунд иртэй харчууд, морь танихдаа гаргууд гэж гайхагдсан уяачид босоо дэлтэй борви туурай сайтай гэцгээн, Асгат нутгийн унаган хүлгүүдээс шилж шигшиж үнэ өртөг цацлан авсан морьд олны нүд булааж, ам хуурайгүй магтах эрээ цээргүй үгэнд цагаан хэл ам тусах шахаж байлаа.
Харин Дүүрэнжаргалын авчирсан янхигар эрүүтэй данхар толгойгоо хаа нэг хаян, хүзүү сунган үүргэлэх бөгтөр нуруутай шодон буурлыг нүднийхээ булангаар хялайж харсангүй.
ххх ххх ххх
Ороо догшин, омголон дагшин морьдыг харж, хорхойсон инээлдэх бэлтэй хөрөнгөтэй харчууд наймаа хийж дуустал машины сүүдэр бараадан дуугайхан сууж байсан Дүүрэнжаргал дээр хойд хормой нь нөхөөстэй гандмал тэрлэгтэй өвгөжөөр хүн ирж тамхилан суухдаа үүл унасан цэхэр нүдээрээ доогтой харж
-Залуу хөвүүн морь шинжихгүй яагаав ээ. Хол нутгийн билэг танхай уяач хүүд тоогдох алтан туурт алга уу гэж ёжлонгуй хэлэхэд, толгойгоо илэн даруухан инээв.
-Манай нутгийн хонины морь танай тэнд салхин зэв хүлэг болдог л гэцгээх юм. Өвгөн ах нь ганц муу хүүхэнтэй. Хүүхэн маань тэнхээрхээд болдоггүй ээ. Зүрхэнд нь гажиг суучихсан бололтой. Насны бөгсөнд зүдэрч л явна гэж яриад Дүүрэнжаргалын тамхинаас угсруулан хэд татав.
- За нутгийн ахан дүүс ч морьдоо авчихлаа. Одоо ч уул найгаж, ус цалгитал найрлана биз дээ гэж Дүүрэнжаргалыг хэлэхэд
-Чи морь авахгүй юм уу гэж сөргүүлэн өвгөн асуув.
-Өө миний бэл хүрэхгүй юм байна. Хорь гучин саяас л эхэлдэг шидтэй наймаа юмаа гээд сулхан инээлээ.
-Өвгөн ахад нь ганц галтай үрээ байна. Сарваандаа өнчирч дуртайдаа мал болсон номхон амьтан. Уяж чадвал улс даяар гайхагдах удамт хүлгийн нэг дээ. Сайн морь эзнээ хүлээдэг юм гээд инээснээ
-Чи гурван саяыг өгөөд авах уу гэж асуув.
-Ах минь би хоёрхон сая төгрөгтэй. Юу ч гэхэв. Хаячихгүйхэн өвөртлөөд буцъя.
-Ах нь морио арилжиж чадвал хүүхнээ эмчлүүлэх санаатай. Чи миний үрээг үзэх үү гэж шалсан өвгөн өөрийнхөө унаж яваа морийг зааж
-Цаад загал чинь гээд орос эмээл тохсон шар үсээ ч хаяагүй буурал үрээг харуулав.
Яг л чоно шиг хурц хараатай буурал үрээнд эмээл нь хүндэдсэн мэт элбэгдүү харагдлаа. Гэхдээ хавирганы матаас хүнхэр, хошногоны нүх хол, хөлийн гишигдэл нь нэг л өөр санагдаад байлаа.
-Унаад үзчих үү гэхэд
-Тэг тэг гээд цулбуураа өгөв. Лхаг лхаг гэсэн хүнд туурайгаа пад хийтэл цавчин ялаархах нь цаанаа л нэг бядлаг.
Ийнхүү хөгшин залуу хоёр хууч дэлгэн ярилцаж суутал хамт ирсэн бэл Содном цээж хаялан алхаж ирээд
-Дүүрэн хүү адуу авахгүй юм уу гэхэд нь дуугарсангүй.
-За тийм дээ. Мөнгө төгрөгөө атгаад буцсан нь дээр гэж цаанаа л нэг тохуутай инээснээ
-Өвөртөх мөнгөө ахдаа зээлчих гэхэд толгой сэгсэрвэл зэвүү нь хүрсэн янзтай,
-Чи өнөө шөнө морьд манаж хонох уу гэж илт дээрэлхэнгүй асуухад, бас л толгой сэгсрэв.
Удалгүй бийлэгжүү харчууд машин машин өөдөө гүйцгээн цүнх саваа гайхуулан барьцгааж том цагаан гэрт цуван орж шуугилдлаа.
-Хүүхээ манайд очиж сүүмэнгийн хоол идэх үү гэсээр өвгөнийг босоход Дүүрэнжаргал толгой дохин дагалаа.
Өвгөнтэй гангар гунгар ярилцсаар тэднийд ирэхэд тунхидуухан царайтай намхан бүсгүй сүү самрах зуур хэрчсэн гурилаа хийгээд, галаа нэмж байлаа. Ганц нэгхэн борц хаясан сүүтэй гурил гойд амттай аж.
-Аав минь наймаачид харж суусаар наршчихлаа. Яасан чиг удав даа гэж хэлэхдээ Дүүрэнжаргалыг нүд гүйлгэн харав.
Өвгөнтэй ярилцах зуур цүнхэнд явсан ганц шил архиа задлан өвгөнд аягалж өгөөд өөрийнхөө аяганд бас тонгойлгов.
-За хүүгийн алдар хэн билээ. Эр хүмүүс байна танилцах уу даа гэж хэлэв.
-Намайг Дүүрэнжаргал гэдэг ээ гэж хэлээд охин өөд нь сэмхэн харав.
-Өвгөн ахынх нь бүтэн алдар Сүнгэрэл. Одоо ч том багагүй л Сүнгээ гуай гэх болжээ. Сүнгээ ах нь нэртэй сүртэй уяач биш ээ. Харин удам дамжиж ирсэн угшил сайт хэдэн сайхан адуутай байсан. Зуд турхан, салхи шуурганд алдсаар хоёр гурван гүү уналгын ганц нэгхэн хөгшин морьдтой үлдсэн хүн. Энэ буурал үрээний шидийг хэр баргийн хүн олж танихгүй ээ. Хол замд эцэхийг үзэхгүй л адуу даа гэж ярив.
-Хоёр сугандаа зөрж эргэсэн хас шиг хөөрхөн эргүүлэгтэй юм билээ гэхэд өвгөний царай сортос хийж
-Чи олоод харчихжээ. Гярхай юм. Сүнгээ ах нь уяж уралдуулах хөг нь алдуурсан морин хуур даа. Сайхан аргамаг хүлгийн заяа гомдчих вий гэж харамсан бодож л суух юм гэж хуучлах өвгөн шанаагаа даган сагалдралан урсах хөлсөө ханцуйгаараа арчиж, охин өөдөө харан хошуу цорвойн
-Миний охин эртхэн амар. Зөнөг өвгөний хоол цай хийсээр ядарчихлаа. Гачин чиг хорвоо юмдаа. Хүнд тээр болж, хөх бодол тээсэн хүн сайхан л яваад байх юм. Амихандаа зөв бодол зүйж, олны олонд мөрөөрөө яваа над мэтийн хүн улам л зүдрээд байх юм гээд нулимсаа арчихыг харсан бүсгүй
-Өө аав маань согтчихжээ. Одоо эртхэн унтдаа аав минь гэж хэлээд баруун талын ор засаж өгөв.
-Миний хүүхэн энэ ахдаа ор засаж өг. Бас л над шиг баячуулын барлаг болж яваа эр хүн гээд санаа алдав.
Дариу дариухан балгасан архиндаа нам цохиулаад унтаад өгсөн Сүнгээ өвгөний охинтой ойр зуур ярилцахдаа төрсөн үр нь биш. Өргөмөл охин нь юм байна хэмээн мэдэж аваад сайхан сэтгэлт өвгөнийг байлаа.
-Миний муу аав өнчин шахуу ганц охиныг үрчилж аваад гараасаа салгахгүй өсгөсөн ч би гэж заяа муутай хүн эцгээ ч өргөж тойлж чадахгүй өвдөж зовон шар махтай нь хатааж байна гээд нулимсаа арчив.
\ үргэлжлэл бий\