Бэгзийн Явуухулан

Бэгзийн Явуухулан

Дорнын их яруу найрагч хэмээх алдрын титмийг өмссөн энэ эрхэм 1929 онд Завхан аймгийн Жавхлант суманд төржээ. Тэрээр 1949 онд санхүүгийн техникум, 1959 онд Москва хотноо Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгсжээ. Түүний шүлэг, яруу найргаас бүтсэн дуунууд аль хэдийнээ уншигчдын сэтгэлд тод байгаа биз ээ. ...Туулын урсгал шөнөдөө сайхан сан Торгон долгио хаялан мяралздаг сан Хоёр ангир дандаа л хөвдөгсөн Холын анир авангаа дуугардаг сан .... ... Холоос гүйдэлтэй борлог минь Сулдаан ганхам жороо доо Голоос хайртай амраг минь Шөнөдөөн гэрэлтэм царайлаг даа ... ... Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би .... Б.Явуухулангийн шүлэг, найраглалууд та бидний билэг оюуныг мялаасан нь бишгүй их ээ. Их яруу найрагчийн шүлэг найраг гадаадын 30 орчим улсын хэлнээ орчуулагдсан. Тэрээр Монголын уншигчдыг дэлхийн сонгодогуудтай танилцуулахаар Германы И.Гёте, Таджикийн найрагч Мирзо Турсун Задегийн шүлгүүд, Японы Басё, Масаока Саки зэрэг яруу найрагчдын хайку шүлгүүдийг орчуулж, уншигчдадаа хүргэсэн юм. Түүний шүлэг, яруу найраг амьдран ахуй цаг үеийнхээ бодит тусгал болсон реалист шүлгүүд байдаг билээ. Хоёр далбаа, Улаан дарцаг, Уурхайн хот, Өвгөн уурхайчны үг, Уурхайн замд, Гуталчин зэрэг социалист нийгмийн суртал ухуулгын шинжтэй бүтээлүүд бий. Тэгэхээс ч өөр арга үгүй байсан биз. Гэвч байгалийн жам ёс, хүний амьдрал, зовлон гуниг, аз жаргал, баяр хөөр, амьдралын өнгө, гэрэл сүүдэр бүхнийг тод илэрхийлсэн бүтээлүүд нь зуун дамжин уншигчдын сэтгэл зүрхийг хөглөж, оюуны мэлмийг баясгасаар байдаг билээ. Бүтээл.мн та бүхэндээ Дорнын их яруу найрагчийн бүтээлүүдээс мөн түүний орчуулсан шүлэг, найргийн дээжээс толилуулж байна. Илүү ямар ч тайлбаргүйгээр Таалан соёрх .
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их зохиолч Б.Явуухулангийн орчуулсан бүтээлүүд

***
Масаока Саки /Японы сонгодог Хайкү шүлэгч 1867-1902/

Гуулин зоос жингэнэж
Гуйлгачин олсноо тоолоход
Өвлийн шөнө хүйтэн
***
Ба Сё /Японы сонгодог Хайку шүлэгч 1644-1694/

Нүцгэн мөчир дээр
Нэвсгэр хэрээ сууж байгаа нь
Намрын үдэш санж

ИОХАНН ВОЛЬФГАНГ ГЁТЕ \Германы их зохиолч, эрдэмтэн 1749-1832\
Ойн савдаг
Ойн харгуй замаар бүрэнхийн дунд хэн давхина вэ?
Оройтсон нэгэн морьтон хүүгээн дүүрэн явнам
Даарч хөрөхөөс болгоомжилж халуун өвөртөөн нөмөрлөвч
Дагжиж чичирсэн хүү аавынхаа элгэнд наалднам.
“Алаг үр минь юундаа чи айж, дагжин чичирнэ вэ?”
“Аав аа, би яана аа, ойн савдаг үзэгдээд байна,
Овоодой малгай нь харлаж, өтөн сахал нь хөдлөөд байна! ”
“Огт биш ээ хүү минь, усны мана байхгүй юу! ”
“Энхрий хүү чи нааш ир, хамт яв надтай
Элдэв сонин тоглоом бий, очиж тогло бидэнтэй
Саа хоргойгоос эхлээд эрдэнэс эжийд минь баян бий
Савдаг миний эзгэнэдэг алтаар цутгамал гэр бий!”
“Аав аа, за тэр ээ, ойн савдгийг харав уу
Алт мөнгө над амлаж байхыг нь сонсов уу?”
“Алан үр минь бүү ай, андуу ташаа дуулжээ, чи
Аясын салхинд сэрчигнэх навчны чимээг сонсжээ, чи!”
“Сайхан хүү чи нааш ир, хамт яв надтай
Саран гуа охид минь хүлээж байна, энүүхэнтэй
Бүгээн шөнийн наадамдаан тэдний бүжиглэх жавхаатай
Бүүвэйн дуу аяланхан нисэн наадна чамтай !”
“Нээрээн, аав аа та харахгүй байна уу? тэднийг
Хээрийн ойн мөчрөөс савдгийн охид даллахыг ?”
“Өө, биш ээ хүү минь аав нь сайн харж байна,
Өгөрсөн модны мөчир шөнийн бүрийд цайрч байна !”
“Энхрий хүү чиний гоо сайханд автлаа, би
Эвээр чи ирэхгүй бол хүчээр чамайг аваачна, би !”
“Аав аа, аав аа, яанаа, бариад авлаа яадаг билээ,
Амыг минь яг бариад амьсгал боолоо, яадаг билээ!”
Эцгийн дотор зарсхийн ташуур өгөн хурдаллаа
Эхэр татах хүүгээн элгэндээ чанга тэвэрлээ ...
Алсаас зорьсон газартаан яаруу сандруу ирлээ.
Айсан хүү нь амьсгалгүй эцгийнхээ гар дээр хэвтлээ.
Хэнэггүй нөхөр, хэнэггүй эхнэрийн дууль
Мартин минь чи мэдэж байна уу,
Маргааш чиний төрсөн өдөр гэж
Авгай нь хөл алдан, хар хүндээн
Амттай плүм-пудинг хайрч бэлтгэв
Эхнэр нь орондоо дөнгөж хэвтмэгц
Эрчит шуурга тавьж эхлэв.
Хэнэггүй нөхөр нь орон дотроосоо
“Хөөе эхнээр, бос хаалгаа түгж гэв”
“Ай, хө би дөнгөж бүлээцэж байна,
Ахиад босвол голгүй царцах нь ээ”
Зуун жил хаалга савчлаа ч гэсэн
Зутарсан эхнэр чинь босож чадахгүй нь ээ”гэв
Хоорондоо тэр хоёр удаан маргаад
Хоёулаа жимийж сорилцохоор шийдэв
“Түрүүлж хэн нь үг дуугарвал
Түргэ босож түгжье” гэж тохиров
Дуг нойрын цаг явуулын хоёр хүн
Дулаацах байр эрэн орж ирэв
“Гэрэл нь унтарч гал нь бөхөөд
Гэрийн дотор чимээ алга !” гэж гайхав
“Энэ айл яагаад ил хуль болов
Эзэд нь чухам хаачив?” гэж өгүүлэв
Аман хариу дуулах нь байтугай
Амьсгалах чимээ ч үл сонсов
Хоёул плум-пудингий нь хувааж идчихээд
“Хоёр ширхэгийг хийхээн мартжээ” гэж
Гэрийн эздийг ёж үгээр маажив ч
Гэм нь ганц ч үгийн хариу дуулсангүй
“Хоолой зайлчих юм байвал сайхнаа”гэж
Хоёр явуулын нэг нь хэлээд
“Энэ шүүгээнд заавал юм бий байх
Эндээс бид хоосон гарах учиргүй” гэв
“Тээр харав уу, хө шил архи байна !”
“Тэр дээ хө, бид азтай явж байна
Хоёулаан даарсны хэрэг юу билээ
Хоёрхон биендээ ээлжлэн аягалъя”
Хэнэггүй нөхөр энэхэн удаа
Хичнээн тэвчих гээд чадал хүрсэнгүй
“Азгүй муу биеэ оторлогч та нар
Архийг минь өндөр үнээр төл!” гэж хашгирав
Хэнэггүй эхнэрийн бах ханаж
Хэрэг болгон орноосоон өндийж
“Амраг хар хүн минь хожигдоо биз дээ
Аргагүй босож хаалгаан түгж” гэв.

ЗАГАЛ
 
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.