Ричард Киплин

Ричард Киплин

\1865-1936\ Ричард Киплин. Английн нэрт яруу найрагч, зохиолч. Англичууд Энэтхэгийг колоничилж асан тэр цаг үед Энэтхэгийн Бомбай хотноо төрсөн. Богино өгүүллэгүүд, яруу найраг, хүүхдэд зориулсан үлгэр, шүлгүүд нь алдартай. Түүний бичсэн "if" нэртэй шүлгийг Монголын алдарт зохиолч Мишигийн Цэдэндорж агсан Сургааль хэмээн орчуулжээ. Хэлмэгдүүлэлтийн зовлонг, үзэл суртлын золиосыг хамгийн хүндээр амсаж явсан хүний хувьд М.Цэдэндорж зохиолчийн сэтгэл, оюунд хамгийн ойр байсан туурвил бол энэхүү шүлэг биз ээ. Үнэндээ ч Киплингийн энэ шүлэг дотор Монголчуудын хэлэлцдэг авах, гээхийн ухаан, амьдралын мөн чанар, нөхөр, дайсан үнэн, худал илд, бамбай харшуулан оршино. Киплингийн зохиол бүтээлүүдээс бүтээл.мн бүтээлийн сангаа зузаатган та бүхэндээ хүргэсээр байх болно.

Сургааль

Олныг уймруулсан гэж чамайг зүхэж байгаа

Олны уймарсан сүрэг дунд биеэн барь

Орчлонд итгэхээр олдсон биедээн итгэ

Олбиргон амьтсын элдэв нүглийг тэвч.

Гүйцэх нас чинь болоогүйгээс цөхөлгүй бай

Гүтгэгчид гүтгэж л байг, тэдний зэрэгт бүү уна.

Хагацаж сур, хагацахдаан, харин чи

Хамгаас цэцэн цэлмэг бүү харагд !

Хүслийн боол бололгүйгээр хүсэж сур!

Бодлын боол бололгүйгээр бодож сур!

Амжилт зэмлэл хоёрыг адилхан угт.

Аль алины нь өнгө хуурамчийг бүү март.

Хэсэг тэнэгийг уургалахаар зальхай амьтас

Хэлсэн үгийг чинь гуйвуулахад дөлгөөн хэвээр бай.

Хамаг амьдрал чинь балран унахад

Харин чи ахин эхэлж, цогцлоох ёстой.

Жаргах найдвар байвал юугаан ч үл хайрлан

Зовж хураасан бүхнээн, зарж гаргаж сур.

Хамаг байдгаан алдаад урьдын адил хоосровч

Харамсана гэдгийг үүрд мартах хэрэгтэй.

Хайрласан бүхэн чинь хэдүйн цөлмөрч шатаад

Ханхай цээж үлдлээ ч гэсэн

Зориг чинь гагцхүү, замнах хүсэлтэй байсан цагт

Зүрх мэдрэл, бие сэтгэлээн, шахаж шаардаж сур.

Хаантай ярихдаа энгүүн бай.

Харцтай ярихдаа шударга бай.

Андтайгаан ч, атаатантайгаан ч, шууд бай, шулуун бай.

Алив юм цаг цагтаан чамтай тооцоолж л байг.

Алхам ч гүйцэгдэмгүй өдөр, цаг

Агшин бүрийг агуулгаар дүүргэ.

Тэр цагт, бүхий ертөнц, чиний эзэмшил мэт болно

Тэр цагт, хүү минь чи, хүн болно.

Андын тухай дуу
 
Шекспирийн сонетууд...
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!