Шилэн хана лугаа адил том цонхны торон хөшиг нэвт туяарсан гэрэлт нарны цацраг цэлгэр өрөөнд алагчлалгүй тусна.
Янжинлхам бурхан залсан гоёмсог гүнгэрвааны өмнөх үзэм бурам тэргүүтэн амтат жимстэй тахилын тавагны хажууд хуруувчин чинээ мөнгөн цөгцтэй зул бадамлан мандсаар шархийн дуу гарган ялимгүй цэнхэр утаа гарган жаргав.
Нүцгэн биендээ торгон нөмрөг тохсон гоолиг нуруутай бүсгүй зузаан хивсэн дээгүүр хөвөх мэт хөнгөн алхсаар мөнөөх жижиг мөнгөн цөгцийг нямбай арчин, хөмөрч орхиод, цаас шиг нимгэн гангар шаазан аяганд балга цай хийж амтархан уугаад, өөдөөс ширтэх толинд туссан өөрийнхөө царайг гунигтайхан ширтэв.
Нүднийхээ буланд үүссэн ганц цагаан зураасыг савхан хурууныхаа өндөгөөр зөөлөн толийлгож үзээд, эрхий долоовор хуруугаа нимгэн хэлээр шилэмдэн долоож, зургар хар хөмсгөө чимхлэн засаад цагаа харав.
Өнөөдөр тэднийд нэгэн сонин зочин ирэхээр тохиролцсон билээ.
Өөлөхийн аргагүй тэгшхэн хөлийнхөө шилбийг бахдангуй харж, гоёмсог шуумагтай өмд өмсч, сэргэр хөхөө халхлан алдам торгомсог цамц углаад, гоо танхил цээжиндээ үнэтэй чамин зүүлт хэд хэдийг сольж зүүн тольдоод эцэст нь ширхэг цагаан сувд сүвэлсэн нарийхан мөнгөн гинж зүүгээд, улбар ягаан өнгөөр уруулаа нимгэн будаад өндийхөд хаалгыг нь тогшлоо.
-Хэн бэ гэсэн намуухан дуугаар асуугаад торхийлгэн түгжээг эргүүлж хаалгаа нээхэд анигар нүдэндээ хар хүрээтэй цагаан шил зүүсэн намхан хүү толгой дохин мэндлээд зогсож байлаа.
-Сайн байна уу. Би нөгөө таньтай ярьсан сэтгүүлч гээд өөдөөс нь харахдаа дэгжин бүсгүйгээс ичингүйрэв үү гэлтэй толгой дохив.
-Орооч дээ гээд урингуй алгаа дэлгэхэд инэмсэглэсэн хархүү үүдэнд гутлаа тайлан араас нь даган алхав.
Цай аягалан барьсан бүсгүйг эгцэлж харж чадахгүй нүд буландан харж
-Намайг Ууганаа гэдэг гэж даруухан хэлээд цай уулаа.
-Намайг Баясгалан гэдэг. Ойр дотны хүмүүс Баясаа л гэдэг болохоор чи ч бас Баясаа гэж дуудаж болно хэмээсэн бүсгүй өөрийнхөө цайнаас балгав. Ямар ч анир чимээгүй өрөөнд ажин түжин.
-За дахин дахин залгаж, байн байн яриад байсан сэтгүүлч дүү минь эгчийнх нь амьдралаас яг юу сонирхол татав.
-Уучлаарай таны туулсан амьдрал сэтгэл татаад байлаа. Та яг ямар ажил эрхэлдэг вэ.
-Эгч нь янхан. Янхны амьдралын хэмнэлд яагаад татагдав аа чи гээд тэгш цагаан шүд ярсхийлгэн инээв.
Хэсэг зуур алмайран суусан Ууганаа
-Та бүсгүй хүний тухай яриач гэхэд гайхан харсан Баясаа
-Бүсгүй хүн ятга хөгжим. Хийл хөгжим ч байж мададгүй. Хэн ямар аяз тоглохоос шалтгаалж бүсгүй хүний сэтгэл янз янзаар хөг ордог..
-Эр хүн гэж хэн бэ.
-Эр хүн үү гээд чимээгүйхэн сууснаа, босч цонхоор харж зогсоноо эргэн харж, хананд өлгөсөн хийл хөгжим аваад, Ууганаагийн урьд өмнө хэзээч сонсож байгаагүй гунигтайхан аялгуу тоглож, гунхалзан сууснаа
-Эр хүн бол гайхамшиг гэж хэлэв.
-Юу гэнэ ээ гайхамшигаа гэж дуу алдахад
-Тийм ээ гээд жигд цагаан шүдээ гайхуулан инээв.
-Таны дөнгөж сая тоглосон аялгууг би өмнө огт сонсоогүй. Гунигтай ч юм шиг хэрнээ их л намуухан аяз юмаа.
-Би сэтгэлээ чагнаж энэ аялгууг хааяа тоглодог юм. Миний сэтгэл л юмдаа.
-Та хөгжим юм бол таныг анх хөглөсөн тэр азтай эрийн талаар яриач...
-Намайг анх хөггүй тоглосон хүнийг биш, харин хамгийн анх хөглөн, сэтгэлийн чавхдасыг доргиосон хүнийг л би үргэлж дурсдаг.
-Тэгвэл тэр хүнийхээ тухай яриач.
-Ганцхан л хүн намайг өөрийнхөө үсний үзүүр, уруулын хээ, хурууны өндөг, цоо ширтэх харцаараа янз янзаар хөглөдөг байлаа. Тэр хүний сэтгэл тэр өдөр ямархан байгаагаас болж би түүний харцны аясаар янз янзын аялгуун эгшиг дуурьсгадаг байв.
-Та өөрийгөө янхан гэж хэлсэн. Танд хайртай хүн байхад яагаад янхан гэж хэмээн асуухад үг дуугүйхэн сууснаа
-Би үнэхээр янхан л даа гэж хэлэв.
-Та янхан юм бол их олон эрстэй учирч явсан байх. Олон эр хүнийг зугаацуулах амаргүй биш үү.
-Би өдөрт нэг л хүнийг ганцхан удаа л баясгадаг. Тэр хүн юу хүсэж над дээр ирсэн бэ гэж харцнаас нь уншихыг хичээдэг. Зарим эр хүн зүгээр л хэсэгхэн ярилцаж, дотнохон тэврэлдэн, халуухан үнсэлтийг хүсч ирдэг.
Би тэднийг дуртайяа сонсдог.
Зарим эр хүн ангасан хүслээ тайлахыг хүсч ирдэг. Би тийм эр хүнийг ганцхан удаагийн тааллаар амар амгаланд нь илгээдэг гэхэд сэтгүүлч залуугийн нуруугаар хорхой гүйв үү гэлтэй хамаг бие нь ширвээтэж
-Та тэр үедээ өөртөө таашаал авдаг уу гээд уруулаа хэмлэн суулаа.
-Үгүй гэж огцом хэлэхэд дөнгөж түрүүхэн харцанд нь нисэн буун тоглож асан гоёмсог эрвээхэй далавчаа дэвэн нисчих шиг болов.
-Би таныг буруу хөглөчихлөө дөө гээд долоовор хуруугаараа нүднийхээ шилийг засаад
-Таны хүслээр эр хүн ямар байх ёстой вэ гэж асуулаа.
-Бүсгүй хүнийг хайрласан шиг хайрлах. Учралт бүсгүйдээ хайр ямархан амттайг ханатал амтлуулах. Бас гээд чимээгүйхэн сууснаа...санаа алдаад
Хагацаж бас чаддаг байх. Хагацахдаа хагацсан шиг хагацах гээд алаг нүдэндээ дүүрээд ирсэн нулимсаа гадагш унагалгүй арчив.
-Хайртай бол хагацаж чадна гэж үү гээд Ууганаа цоо ширтэв.
-Бүсгүй хүнийг хүн гэж хэлсэнгүйн учир энд л байгаа юм даа.
Бүсгүй хүн эр хүний аясаар хөг орон уянгалдаг аялгуу болохоор үргэлж нэг л эгшиг аялгуунаас гунддаг биз. Зарим үед өөр хэн нэгэн асгарсан авьяастны өмнө ятга хөгжим гарынх нь аясаар уянгалж, өвдөгийг нь дэрлэн мэлмэрэхийг хүсдэг ч биз. Чи түүнд хичнээн хайртай байлаа ч өөрөөс чинь өөр яруу эгшиглэнт хөгжимчин хорвоод зөндөө байгаа гэдгийг дотоод сэрэхүйдээ ухаарч, эр хүн шиг эргэж харалгүй, хагацсан шиг хагацаад чимээгүйхэн одвол хожим хойно тэр бүсгүйнхээ сэтгэл үүрд хадагдан үлдэнэ биз.
Би чамд дөнгөж сая тоглож өгсөн тэр аялгуу бол надад хайрын бал амтлуулсан тэр л хүний хөрөг зураг, ааг амьсгаа билээ
.
Тийм эр хүн бүсгүй хүнд таарсан бол хожим хойно ганцхан түүндээ зориулж, сэтгэл зүрхэндээ хайрын нандин сүм босгож, тэр сүмдээ сэтгэлийн гунигаа ариусгаж, бодлын хураа асгадаг билээ.
-Тэгвэл тэр хүнтэйгээ үүрд амьдарч болдоггүй юм уу.
-Чи түүнийг хань ижилтэй гэргий нараас асуу л даа гээд яриа дууслаа гэсэн янзтай босов.
Дахин дахин ярилцаж, хараад ханамгүй тунамал харцыг нь ширтээд баймаар гоо үзэсгэлэнт бүсгүйгээс сэтгэл салган босоод үүдрүү очиж
-За баярлалаа танд гэж хэлээд гар барихад бүсгүйн энгэрт зүүсэн ширхэг ганц цагаан сувдан дээр гэрэл ойн гялалзаж байлаа.
-Ээжээс минь үлдсэн нандин зүүлт. Би сэтгэл зүрхнээсээ хүндэлсэн хүнд л энэ сувдаа зүүж, өөрийгөө гоёдог юм даа гээд тормолзон инээв.
Гоо танхил бүсгүйн хүзүүнд зүүлттэй өнчин цагаан сувдны тухай бодолд ээрэгдэн алхаж яваа сэтгүүлчийн сэтгэлд гуниг уйтгарын гашуун амттай, уярал ухаарлын зөөлөн уянга эгшиглэсээр байлаа.