***
Мянган оны учир шалтгааныг бийр бэхэсээс асууж
Мяралзан эрээлжлэх үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүй
Миний энэ бие хэл сэтгэлийн гүн чилсэн шалтгааныг
Мятрашгүй хожмын мэргэд айлднам болов уу үгүй юу
Аж төрөх утга уянгын манлай
Ахуй хөрөнгө шүлэг дууллын охь
Утга уянгыг дэлгэрүүлэхийн шалтгаанд сувд тана живээд
Учир зүйг хэлж гаргаваас төмөр чулуу ч хайлмуй
***
Урт цувцаа хүйтэнд нэвтэрч ханцуй юугаа дугтуйлнам
Улаан даашингаа дулаан өргөөнд үст жанчийг нөмөрвэй
Орйон сүмийн жүнгийн дууныг хэвтэн байсаар чагнаж
Умарын уулны хоногшсон цасыг орхиул сөхөн үзмүй
***
Бийрийг тэнсэж, шинэ хулс зураад
Бишгүүр үлээн хуучин нөхрийг мөрөөдмүй
Бичгийг дэлгэвээс далайн үүл дэгдээд
Билиг мухардваас уулын зам хаагдмуй
***
Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч
Хөх үүлэн салхинаа хөвөх мэт
Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас
Хөнгөн бийрийг хөшиж юу хиймүй
***
Хос уянга хэмээх хоёр мөрт :
***
Ухаан билигээр наран голын алтан тахиаг урхидаад
Уран аргаар саран мандалын хас туулайг баримуй
***
Халууны дотор хүйтэн нуугдаж самади агуулах билиг
Баярын хооронд уярал илрээд саранд гуних шүлэг
***
Нүдний гэгээнд уул уснаа цөм өнгө нэмэгдээд
Нэгэнтээ инээвээс зуун цэцэг хамтаар дэлгэрсэн мэт
***
Ерийн хүмүүний ханилах нь эд ашгийн сэдэлгээр
Ихэс сайдын нөхөрлөх нь эрдэм билгийн оньсоор
***
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!