С. Пүрэвсүрэн

С. Пүрэвсүрэн

Ногоон талын сувд шиг, нүд алдам нүцгэн шаргал талын баянбүрд шиг, нүдгүй цасан шуурганы нөмөр аргалын гал дүүгэсэн бөмбөгөр цагаан гэр малчин ахуй, монгол хүний сайхан сэтгэл, цөлх ухаанд хамгийн ойрхон аваачих зохиолууд бол орчин үед Соёрхын Пүрэвсүрэн гуайн бүтээлүүд билээ. “Хотжилт”-ын энэ үед чухам түүний бүтээлүүд уншигч биднийг малчины хотонд аваачиж, нялх ногооны үнэрт согтоож, зуны халуунд зэрэглээ хэрхэн бүжиглэхийг харуулна. Түүний шинэхэн зохиол бүтээл, өгүүллэг, туужаас buteel.mn дээжлэн хүргэсээр байх болно. Оюуны охийг хүртэгч эрхэм уншигч та зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн оюуны урланд тухлаарай.

Атга будаа

Цастын орноор таваргаж яваад ирсэн хөтөлгөө Сандаг гурав хэрийн насны жаалхүү үүрч, ойж буун дэгдсээр ирэв.

Гурван жилийн өмнө хүний нутгийн мөргөлчид дагаад алга болсон Сандагийг үгүйлж сурагласан хүн байсангүй.

Бусгаж булгисан хурц алаг нүдээр ийш тийш үргэж цочин дүрлэгнэх хөтөлгөө Сандагийг сэтгэлийн хийтэй гэх нь бий.

Гэтэл хэний үр, хаанахын хүүхэд үүрчихээд дэгдэж ирснийг тааж мэдэх шар зурхайч гарсангүй.

Нөгөө өвчит Сандаг хаанахын ч юм нэг хөвүүн үүрээд иржээ. Өөрийгөө яая гэж байж, өрөөлийн хүүхэд аваад ирдэг дүүрсэн тэнэг юмдаа. Арай эх эцгээс нь хулгайлчихаагүй байгаа даа бурхан минь. Бор гэрт нь орсон хүнд аяганы амсар зуулгаж, ганц үгийн солиогүй хийлгүй нөгөө хүүг тас тэврээд сууж байна гэнэ ээ гэсэн дам үг хөөрцөглөөд намдсанаас хойш дахин сөхөлгүй таг болжээ.

Буурал ертөнцийн жамын салхи үлээж, хорвоо ертөнц эргэлдэн бөмбөрч, нар гарч, сар мандаж, өдөр шөнө ээлжилсээр өвлийн эхэн сар гарав.

Айлууд өвлийн идэш, хоол хүнсээ авах үед хошуу ноён зар тавьж, "Хөтөлгөө Сандагт өрх бүр хишиг мах хүргэж өг. Хоёрын хоёр хүн өлбөрч үхээд, хошууны нэр хөөдөж мэднэ" хэмээн зарлигдсан ёсоор өмбөө цөмбөө мах, богино хавирга богтос чөмөг боож хүргүүлж байлаа.

Хацар алгадсан жавар тачигнаж, бичин жилийн зуд нүүрлэсэн жилийн лагайтал дарсан цаснаас урьтаж нутаг хошуугаараа өнтэй нутаг даган нүүж одоход хөтөлгөө Сандаг хар нутаг сахин үлдэв.

Нүд алдам цасан дунд бүртийтэл үлдсэн Сандаг үзүүрсэг элдэн, өдрийг барах агаад хоол нэхэн уйлагнах хүүдээ өглөө оройдоо шөл уулган бор ходоодыг нь баясгах агаад ганц атга гурилтай болоосой гэж арга тасран бодох аж. Аян жин тээж гурил будаагаа зөөдөг нутаг усандаа улаан будаа тарьж, гурил тээрэмдэхсэн гэж холын бодол нисгэж суугаа нь эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтахын үлгэр байлаа.

Гэвч хөтөлгөө Сандагийн мөрөөдөл хий хоосон зүүд зэрэглээ биш байв.

Ххх

Бийлэгжүүхэн мөргөлчид дагаж, хөөгдөж туугдан явсаар хоногийн олноор овоо танилцаж, тэмээ малыг нь эргүүлж, гал хөсийг түлж явсаар нанхиад орны хилийн дээс алхаж, өмнө зүгийн шороон түмэн хятадын дунд орсондоо толгой эргэн, дагаж яваа мөргөлчдөөс төөрч хоцорсон билээ.

Учир нь олдохгүй хашгиралдах хятадуудаас хоногийн хоол олж идэх гэж амь наана там цаана гүйж явсаар гурил тээрэмдэж зардаг баян луухааны пүүсэнд зарагдаж хэдэн сар илжиг мэт зүтгэв.

Улаан будаа тариалсан зах нь харагдахгүй талбайд хятад өвгөн дагаж хэл овоо зүгширхэд хүзүү нь гүрдийсэн хятад өвгөн уул шиг нуруулдсан будаанаас атган

-Ганц атга будааны үрээр бүхэл бүтэн улсыг ч тэжээж дөнгөнө гэж хэлсэн үг сэтгэлд нь хадаатай үлдсэн байв.

Бүтэн гурван жил жижиг тээрэм хийх арга чарга бодож, хөл бохирох завгүй амь зуугаад нутгийн зүг зүтгэсэн билээ.

Нутаг зүг олон сар харж зогссон Сандаг Дагуурын монгол айлтай танил болж, хэл мэдэхгүй ч сэтгэл ойр, цус дөхүү айлын тээрэмний илжигтэй ээлжилж, хүнд чулуун тээрэмд үхэр шиг зүтгэж явахдаа анх нутагтаа будаа тарьж, гурил тээрэмдэж болох юм гэсэн бүтэшгүй мөрөөдөлд автсан билээ.

Гэтэл нэг л өглөө оройгүй баяны хамаг хөрөнгө дээрэмчин хунхуузын дайрлаганд өртөж гуравхан настай жаалхүүгээс бусад нь амиа гээж нэгэн их баян айлын голомтны үнс хийсэхийг ойж үсчсэн нүдээрээ улаан цайм үзжээ.

Хөлд дөнгөж орсон гуравхан ойтой хүүгээ зааж хальт хульт монгол хэлээр

-Хүүг минь авраарай. Эх монгол нутагруугаа аваад дутаа гэж хэлэхдээ алгандаа тас атгасан хурган мөөг шиг алтан цөгцөө Сандагт өгөөд амьсгаа хураасан билээ.

Хүүдээ үлдээсэн амь халуунаа шингээсэн ганц алтан цөгцийг нь бүснийхээ үзүүрт зангидаж, ганц атга улаан будаа авч, жижиг богцныхоо ёроолд хийгээд, эх нутагтаа тэмцэж ирсэн Сандаг өнөөдрийг хүртэл гаргаж үзсэнгүй.

Энэ бүхнийг эргэцүүлэн суусан Сандаг богцоо гөвж, аяганы тал будаагаа аваад инээмсэглэн суулаа.

Чихээр сонссоноос нүдээр үзэх илүү болохоор олон хоног ажигласан чулуун тээрэм хийхээр уулын хөх чулуу шинжин хайж, цасан хунгар ухсаар хорь хоногийг ардаа орхив.

Хийхээр зоригловол арга олддог ёсоор хавтгай чулуу өнгөлж, голд нь нүхлээд бүдүүн барагхан хийцтэй жаахан тээрэм хийж дуусгахад хаврын урь орсон байлаа.

Цасны ус хоржигнох түрүүчээр нүүж ирсэн хошуу ноёнд бараалхал хүсч очоод хүүгийнхээ алтан цөгцийг хоёр гардан барьж

-Ноён таны өгөөмөр сэтгэлийн буянаар хүү бид хоёр өлсөж цангалгүй онд оров гэхэд чамин хийцтэй алтан цөгцөнд ихэд баяссан ноёнтон

-Хөтөлгөө Сандаг хүүгийн алтан цөгцний савыг юугаар мялаах билээ хэмээн инээж байлаа.

-Торгон хөндийн эхэнд төө газар хайрла. Би тариа тарих хүсэлтэй гэхэд ноён эг маггүй инээв.

Хххх

Ноёнтны хайрласан газраа хагалж, атга будаагаа цацаад зунжин ус зөөсөн Сандаг намартаа хоёр хормой будаатай болж ихэд башийв.

Тийнхүү зүтгэж өнгөрсөн он цагийн хэлхээсээр атга будаанаас арвижин өссөөр хишиг мах өгч байсан айл бүхэнд тогоо тогоо гурилын хишиг өгдөг болов оо.

Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэгч энэ буюу.

Инжаннашийн туурвилаас
 
***
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!