С. Пүрэвсүрэн

С. Пүрэвсүрэн

Ногоон талын сувд шиг, нүд алдам нүцгэн шаргал талын баянбүрд шиг, нүдгүй цасан шуурганы нөмөр аргалын гал дүүгэсэн бөмбөгөр цагаан гэр малчин ахуй, монгол хүний сайхан сэтгэл, цөлх ухаанд хамгийн ойрхон аваачих зохиолууд бол орчин үед Соёрхын Пүрэвсүрэн гуайн бүтээлүүд билээ. “Хотжилт”-ын энэ үед чухам түүний бүтээлүүд уншигч биднийг малчины хотонд аваачиж, нялх ногооны үнэрт согтоож, зуны халуунд зэрэглээ хэрхэн бүжиглэхийг харуулна. Түүний шинэхэн зохиол бүтээл, өгүүллэг, туужаас buteel.mn дээжлэн хүргэсээр байх болно. Оюуны охийг хүртэгч эрхэм уншигч та зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн оюуны урланд тухлаарай.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗУНЫ ШӨНӨ

Зуны шөнийн одод тоосоо гөвчихсөн байдаг

Зунгаг нь угаагдсан хоньд бэлчиж байх шиг харагддаг ....

Усанболор нарийхан сүмбэн цагаан хуруугаар сүүлт одны зүг заагаад

-Хараач тэр сүвэгчилсэн утастай зүү шиг гэж хэлээд цангинатал инээхэд тэнгэрт түгсэн одод бүсгүйн инээдэнд аальгүйтэж жирвэс жирвэсхийн анивалзав.

Улаанбаатарын унаган охин Усанболорыг тав зургаахан настайд нь аав ээж нь арлын оронд суурьшсан болохоор одод ийм тод, , ийм гоёмсог гэж бодож яваагүй билээ.

Орчлонгийн таяг тойрог дагаж нүүдэллэсээр унасан цэг дээрээ эргэж ирдэг Монгол хүмүүний төрөлх араншин Усанболорыг ч тойроогүй. Би Монгол хүн гэсэн бахархал далайтай газрын манан дунд аквариумны загас шиг өссөн Усанболорт хэзээ анх төрснийг хэн ч мэдэхгүй.

Аав ээжтэйгээ нутагтаа ирээд хэдхэн хоносон Усанболорыг дагуулан аялалд гарсан эцэг нь гэр майхандаа үлдэж, охиндоо говь нутгийн шөнийн тэнгэрийг үзүүлээд ирээч гэж хөтөч Борхүүг гуйсан билээ.

Гэтэл өөрөөс нь эгчмэд шахуу бүсгүй анх удаа од харж байгаа юм шиг хашгирахад хажууд нь хань болж зогссон хөтөч хархүүгийн эгдүү хүрч

-Марзан хог вэ гэж бодож байлаа.

Хүзүүндээ зүүж ирсэн мухар тохой хэрийн дурангаар тэнгэр шагайж, "шар шур" хийлгэн зураг дараад, орилж хашгиран бүжиглэхэд бүр ч гайхав.

-Чи од хараагүй юм уу гээд шоолонгуй харсан Борхүүгийн өөдөөс дүрлийтэл ширтэн

-Жаран жилд тохиолдохгүй хоёр одны давхцалыг дөнгөж сая дурандаа буулгаж амжлаа гээд галзуу хүн шиг инээж Борхүүг хүзүүдэн үнсэхэд бие зайлан холдож

-Энэ олон одод шөнө бүр л байгаа шүү дээ. Манай говийн хүүхнүүд үдэш бүр л од тоолж жаргадаг байлгүй гээд өөрийгөө их л догь үг хэллээ хэмээн паржигнуулан инээв.

-Ёстой гайгүй байлгүй. Энэ одны давхцлыг л харах гэж хаа холын газрын мухраас энд ирсэн юмдаа гэж сэтгэл хангалуун хэлж буй Усанболорыг харсан Борхүү

-Далан худалч вж гэж бодоод инээд нь хүрэв.

Далимдуулж үнсчихээд, барьц алдахдаа амархан сийрэж байна шүү гэж бодсон Борхүү

-Чи манай нутгийн бэр болж, эх нутагт минь амьдарвал шөнө бүр л энэ олон ододыг тоолно доо гэж хэлчихээд торгон элсэн дээр гараа дэрлэн хэвтээд өгөв.

-Од тоолно л гэх юм. Энэ олон одыг тоолж барах уу гэсэн бүсгүйг цаашлуулж

-Тоолно оо тоолно гээд инээв.

-За хоёулаа буцах уу. Аав тань санаа нь зовж буй биз.

-Аав уу. Аав зовохгүй ш дээ. Чамтай хамт явсан болохоор яалаа гэж зовох билээ гэж Усанболор хэлээд гайхан харав.

-Чамайг од тоолуулчихна гэж аав чинь айна шүү дээ. Явъя явъя гэж Борхүү хэлэхэд бүсгүйн зөн совин сэрхийж, шал өөр л утгатай үгийг Борхүү гэх энэ залуухан эр хэлээд байгааг ухаарав.

-За тэгье. Явъя явъя гээд дурангаа үүрсэн бүсгүй эрхэс тэнгэрийн зүг хоргодонгуй харав.

- Өө чи зургаа авч дуусаагүй юм уу. За яараад яахав дээ. Би саад бололгүй унтаж байя. Чи зургаа авч сэтгэлийнхээ цангааг тайлж ав.

Од мичидээ ч тоолж ав. Баавгай ирвэл намайг дуудаарай. Би сарьсан хоншоорыг нь намалдагт нь чихээд өгнө. Ах ламынх нь дэргэд суугаа бүсгүй хүн айх учиргүй ээ гээд хардаж сандарсан бүсгүйн айдсыг үргээж, самалдагаа сэмэртэл хүржигнүүлэн хухирсаар унтчихав.

Энгэрийнхээ товчийг задгайлсан хүдэр хүрэн эрийн унтаж буй зургийг хэд хэд дараад инээмсэглэн харж байхдаа анх удаа

-Ямар сайхан эр вэ. Бүсгүй хүн ийм л ханагар эрийн дэргэд юунаас ч эмээхгүй жаргадаг биз ээ гэсэн сониучхан бодол зурсхийн харваж хараад л суугаад баймаар санагдана.

Шөнийн салхинд намс намс хийн ганхах хөмүүл таслан үнэрлээд Борхүүгийн нүүрийг ирвэгнүүлчихээд аальгүйтэн инээв.

Нүүрээ арчин өндийгөөд цочин харснаа

-Зургаа аваад дуусчихсан уу гээд дал мөрөө гөвөн босов.

-Дуусчихлаа гээд Борхүүгийн хажууд гүйх шахам алхахдаа

-Ямар хурдан алхдаг юм бэ гэж үглэж явав.

Өдөржин дурандаа буулгасан зургаа харж ганцаараа инээмсэглэн яваа Усанболор зүүн гараа дэрлээд баруун гараа дэлгэж хаясан хүдэр хүрэн эрийн авдар шиг цээжийг байн байн үзэж, жолоо мушгин бодлогошрох хархүүг ширтэн, баримлын шавар атгаж атгаж наачихсан мэт боорцгон чихийг харж

-Борхүү чи наад чихээ нохойд уруулчихсан юм уу гээд аальгүйтэн инээв.

-Нохой бишээ. Арслангийн суганд хавчуулаад хугалчихсан юм гэхэд жингэнтэл инээж

-Монголд арслан байдаг юм уу. Тэгээд чи яах гэж суганд нь толгойгоо хийсэн юм гэж жиг жиг инээв.

-Байна аа байна. Арслан сугандаа хавчуулчихаад тавьдаггүй. Арайхийж нэг юм мулталж аваад уурандаа гар дунгуй хийж овоо ч чанга шидсэн дээ. Орой нь усан хаван гүйж, халуун шатаад хэд хоног л далжийж явлаа гээд инээх нь хараад ханашгүй санагдана.

-За та хоёр залуу хүмүүс хуучилж яв. Би хэсэгхэн нойр авъя гэсэн аавдаа талархангуй харсан Усанболор байн байн нүд гүйлгэн ширтэж

-Чи дуу дуулдаг уу гэж асуугаад тормолзон инээв.

-Эр ээ бор уу харцага нь жигүүрхэндээ хүчтэй шүү

Идэрхэн залуу насандаа даан чиг ажиггүй явлаа шүү гээд хөндий төмөр үлээж байгаа мэт хүнгэнэсэн хоолойгоор шуранхай татан аялах жолооч хархүүг амьсгаа даран ширтсэн бүсгүй уртаар шүүрс алдав аа.

Өчигдөр орой хорвоод хосгүй гэгдэх хоёр од учран золгох гэрэлт агшинг дуран авайдаа буулгаж амжсан бүсгүйд эрхэс тэнгэрийн одон гариг хишиг өгөх мэт дэргэд нь хэнэггүйхэн унтаж буй амар хэнэггүй монгол эрийн жавхаа хийморийг таниулж, энэ л хүдэр эрийн хажууд юунаас ч үл айх тийм нэг тайвшралыг мэдэрч авсан ажгуу

Хайр гэгч ийм л амархан хийгээд сэтгэлийн утас доргиулан ирдэг ч юм уу даа.

Онил нь үгүй хорвоогийн чимэг болсон бүсгүй хүний сэтгэл оньсого мэт ....

Атга будаа
 
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.