УильямШекспир

УильямШекспир

\1564-1616\ Эмгэнэлт зохиолын ханхүү хэмээн Өрнөдийн утга зохиолд нэрлэгдсэн түүнийг бид "Данийн ханхүү Гамлет", "Ромео, Жульетта", "Лир ван", "Макбет" зэрэг олон гайхамшигт сэтгэмжтэй, инээд, нулимс хоёрын үнэнийг зоригтойгоор илчилсэн шидэт өгүүлэмжтэй олон сайхан зохиолуудаар нь мэддэг билээ. Түүний зохиолуудын ихэнх нь тайзны жүжиг болж, олон улс орны тайзнаа амилсан бол орчин үед зохиолууд нь уран сайхны кино болон дэлгэцнээ амилсаар байгаа билээ. Уран сайхан, оюун санааны сод туурвигч тэрээр зохиол бүтээлээр өдгөө ч та бидний дунд амьдардаг билээ. Тэрээр сонет хэмээх шүлгийн 14 мөрт шүлгийн цомирлогийг бүтээсэн. Түүнийг 154 сонет, 37 жүжгийн зохиол туурвисан гэдэг.

Шекспирийн сонетууд...

Сонет 12

Гэгээн өдрийг шөнийн харанхуй нөмрөн дарна

Гэнэтхэн тэр мөч ирнэ гэж ажиглан сууна

Хамгаас содон талын цэцэгсийн өнгө нь гандана

Хар үс цайгаад мөнгөрөн бууралтана

Сүрлэг модод навч нь унахаар нүцгэрч харагдана

Сүүдэрт нь олуулаа сэрүүцэж л байсан даа

Зуны ногоон тал тэр аяараа л хагдарч шарлана

Зуурдын юм гэдэг ч зуурдын л юм даа

Цагийн аясаар бүх л юм улиран одох учиртай

Цаглашгүй сайхан чи минь ч бас явна даа

Шинийг угтан хуучин нь арилах хатуу жамтай

Шимшрэн бодоход чи минь л хайран санагдах юм даа

Үхлийн цаламнаас зайлаад гарна гэж үгүй шүү дээ

Үлдээлгүй аваачих цагт үйлийг сөрөх үрээ л үлдээ

Сонет 18

Чамайгаа би зуны өдөртэй жишнэм

Чи минь хавьгүй илүү дур татам

Таван сарын цэцгийг шуурга бөхийлгөнөм

Та бидний амьдрал ч яг л тийм юм

Тэнгэр заримдаа сүрхий цоргино шүү гэрэлт нүдээрээ

Тэгэхдээ муухай аашлахгүй юм шиг царай нь гэрэлтэнэ

Байгаль эх гэдэг гэнэтийн аяг аашаараа

Биднийг илбэнэ, таална бас зовооно

Чиний өдөр тэгсгээд өнгөрөхгүй

Нартай зун чамаас үл сална

Үхлийн сүүдэр чамайг ерөөс дайрахгүй

Үүрд чи найрагчийн мөрүүдэд амьдарна

Хүн гэдэг амьсгалж нүд нь харж л байгаа тэр цагт

Энэ мөрүүд мөнх оршин чамайг мөнхөлнөө ямагт

Сонет 35

Өөрийн бурууг мэдлээ чиг харамсаад чи яана

Өргөс нь үгүй сарнай гэж хаана байна

Мөнгөн горхи булингартана, хорхой шавьж бас явна

Нар сар хиртэнэ, үүлэн сүүдэр ч дайрна

Бид бүгдээр нүгэлтэй, би ч гэсэндээ

Битүүхэндээ чиний нүглийг зөвтгөн өршөөж

Энэ гашуун мөрүүдийг жигшин бичсэндээ

Хэн хүнээс дутуугүй л нүгэлтэй нэгэн байж

Үзтэл буруутай явдлыг өмгөөлөхөөр

Үнэний дэнсэн дээр би зовж байна

Хайрлах, бас үзэн ядахын эрхээр

Халуун дайн цээжин дотор минь болж байна

Даамай сэтгэлийг минь хулгайлж зовоосон ч гэлээ

Дандаа л би чинийхээ талд байдаг билээ

Сонет 36

Үзэх нүд минь уран зураач боллоо

Үлэмжийн гоо дүрий чинь зүрхэндээ бүтээлээ

Бие минь хадгалан явах гүнгэрваа нь боллоо

Бийр баригчид алсын төлөв л чухал билээ

Цээжин дотор минь жаазанд заларсан

Цэвэрхэн дүрээ чи ирж хараарай

Чиний минь нүд цонх нь болсон

Миний сэтгэлийн урланд морилоорой

Нүд минь сайхан дүрий чинь зурагланхан

Нүүр учрах гэж л эрэн ширтэж байнам

Чиний нүдэн цонхоор тун ч таатайхан

Миний цээж рүү нар шагайж байнам

Харагдаж байгааг л нүд минь зурахаас биш

Харин сэтгэлийн доторхыг ямар мэдэх биш

Сонет 130

Нүдний тунгалагийг нартай жишин

Уруулын улааныг шүр шиг гэхгүй

Цээжний цагааныг цастай зүйрлэн

Үсний харыг ус шиг гэхгүй

Сайхан түүнийхээ булбарай хацрыг

Сарнайн ягаан дэлбээ гэхгүй

Амраг тэрнийхээ бүлээн амьсгааг

Анхилуун тансаг үнэртэн гэхгүй

Хөгжилтэй сэргэлэн үг яриа нь

Хөгжмийн яруу уянга шиг гэхгүй

Хөрст дэлхийдээ алхаж яваа нь

Хөх тэнгэрийн дагина шиг гэхгүй

Хонгор тэр минь тэглээ ч гэсэн

Хоосон магтаалын алинаас ч илүүсэн

Орчуулагч: Ж.Чойнхор

ЗУНЫ ШӨНӨ
 
***
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!