***
Шүхэр кимоно хоёр
Шүргэх зуураа ярилцах нь
Хаврын бороо ажээ
***
Дэлхэн бэлчсэн долгис
Дэглийн шилбэ угаах нь
Оройн сэвшээ ажээ
***
Ийм сайхан шөнө сарны тухай
Дээрэмчдийн удирдагч хүртэл
Дуу зохиодог байлгүй
***
Сарны саруулыг хэлээд яахав
Надтай мөргөлдсөн сохор хүн хүртэл
Найр тавин инээж байна шүү...
***
Замын хажууд хаягдсан идүүрнээс
Залуу ногоо
Цухуйсан байлаа
***
Орчуулсан Ж.Лхагва
***
Цөөрмийн хөвөөн дэх
Зөөлөн цасны доороос
Хуучин шаахай цухуйна.
***
Нуугдаж суугаа цэргийн
Дуулга малгай дээр
Эрвээхэй суужээ.
***
Эмгэн шувууны өдөнд шүүдэр бууж
Эрдэнийн чулуу шиг гялтагнах
Зуны шөнө юутай ахархан юм ?
***
Мөнгөн сартай шөнөөр
Мөн ч их шүүдэр бууж дээ
Өөрөөсөө бусдыг шалба норгожээ.
***
Орчуулсан М.Мөнхзаяа