Тоглоомоо хурааж амжилгүй хээр талдаа орхисон
Томоогүй бага насны чулуун наадгайгаа зүүдлээд
Үүр шөнийн ододыг үргэж хуйлартал уйлаад
Үймрээ насны гунигаар зөн совингоо гоёлоо...
***
Түмэн шуугилдсан их хөлийн газарт амсхийх завгүй тэнэж явсаар түр ажлын сураг дуулж, лавлаж асууж, хэд хэдэн удаа утсаар лавласаар намуухан хөгжим уянгалсан уушын газрын харалдаа ирээд зам хөндлөн гүйв.
Гэтэл "-Хүүе машинд мөргүүллээ" гэж унаган монгол хэлээр минь хэн нэгэн хашгирахад зогтусан, зөгий шиг шар алаг машинд золтой л дайруулахаа шахав.
Ямаан омогтой Хангүг жолооч хөмсөг зангидан харж хоолой шахан зандарчихаад давхиж одов.
"Тэнэг мал ч юм уу", "Эргүү хүүрээ" л гэсэн байлгүй хэмээн бодоод инээд хүрсээр гүйж гарлаа.
-Хүний нутагт амиа гээчихгүйхэн чирсээр нутагтаа аваад очооч гэсэн баруун монгол аялгаар хээ шаагүйхэн загнасаар тосч уулзсан хархүүг Басанхүү гэдэг аж.
Басанхүү бид хоёр нөгөөх хоолны үнэрээрээ ходоод далласан уушын газарт орж гахайн нурууны шөл захиалж явган ширээний хоёр талд завилцгаалаа.
Намайг бодвол солонгос хэлээр ус цас, чимх давс Басанхүү энэ нутагт ирээд хоёр жил кемчи зажилсан гэж яриад тас тас инээв.
-Чи намайг яаж монгол гэж танив аа гэсэн намайг харж доогтой инээсэн Басанхүү
-Андашгүй ээ хөхшөөн. Хандгайн эрүү шиг бахим түүшин, ялаархсан адуу шиг дэвхцэх шахам алхах майга хөл за тэгээд андашгүй ээ андашгүй. Манайхан ч тэнгэрийн амьтад шүү дээ гэж хэлээд тас тас инээхэд нүдэнд нь гал маналзах шиг цаанаа л нэг хийморьлог харагдана.
-Хангүгийн тэнгэр дор хэд хоног хөлсөө урсгаад буцах санаатай гурван сарын визтэй ирсэн ч ажил олдсонгүй. Буцдаг л байхдаа гэж бодож явтал өөрийг чинь зааж өглөө гэж намайг хуучлахад чимээгүйхэн инээд алдсан Басанхүү
-Ачаатай атны явдал гүйцэхгүй жингийн замд сөхөрчихгүй гэвэл анд минь намайг дагаад яв.
-Хүний хийгээд байгааг хийх байлгүй дээ хөхшөөн. Ажлын ард суугаад байхгүй ээ гэж намайг баярлангуй хэлэхэд
-Биеэ нөөх боломжгүй л дээ.
Орсон л бол туучаад гарахаас өөр аргагүй. Буцах хаалга байхгүй гээд инээвхийлэв.
Голоод орхичих вий гэсэн айдаст баглуулсан намайг харсан Басанхүү
-Хоолоо тайван ид хөхшөөн. Чамайг өнөө шөнө дөрөө даах эсэхийг шалгана аа гэхэд сэтгэл амсхийлээ.
Уруул ам дарвигануулсан халуун ногоотой шөлөнд мулз чанасан гахайн нурууны ясыг мулт мулт татан мөлжөөд цагаан будаагаар даруулаад гарахад оройн сэрүүн орж байлаа.
Цагаа тулахаар аз гэгч атганд буугаад ирдэг байжээ хэмээн бодоод инээд алдан алхсаар ойрхон харагдах шоо дөрвөлжин барилга дээр ирэв.
Дөрвөн хятадтай хамт ажилладаг Басанхүү намайг заагаад баахан үг хэлэхэд дорсгой шүдтэй хятад залуус ил цагаан шоолон инээлдэх нь цаанаа л нэг дотно. Дотно ч юу байхав. Улаанбаатарт бас л нэг барилга дээр ийм хэдэн хятадтай ажиллаж байсан болохоор саахалт айлын хархүү шиг сэтгэлд ойр санагдсан хэрэг биз.
-Наад хоёр чинь шавар зуураад нөгөө хоёр нь дээр тараагаад би ганцаараа зөөдөг юм. Нэг халтар надтай ажилладаг байлаа. Гэтэл нуруу нь татаад жагсаалаас гарсан.
Хоёулаа өнөө шөнө шажигнуулаад наад дөрөвийг чинь сармагчин болгоно оо гэхэд миний санаанд дүүрэн багтаж байв.
-Ямаа муулах цээжинд гэгчээр дэвслээд өгье л дөө гэж хэлэхэд
-Гэхдээ наад дөрөв чинь тийм амархан боорцог биш ээ. Чамайг өнөөдөр сунгаад өгөх байх гээд ажлын хувцас, цагаан бээлий өглөө.
Басанхүүгийн шавар зөөдөг хувин арай л жижиг харагдахаар нь инээд хүрээд байшингийн буланд хөмөрсөн арай томхон хоёр хувинг авахад нөгөөх хятадууд бүгдээрээ тачигнатал инээв.
-Хөхшөөн энд шинээр ирсэн хүмүүс эхлээд бүгд л наад хоёр хувинг чинь шүүрдэг юмдаа. Чи яг л зөв замаар явж байна гэхэд миний шар гозойж үг дуугүйхэн хувингаа барьсаар зогслоо.
Богинохон дамнуургаруу заасан хятадууд
-Түүнийг ав гэхэд би толгой сэгсэрлээ. Энд тэндгүй тогоолсон элс цементэн дотор ус дүүргээд хучиж орхисон хятадууд тамхи баагиулан шулганалдана.
-За чамайг наадуул чинь тарлахаар шийджээ гээд нүд ирмэсэн Басанхүү
-Хувингаа солих уу гэж асуух нь бас л даапаалаад байгаа шинжтэй. Гар нийлсэн хамт олон дотор орж ирсэн шинэ хүнийг нийлж боорлодог ёс энд ч бас байдаг бололтой хэмээн бодоод үг хэлсэнгүй.
Басанхүүгийн өгсөн ажлын хувцасыг өмсөөд очиход хятадууд бурам хутгаж байгаа мэт хэдхэн халбагадаад хувинд хийж өгөв.
Муусайн байцааны голнуудаас дутах юу байхав гэсэн шазруун бодол төрж хоёр хувинтай зуурмагаа бариад шатаар гүйсээр хамгийн дээд давхарт хүргээд буухад Басанхүү хувинтай зуурмагаа дамнан зөрлөө.
Сэхээ самбаагүй хэсэг гүйхэд хар хөлс цувж, хоёр хөл туйвсанч шүд зуун гүйсээр дараагийн давхарт буухад тогоолсон зуурмаг дуусаад дахин эхэлж байлаа.
Дээд давхраас муухай орилсон хоёр хятадын өөдөөс нөгөө хоёр нь бас хашгираад Басанхүүд нэг үг хэлэв.
Амных нь хайрцагнаас анзаарвал дээд хоёр нөхөр зуурмагаа тарааж гүйцэхгүй үгээ барж байгааг ойлгоод би дээшээ гарав.
Энд тэндгүй асгасан шаврыг тарааж өнгөлж чадахгүй хөлсөө дуслуулах хятадуудтай зэрэгцэн намайг шавар тараахад нөгөө хоёр хятад тун чиг баярлаж байгаа янзтай эрхий хуруугаа гозойлгон
-Хао хао гэхийг би асуултгүй ойлгож байлаа.
Дараагийн шавар гарлаа шүү гэхэд арайхийн өнгөлж барсан хоёр хятад шазайтал инээсээр доошоо буув.
Энэ шөнө Басанхүү бид хоёр дөрвөн хятадаа тээрэмд гүйлгэсэн илжиг шиг усан хулгана болгоод гарч ирэхэд үүр хаяарч байв.
-За анд минь хоёулаа ч баллаад өглөө шүү. Энэ дөрөв өнгөлж янзлаад гарч иртэл удна.
Хоёулаа жаахан нойр авъя гээд эвшээсэн Басанхүүг даган, нэгэн цоожтой өрөөг түлхүүрдэн ороход хоёр намхан ор унтах эзнээ хүлээж байлаа.
Хоёр мөр, гарын алга бадайрч нурууны яс янгинаж байгаа нь сар гаруй зүгээр хэвтсээр эмнэгшсэн хэрэг аж.
Тийнхүү Басангийн заасан орон дээр үг сүггүй унаад, нам унтах гэтэл хар дарсан зүүд хутган олигтой унтаж чадахгүй байлаа.
Үс толгой нь цусаар будагдсан авгай тойрч гүйгээд сэрэхэд Басанхүү хурхирч байв. Хөлсөө сэвээд дахин зүүрмэглэх үед
нөгөө дөрвөн хятадын дунд цээж нүцгэн зогссон Басанхүү намайг хамгаалан зодолдохыг харж, би ч гэсэн хань болъё гэж бодоод ухасхийн очиход том тааран уутаар толгойг минь бүтээгээд, хоолой боон алчихаа шахахад амь тэмцэн тийчилээд арайхийн сэрэв.
Хамаг хөлс цувсан намайг харсан Басанхүү
-Зүүдлээд байгаа юм уу гэж нойрмоглон хэлээд орон доогуурх цүнхнээсээ ууттай арц гарган чимхэж аяганы ёроолд унгатгаад хасаг монгол үг холин нэгэн ном уншиж өгөөд
-Май өөрийгөө ариусга гээд өөр нэг уутнаас чимх элс алган дээр тавиад
-Ор дэрэн дээрээ цац гэж хэлчихээд унтаад өгөв.
Инээд ч хүрэх шиг... Уур ч хүрэх шиг хэсэг харж суугаад нөгөө арцаар биеэ тойруулан утаж, чимх элсээ ор луугаа цацаж аваад хэвттэл орчлонгоос тасарсан байлаа.
-Хөөе босоорой. Урд шөнийн цалингаа ав гэж дуудахад арайхийн сэрж өндийвөл Басанхүү аль хэзээний босчихсон нүүрэндээ тос нялж иллэг хийгээд зогсож байв.
Зүүдээ гэж....