Огторгуйн шар наран сайн, муу гэж ялгадаггүй, ивээлт илчээрээ халиуран долгилсон ургац сайтай бэлчээрийн эгц дээрээс нь мишээж байлаа. Үд дундын аагим халуун дундуур баян Дорж гэдэг хүн холын аянаас буцаж явлаа. Зуны дунд сарын бүгчим халуунаас амьтан бүгд төвөгшөөн сүүдэр эрх ажээ. Дорж цонотол халааж байгаа нарны илчинд мансууран, өргөн эмээл дээрээ лаглайн суугаад унтжээ. Нааш цааш ёнхолзон үүрэглэж яваа түүнийг газар мэддэг морь нь дөхүүлж байв. Тэрээр нэлээд их газрыг үүрэглэж, хагас ухаантай мэт явж өнгөрөөв. Баян Дорж балиус хутганы үзүүр шиг огцом шөвх хянга нимгэн хамартай, цагаригласан дугуй бор нүдтэй, эрүү нь өнцөглөсөн дөрвөлжин бөгөөд чихалзуураасаа унжсан ширүүн хар сахалтай, бас тэр сахал нь буржгар билээ.
Гэнэт морь нь чихээ солбиод хулмалзан зогслоо. Дорж сэрж, морио залхуутайгаар давираад :
- Чүл гэм ! гэж жолооноос угзравч морь нь хөдөлсөнгүйд нүдээ нээн өмнөх замаа харснаа нүд нь орой дээрээ гарав.
Тэгээд бодолхийлэн зогссоноо мориноосоо хөглөрөн буулаа. Замын орчим ямар нэг хүний хүүр байх бөгөөд хажууд нь хөх цайвар болон гандсан тэрлэгтэй жаал хүү сууж уйлан байв. Түүний нулимс шороо хиртэй холилдон нүүрийг нь загалтуулжээ. Дорж дээшээ харсан хадаасны толгой дээгүүр бүх биеэрээ өнхрөх шиг болж, нас барсан хүнийг сэжиглэн харснаа ярвайсхийн инээж:
- Жаал чи өнчрөө юу ? гэв. Уйлж суусан жаал дээшээ харж :
- Тэглээ, гав ганцаар боллоо гэв. Дорж:
- Нэр чинь хэн бэ хө ?
- Хөхөө гэдэг. Дорж түүнийг сонсоод хөх инээд нь хүрч :
- Чамд ч хөхөөтэй адилхан юм огт алга аа. Харин усанд ороод дутуу үхсэн зурамтай л дүйж байна гэснээ, ямар нэг шийдвэр гаргасан мэт нүдээ онийлгоод, хүүг шууд өргөн авч наглагар эмээлийнхээ урдуур суулгаж мордон цааш явах гэхэд нь нүд дүүрэн нулимс цувруулсан тэр хүү :
- Аав минь ! Аав аа! гэхэд Дорж муухай харж :
- Чиний аав нэгэнт бурхан болжээ. Харин чиний аав би болно гээд мориндоо ташуур өгөв. Хээрийн салхи сэхэлзэн үлээх хойд зүгийг чиглэн явахад нь жаал хүү эргэн эргэн харсаар одов.
***
Дорж гэгч энэ хүн Хиагт хотын баяны нэг байжээ. Дорж баян, Хөхөөг сундалдаж явсаар, маргааш шөнө нь гэртээ ирлээ. Төмөрлөн бөхөлсөн хятад маягийн дааман хаалган дээр ирээд мориноосоо буун хаалганы хүнд бариулаас барьж нэлээд нүдсэний дараа зарц Доохүү гарч ирээд аймаар бүдүүн төмөр түгжээг тайлав.
- Хаалга цохиод байхад онгойлгодоггүй яасан малууд вэ? Бүр чилтлээ цохилоо шүү ! гэж Дорж ууртай гэгч зандран хэлээд, босго алхах гэснээ :
- Морь аваачиж хашаанд оруул. Харин энэ хүүхдийг гэртээ аваач. Надад өглөө аваачиж өгөөрэй. Оргуулаад алдчихвал, нуруугаа мэдээрэй ! гэж зарц Доохүүд хэлэв.
Доохүү эзний зарлигийг ёсоор болгоод, пиндээ орж саяны авч ирсэн жаалыг үстэй дээлийн оронцог, хонины нэхий турсган дээр хучин суулгаж, галаа өрдөхөд Хөхөө тэр даруй унтжээ. Галын илч пинд тарж эхлэх үеэс Доохүү :
- Хүүе сэр ! Наана чинь баяр болоод байна гэж баруун тал руу гулдайн хэвтсэн хүний мөрнөөс татав. Дэжээ өндийн хараад :
- Энэ чинь юун хүүхэд вэ ? гэж нойрмоглон асуухад, Доохүү :
- Хэн мэдэх билээ ? Аньдаа л авч ирлээ. Хаанахын юм бүү мэд. Над дээр өглөө авчир гэсэн. Бас оргуулаад алдчихав гэж сэрэмжилсний нь бодоход өнчин хөөрхий байлгүй гэв. Дэжээ :
- Яасан туранхай хүү вэ ! Зүгээр л яс арьс хоёр болжээ. Сэрээж жаахан юм идүүлээрэй, Доохүү ! гэлээ. Доохүү :
- Сэрээгээд яахав. Унтаж амраг, хөөрхий ! гээд зөөлнөөр инээмсэглэж их л аминчирхан :
- Дэжээ минь ! гэж авгайдаа ойртон бараг чихэнд нь шахам :
- Би түүнийг Аньдаад хэлээд өргөж авья. Чи бид хоёр хүүтэй болно. Тэгээд хөгшин Дооёо орчлон дээрээс санаа амар хальж болно. Тэгэхэд Доохүүгийн хүү гэгдэж явах болно гээд тайван унтаж байгаа хүү рүү энхрийлэн ширтээд эвэр болсон гарынхаа алгыг үрж байгаа нь их л сэтгэл хөдөлсний шинж байлаа.
- Нээрээ тэг хө ! гэж Дэжээ баярлан хэлжээ. Баян Доржийн зарц Доохүү гэдэг тэр хүн, үр хүүхэдгүй хоёулхнаа хүмүүс байжээ.
Тэд орчлон дээр уг үндсээ үлдээлгүй өнгөрөхгүй сэн гэж элдвийг сэтгэн, хүүхдийн мөрөөдөл болж байдаг сан.
Өглөөний нарны хурц туяа Доохүүгийн пингийн зай завсраар тусаж байхын үед Хөхөө сэрж эргэн тойрныг гайхсан нүдээр ширтэн харав. Дэжээ савтай ус авч ирээд, нүүр гарыг нь угаалгав.
- Нэр чинь хэн гэдэг вэ, миний хүү ? гэж Доохүү асуулаа.
- Хөхөө гэдэг.
- Аавыг чинь хэн гэдэг вэ ? Хөхөө түдгэлзэн байснаа :
- Би аавтай байсан юм, харин аавыг минь ноён дуудаж аваачаад мориороо чирээд алчихсан.
- Яагаад тэгэв ? гэж Доохүү хилэнтэй асуухад :
- Мэдэхгүй, аав тэдэнд гэм хийгээгүй гэж хүү хариулав.
Доохүү, Дэжид хоёр хүүг өрөвдөн хайрлах харцаар ширтэн хоол ундыг нь бэлтгэх завсар :
- Дооёо ! гэж баян эзний зэвүүнээр хашхирах нь сонсогдов.
- За, явахгүй бол Аньдаа боож үхэх шахна гэж Доохүү хэлээд Хөхөөгийн гараас хөтлөн гарав. Хээнцэр гоё байшингийн довжоо өөд авиран явахдаа Доохүү :
- Хүү минь юунаас ч бүү ай, би чамайг гомдоохгүй шүү ! гэж жаал хүүгийн толгойг илэв. Тохилог мөртлөө хэзээд зэвүүн харагддаг том тасалгааны дунд зоосон урт вандан дээр баяныхан хооллож байв. Цайны уур манангийн цаанаас баяны шунаг бөгөөд цулцгар царай атираатан харагдана.
- Хаа газрын хөсөр вэ, энэ чинь ! гэж баяны авгай зэвүүрхэн хэлээд, жаал хүү рүү жигших мэт ширвэн харснаа Доржийн зүг хялайв. Дорж дутуу идсэн хоолоо ширээн дээр тавиад, шар сахлаа имэрч :
- Тээр болохгүй хүү байгаа юм гэж Хөхөө рүү харж, инээмсэглэх гэсэн боловч төрөлхийн инээж сураагүй шахам харгис царайд нь наймалжнаас зэвүүцсэн хүнийх шиг ярвагар байдал илэрч, басхүү сахалт амны нь хөндий дэх ногоон шүд хар мөөг шиг гордойлцон харагдах билээ. Дорж тэгснээ эхнэрийнхээ чихэнд ойртон :
- Зарцлахгүй юу ? гэж шивнээд, эхнэрийнхээ шаравтар нялх царай руу шуналт нүдээрээ ширтэв.
- Хаа дуртай газраа явуул ! Харин би лам ахыг ирэхээс нааш энэ новшийг чинь гэртээ оруулахгүй шүү гэж авгай омогдлоо. Дорж авгайгаасаа айж шилэн хүзүүгээ маажихад нь Доохүү :
- Аньдаа минь би үрчилж авья. Дэжээ бид хоёрыг хайрлаж үз гэв.
Доохүүгийн үр хүүхэд мөрөөддөгийг мэддэг баян, ямар нэг заль зохиож зарцаа чанга урхинд оруулахаар бодолхийлэн доош харж дуугүйхэн бүгшин ханиав. Авгай нь түүн өөд харснаа дургүйцэж :
- Яршиг чи минь, аваг аваг. Гай түйтгэр ч болох магадгүй гэв. Хөхөө өөрийнхөө хувь заяаны тухай ярьж байгааг ч үл анхааран, урд өмнө үзээгүй өргөн тасалгааны хээ хуар, гоёл чимэглэлд нүд бэлчээн байснаа, баяны зүг харвал түүний дэргэд эрх хүү нь суугаад түүн рүү хэлээ гарган шоолж байв. Хөхөөгийн уур нь хүрч буруу харав. Тэгтэл чихийг нь нэг хүн халуу оргитол мушгив. Эргэн харвал баяны хүү Саасаг ард нь зогсож байв. Хөхөө эсэргүүцмээр санагдсан боловч Саасаг бол түүнээс өндөр бөгөөд зодоонч ажээ. Саасаг гараа атган :
- Энэ зангидсан улаан мах уу, загийн улаан цог уу ? гэж асуухад нь Хөхөө :
- Зангидсан улаан мах байна гэвээс Саасаг гараа далайн түүний мөр рүү цохиод :
- Одоо юу байна ? гэв. Хөхөө уйлагнан "мах, мах" гэсээр түүн рүү давшлан зууралдваас тэр нь хүчээр тавиулаад аавынхаа араар гүйж оров. Доохүү уйлах дөхсөн Хөхөөг тэврэн авч, Саасаг руу муухай харан :
- Чи яагаад дээрэлхэв ? гэвэл Саасаг :
- Энэ муу ээж ч үгүй, аав ч үгүй, эрэгний хүүг яахав дээ гэв.
- Ядуу ч бай, өнчин ч бай чамаас дутахгүй байх гэж Доохүү хэлээд Хөхөөг энхрийлэн аргадахад Доржийн авгай долоовор хуруугаараа Доохүүг занган хилэгнэж :
- Бурхан минь. Доохүү чи өвчин тусаагүй биз ? Хэн нэг тэнэмэлийг манай хүүтэй адилтгана гэнэ ээ ! Энэ юугаараа Саасагтай адил юм бэ ? Саасаг заяа сайтай хүний ууган хүү байхад энэ чинь юу вэ? Хүний нэр ч алга ! гэвэл Дорж:
- Үнэн, үнэн ! хахахаха гэж шар шувуу шиг хөхөрснөө Доохүүг ширүүнээр харж :
- Угаадас ихтэй бол чи аваач гэв. Би та нар шиг биш болохоор яалаа гэж хүнд угаадас өгөх билээ гэж Доохүү бодоод огцом эргэж, Хөхөөг хөтлөн бушуухан гарав.
***