Лодонгийн Түдэв

Лодонгийн Түдэв

Монголын анхны ардчилсан чөлөөт сонгуулиар Улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан Лодонгийн Түдэв хэмээх энэ эрхэм ихэнхи уншигчдын хүүхэд насны танил билээ. "Хорвоотой танилцсан түүх"-ээр хүүхдийн оюуны бяцхан ертөнц нээгдэж, "Хоёр жаал", "Төөрөгсөд", "Оройгүй сүм" зэрэг өгүүллэг, туужаар монгол ахуй хийгээд Монголчуудын түүхэн цаг үеийн аж байдалтай танилцаж, "Мөнхийн ус", "Ухаан", "Будаг амилна" зэрэг өгүүлэл, туужууд шинжлэх ухааны зөгнөл, хүний хичээл зүтгэлээр хүрч болох боломжийг нээсэн байдаг. Монголын уран зохиол болоод сэтгүүл зүйд хамгийн шинжлэх ухаанч зохиол бүтээлийн шинэ замыг гаргасан Лодонгийн Түдэв зохиолчийн бүтээлүүд бол бүх насны уншигчидын заавал уншвал зохих бүтээлүүд билээ.

Хувилгаан

Эдний ч авдрын араар байсан мах алга болж гэнэ, тэднийд ч түмпэнтэй хоол байхгүй болж гэнэ гэдэг яриа манай хотоор түгж, хүн бүр л ямар нэг үл үзэгдэх хулгайчийн тухай ярьцгаах болж билээ.

- Орой авдар дээр тавьсан мах алга байлаа. Ямар хачин хулгайч вэ ? Дандаа л хоол авч байдаг гэж хүмүүс ярив.

Гэтэл Саасаг гэдэг хүн манай хотын Должин эмгэнийд ирлээ. Тэр Саасагийг хүмүүс чалчаа хүн гэцгээдэг юм. Саасаг аяга дүүрэн цайг ус ууж байгаа тэмээ шиг шожигнуулан оочоод газар тавьж :

- Ээ дээ эмгэн минь ! Хүмүүс хулгайчийн тухай ойрноос сүрхий ярих боллоо. Үнэндээ ч хулгайч биш юм байх. Харин ид шидтэй албин чөтгөр л юм байх. Түүнийг ирэхэд ямар ч сайн нүдтэй хүн үздэггүйгээр барахгүй нохой ч үнэрийг нь мэддэггүй юм байх. Тэгэхээр тэр одоо таны хажууд ч сууж байгаа юм билүү, яаж мэдэх вэ гэхэд :

- Эцэг чинь ! гэж Должин эмээ уулга алдаж тавиур өөдөө харсан билээ. Энэ өдрөөс эхлэн Саасагийн цуурхал айлаас айлд дамжиж, зарим нэг илүү яриатай нь сэмхэн нэмүүлсээр аймаар домог бий болж, айлын жижиг хүүхэд ч шөнө орой гэрээсээ гарахаасаа айдаг болов. Саасаг өнөөдөр энд нэг өвгөнд идтэй албин гэж ярьсан бол маргааш тэнд нэг эмгэнд Базардарын хувилгаан гэж ярьсаар сүүтэй цай хоослон ууж, сүртэй цуурхал тараасаар байв. Тэгэхдээ залуухан юм уу, албаны бололтой хүн ойр байвал юу ч ярьдаггүй байлаа. Өвгөд эмгэдэд бол ч тавтайхан завилж суугаад өөрөө үзсэн юм шиг бурж алдана. Гэвч зарим өвгөд :

- За хүү минь хөгшин ахаараа битгий л нэг даажигнаад бай гэдэг байв.

Энэ үед үл үзэгдэх хулгайч маань хамгийн хэцүү зуудаг нохойтой манай хотын Галдан гуайн хоолноос хороогоод бүр амруулахгүй болов.

Нэг өдөр аав хулгайчийг барихаар амлаж бас айлчин ирснийг далимдуулан хонь гаргав. Тэгээд баруун ханандаа махыг нь зүүж, доор нь хоршооноос авсан гөлмөн төмрөө дэвсэв. Хэрэв ямар нэг хулгайч ирээд махыг авах гэвэл заавал гөлмөн төмөр дээр гишгэж, чимээ гаргах ёстой байлаа.

Шөнө дөл болж айл амьтан цөм унтав. Гэнэт гэр дотор гөлмөн төмөр хүржигнэн дуугарахад нь хүмүүс сэрж, чүдэнз сэмхэн зурвал, сөхөөстэй байсан хаяагаар хүзүүндээ сахиус шиг юмтай, өрвөгөр шар амьтан гарч одов. Хүмүүс нойрмог нүдээрээ тэр шалмаг амьтныг олигтой харж амжилгүй алджээ. Юу ч болтугай хүнд л үзэгддэг амьтан байна. Урхи хийгээд үзье гэж аав шийджээ. Маргааш нь олигтойхон урхи бэлтгээд дотор нь хонины мах мөн тавив.

Өглөө босон харвал урхинд инээдтэй бүрзгэр амьтан сууж байв. Энэ нь алаг цоохор чимэгтэй хүзүүвч бүхий аргат шар шүү !

Хүмүүс инээлдэж, яриан шуугиан дэгдэв. Энэ өдөр Саасаг, Должин эмгэнийд ирсэн тул урхинд орсон үнэгийг үзэхээр бас л ирэв.

- Харж байна уу, Саасаг аа ! Чиний нөгөө "хувилгаан" энэ байна. Жирийн нэг үнэгийг "хувилгаан, базардар" гэж хэлэхэд мөн их "эрдэм, мэдлэг" хэрэгтэй еэ дээ гэж нэг өвгөн ёжлон хэлбэл,

- Харин тэгээд яагаа вэ ! Зэрлэг үнэг хэзээ тэгж айлаас юм хулгайлж байлаа. Энэ чинь л хувилгаан мөн дөө. Үнэг л болж хувираа биз. Одоо та нар итгэв үү ? Намайг ярих дээр "Худлаа, худлаа ! Саасаг цуурхаж байна" гэж хүүхэд хөгшидгүй эсэргүүцсэн билүү. Одоо та нар хар даа. Хуучны хуучин гэхээрээ Должин гуай үнэмшиж байсан юм. Хуучин хүн юу андах вэ дээ. Сааяа хүү худлаа хэлж байсан удаагүй гэж түүнийг бардамнан хэлэхэд хүмүүс дундаас :

- Би ч гэсэн чиний үгэнд итгээгүй шүү хүү минь гэж Должин эмгэн хэллээ.

Хүмүүс сонсоод :

- Ха ха ха ! хэ хэ хэ ! гэж нарийн бүдүүн, сөөнгө, баргиа янз бүрийн хоолойгоор худалчийг шоолон инээлдэв. Эцэст нь Галдан гуай :

- За, Саасаг аа үүнээс хойш ингэхээ боль ! Чалчаа ихэдвэл гэм болно шүү ! гээд үнэгийг зааж :

- Энэ ямар ч хувилгаан биш, энгийн нэг үнэг. Би түүнийг бүр жижигхэн гавар байхад нь олж тэжээвэр болгосон юм. Түүнээс хойш дандаа мах хоолоор тэжээж, хоёр настай ийм том үнэг болгоод алдчихсан юм. Тэгэхнээ нь хүний гараас хоол идээд сурчихсан болохоороо тэсэхгүй шөнөдөө айлын бэлэн хоол хулгайлдаг болжээ. Манайхыг бүр амраагаагүй юм. Тэгэхнээ нь гэрээрээ л эргэлдэж байсан хэрэг байна. Тэгээд ч энэ маань манай хотны ноходтой дасал болсон амьтан байгаа юм. Худал гэвэл хар даа гээд :

- Шарман ! Шарман ! гэж дуудахад урхи доторх үнэг Галдан гуайн өөдөөс ухасхийв. Ингээд бүх учрыг хүмүүс мэдлээ. Нэг жаал :

- Энэ ах худлаа хэлчихсэн юм уу ? гэж Саасаг өөд зааж, ээжээсээ асуув. Үүнийг сонссон Саасагийн нүүр халуу оргих шиг болжээ.

- Бага байхыгаа бодвол чи одоо өөрөө ёстой "хувилгаан" болж гүйцэж дээ гэж ямар нэг зэвүүрхмээр юм наалинхай дуугаар чихэнд нь шивэгнэх шиг болов.

Хоёр Жаал
 
Үлэмжийн чанар
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!