Лодонгийн Түдэв

Лодонгийн Түдэв

Монголын анхны ардчилсан чөлөөт сонгуулиар Улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан Лодонгийн Түдэв хэмээх энэ эрхэм ихэнхи уншигчдын хүүхэд насны танил билээ. "Хорвоотой танилцсан түүх"-ээр хүүхдийн оюуны бяцхан ертөнц нээгдэж, "Хоёр жаал", "Төөрөгсөд", "Оройгүй сүм" зэрэг өгүүллэг, туужаар монгол ахуй хийгээд Монголчуудын түүхэн цаг үеийн аж байдалтай танилцаж, "Мөнхийн ус", "Ухаан", "Будаг амилна" зэрэг өгүүлэл, туужууд шинжлэх ухааны зөгнөл, хүний хичээл зүтгэлээр хүрч болох боломжийг нээсэн байдаг. Монголын уран зохиол болоод сэтгүүл зүйд хамгийн шинжлэх ухаанч зохиол бүтээлийн шинэ замыг гаргасан Лодонгийн Түдэв зохиолчийн бүтээлүүд бол бүх насны уншигчидын заавал уншвал зохих бүтээлүүд билээ.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэн буудав ?

Хэдэн зуун жилийн нар салхинд элэгдэн хүрэнтсэн дэл хаднуудын сүүдэр нөгөө тийшээ ташаад сэрвийж, сарвайсан нь ямар нэг араа шүдтэй ч юм шиг харагдаж байв. Ах урьд үзсэн нэг нүхийг зааж :

- Энэ чонын үүр мөн үү? Ааяа гуай гэхэд

- Энд тэнд цагаан цагаан үс унасан тэгээд бас муухай үнэртэй байна. Лав хэдэн чоно бий байх гэж би нэмж хэлэв. Ааяа өвгөн толгойгоо сэгсрэн инээж :

- Хүүхэд минь ! Чонын үүр ийм байдаггүй юм. Энэ чинь өмхий хүрэнгийн нүх байна. За тэгээд та нар болгоомжтой явах хэрэгтэй. Олон өмхий хүрэнгийн дунд орчихвол бариулж ч мэднэ. Өмхий хүрэн их аюултай амьтан шүү гэв. Бид гурав урагшаа хэд алхалтал өмнө маань нэг хавх шиг юм хэвтэж харагдав. Би түрүүлж очвол ах бид хоёрын өчигдөр алж чадалгүй алдсан чонын хавх мөн байлаа.

- Ааяа ах аа! Өнөө хавх чинь энд хэвтэж байна. Чонын хөл хавчаад хоцорчхож гэж би хашхирав.

- Хөлөө тас хазчихаж шүү нохой чинь ! гээд Ааяа өвгөн нүдээ бүлтийлгэв.

- Өөрийнхөө хөлийг хазах гэж үү ? гэхэд, Ааяа :

- Тэгэлгүй яах вэ. Өөрийнхөө хөлийг хавхнаас нь дээхнүүр өөрөө тас хивж хаячихаад явчихдаг бэрх амьтан байгаа юм гэв.

- Өөрийгөө хазна гэдэг юун зориг вэ ? Тийм юм бас байдаг байжээ гэж би гайхан бодсоор цааш явав.

- Чоно хавханд ороод удах дээрээ ингэчихдэг юм даа. Би урьд залуудаа өдий төдий чоно хашрааж алдсан хүн дээ. Ээ дээ, чоно гэдэг чинь мөн сүрхий амьтан шүү гээд өвгөн хавхтай сарвууг ажиглаж явснаа :

- Зүүн талынхаа урд хөлөөр гишгэсэн байна. Та хоёр хавхныхаа оньсыг арай лав зүүжээ гэв. "Яагаад ингэж сайн мэдэж байна. Бид хоёрын хавхаа яаж зүүснийг хүртэл мэдэж байна шүү" гэж би бодох зуур нүүр өөд нь асуух маягтай харав. Ааяа миний санааг мэдсэн юм шиг :

- Анчин хүн чинь ямар нэг амьтны мөр буюу үгүй бол энэ хавхтай сарвууг ч гэсэн хараад ямар амьтан яасан болохыг нь ном мэддэг хүн шиг таньдаг юм. Тийм болохын тулд их ажигч болж сурах хэрэгтэй юм шүү дээ, хүүхдүүд минь гэв.

Хар мод, бургас, улиас холилдон ургасан гүн хавцал руу бид гурав орж ирлээ. Энэ ойролцоо нэг чоно байдаг бололтой гэж ахыг хэлэхэд Ааяа тосон авч :

- Магадгүй шүү, хүү минь. За яахав, нэгэнт бид хавхтай чоноо алдсан болохоор өнөөдөртөө энүүхнээр чонын үүр олохыг бодоё гэв.

Битүү шивээ, зулзаган модтой ойн бяцхан цоорхойд бид гурав юмсаа тавилаа.

- Миний дүү юмсаа хараад байж бай ! Ааяа бид хоёр чонын үүрийг хайгаад, хэрэв олбол харуулдах газар бэлтгээд ирье гэж ах хэлэв.

- Ах аа, энд чинь гахай байхгүй биз ? гэж би болгоомжлон асуутал :

- Юуны нь гахай байв гэж дээ гээд явчихлаа. Би хамт явахыг гуйх гэсэн боловч чадсангүй. Өвгөний ямаан хүрэм, ахын буу зэргийг харсаар хоцров.

Миний айдаг юм ганцхан л байдаг. Хүмүүс ер нь ихэвчлэн нэг юмнаас зэвүүрхдэг шүү дээ. Магадгүй та ч гэсэн могой юм уу, ядахдаа аалзнаас айдаг байж болох юм. Гэвч би бол зэрлэг бодонгоос учиргүй айдаг.

Би бүр жаахан байлаа. Өөрөөр хэлбэл гурван жилийн өмнө нэг явдал болсон юм. Хойлог гэдэг нохойгоо дагуулаад түлш түүхээр модонд гарлаа. Бас айлын хүмүүс ч хамт явсан. Би түрүүлэн, Хойлог дагалдаад нэг бөөн шивээ рүү орох гэтэл шивээн дотроос гэв гэнэт ямар нэг бяруу шиг мөртлөө арзгар амьтан ухасхийн гарч над өөд дайрсан. Би орилон хажуу тийш зугадтал, Хойлог ард маань гаслав. Эргэж харвал Хойлогийн маань гэдсийг хэзээний хүү татчихжээ. Тэгтэл бяруу шиг тэр амьтан бодон гахай байжээ. Шархадсан бодон гахай мөрөө сахиж эргэж хэвтдэгийг сүүлд нь би мэдсэн юм. Хэрэв түүний мөрөөр ямар нэг юм хөөж ирвэл ухасхийн хадардаг заншилтай ажээ. Үүнээс хойш би бодон гахайнаас илүү аймаар амьтан хувьдаа үзээгүй.

Цэцэг жимсний чийглэг үнэр давирхайн хатанги үнэртэй холилдон хамраар сэнгэнэж, чив чимээгүй сүглийж байгаа моддын сүүдэрт суухад хэдий тааламжтай байсан боловч уйдаж эхлэв. "Ааяа тэр хоёр юу хийж байгаа бол?" гэж бодогдох буюу эсвэл, "Ой дотроос, яг энэ чийг үнэртэж байгаа шивээн дотроос муруй цагаан соёогоо ярзайлгасаар гахай гараад ирэхгүй байгаа?!" гэж бодох тусам тайван байдлаа алдах болов.

Хэдэн хормын дотор ойн доторх тайван чимээгүй байдал өөрчлөгдөн модны оройд үүрэглэж суусан шувууд сүр сар хийтэл нисэлдэж, бас хаа ч юм бэ нэлээд алсад бололтой, тэртээ ойн гүнээс ямар нэг шувууны зэвүү хүрмээр орилоо дуу сонсогдох болов. "Ойн дотор ямар нэг аймшигт амьтан яваагийн шинж тэмдэг" гэж би бодов. Байн байсаар улам айх боллоо. Зэлүүд ойн дунд зэрлэг амьтдын дотор ганцаараа удаан сууна гэдэг чинь бас л амаргүй шүү.

Ахын бууг цэнэглэж аваад нэг том модны ёроолд хөдлөлгүй суув. Энэ үеэр модон дотор навч мөчир шажигнаж, ямар нэг хүнд хөлтэй амьтан над руу ойртож байх шиг болов. Гахай байх шүү гэдэг бодолд эгшин зуур автагдаж, өөрийн эрхгүй айдас хүрэв. Үл таних амьтны нүсэр хөлийн чимээ улам бүр ойртсоор хүндээр амьсгалж байгаа нь хүртэл сонсогдох болов. Би чимээ гарч байгаа зүгт буугаа чиглүүлж, "Гахай л гараад ирвэл гохоо дарчихья" гэж бодоод зогсож байв. Гэтэл модны мөчир хөдөлсөөр өмнө минь гахай биш харин Ааяа гуай гарч ирээд, өмнөөс нь буу чиглүүлэн буудахад бэлэн зогсож байгаа над өөд гайхсан байртай харав.

Би эндүүрснээ мэдээд буугаа буцааж амжаагүй байтал буун дуу сонстож, өвгөн бөхийн гуйвалзсаар ногоон дээр уналаа. Айсан ч гэж яриангүй. Буугаа чулуудчихаад Ааяа өөд ухасхийтэл цэнэгтэй байсан буу маань газар унахдаа доргин гал алдаж, хоёр дахь буун дуу цуурайлан сум нь хий агаарт шүнгэнэн одов. Ааяагийн цаанаас айж сандарсан ах :

- Юу болов? Яав? гэсээр гүйн гарч ирэв. Би хамгийн түрүүн Ааяагийн дэргэд гүйн ирж, өндийлгөвөл тэр нүдээ нээж :

- Аа чи хүн буудна гэнэ ээ, хө ! гэж чанга хашхираад нүдээ дахин анив. Ах бид хоёр сандран, шархыг нь аргалж боолоо.

- Ааяа яачхав аа ? Юу болов ? гэж ах надаас асуутал өвгөн нүдээ нээн өндийж

- Юу болох вэ? Та хоёр л ийм санаатай байж ... ! Дүү чинь буудчихлаа ! гэв.

Миний нуруу руу эгшин зуур аалз арвагнах шиг болж :

- Би ... б ... би ... Ааяа би биш гэж чичирхийлсэн дуугаар уйлах шахам хэлбэл Ааяа :

- Хүү минь чамайг яг л над руу буу шагайгаад зогсож байхыг чинь би харсан шүү ! гэлээ.

Би гахай гэж эндүүрээд буугаа бэлтгэж байтал Ааяа гарч ирсэн. Тэгтэл эгшин зуур буу дуугарч ийм явдал болсон гэж өдий төдий батлан хэлсэн боловч өвгөн үнэмшсэнгүй. Ах бууг шалган үзвэл саяхан буудсан хонгио нь хоолойдоо байж байв. Ингээд гарцаагүй болж эхлэв. Харин эцэст нь өвгөн :

- Би аавтай чинь насныхаа турш тохироогүй маргаж, өтөлсөн минь үнэн. Өглөө хамт анд явсан чинь үд болоогүй хэрэлдэж хоёр салаа өгсөөд салдаг байсан. Гэсэн ч бид хоёр бие бие рүүгээ буудаж яваагүй юмсан даа ! гэж гомдолтойхон хэллээ.

Ааяагийн шарх хөнгөн байжээ. Ах бид хоёр өвгөнийг гэрт нь хүргэж ирээд дэргэдээс нь салалгүй ээлжлэн сувилах болов.

- За яах вэ. Би энэ тухай хэнд ч ярихгүй, бага хүүхдүүд осолдож гэнэдээ л биз. Гэвч та хоёр дахиад ийм явдал гаргав аа гэж өвгөнийг хэлэхэд миний хүзүүг хүйтэн могой ороосон мэт эвгүй болов. Нээрээ буудчихсан бол буруугаа шударгаар хүлээх ёстой. Гэвч гэнэтийн тохиолдлоос болоод ийм явдалд холбогдох нь эвгүй бөгөөд аймаар хэрэг байлаа.

Сав л хийвэл "Би буудаагүй шүү дээ" гэдэг бодол толгойд орж ирсэн байв. Орой болж орондоо ороод унтахад ч нойр хүрэхгүй, гэв гэнэт сэрж заримдаа өмнө минь Ааяагийн баргар царай үзэгдэж, "За хүү минь яав даа даанч !" гэж байх шиг болно. Ааяа эдгэрч зүгээр болж байвч миний шархадсан сэтгэл эдгэрсэнгүй.

Сарын дараа Ааяа өвгөн танил анчин Гомботойгоо яриа дэлгэн сууж байв. Гомбо эсэн бусын юм ярьж суухдаа өвгөний үг нэг бүрийг их л хянамгайлан чагнаж, сээтэлзэн суусныг хэн ч мэдсэнгүй. Тэр хоёр анд явахдаа эрт урьдын андууд байжээ.

Ааяа залуугийн цагт ан хийж, явснаа дурсан бодож бас Гомботой хамт нэг удаа ан хийж яваад Гомбо нь гал алдаж өвгөнийг осолд учруулах дөхсөнийг сэргээн бодож сууснаа :

- Чи гэж нэг золиг намайг нэг удаа нүд аниулах шахаж билээ. Ээ дээ, модон дотор ан хийхийн осол ! гэтэл Гомбо ихэд цочиж, нүүр нь хувиран :

- Би юу ? Чи намайг тэгэхэд таньсан гэж үү ? гэж сандран асуув.

- Тэгэлгүй яахав. Чи л байхгүй юу! гэж Ааяа хэлэхэд Гомбо аягатайгаа газар тавьж :

- За чи бид хоёр олон ч жил үерхлээ. Чи намайг эрхбиш өршөөнө биз ээ. Би тэгэхэд чинь нэг муу борлон \гөрөөсийг\ буудаад орхисон чинь оносонгүй. Сум нь улиад л явлаа. Тэгтэл чиг сум явсан зүгээс шуугиан дэгдэж, "Чи хүн буудна гэнэ ээ!" гээд л явчихлаа. "Ёоёо" гэх нь л чиний дуу байна. "За дүүрч, тэнэсэн сум нь хүн онож дээ" гэж бодоод би ухасхийн зугатсан юм. Харин аз дайрахад зөвхөн шархадсан байна лээ. За тэгээд чи битгий юм санаарай. Гэмгүй явсан улс байна гэх зэргээр Гомбо үргэлжлүүлэн ярихад Ааяа гайхаж :

- Чи минь юу яриад байна аа? гэв.

- Би хэдүүн чамайг шархдуулснаа ярьж байна гэж Гомбо тайлбарлав.

- Тэгэхэд чи буудсан гэж үү ? гэвэл :

- Би буудсан. Буудах ч гэж дээ. .. Тэнэсэн сум нь чамайг оночихсон байна лээ. Юм санаагүй биз гэхэд Ааяа сая учрыг олж инээн :

- Би өнөө мичин жилийн явдлыг ярих гэтэл чи чинь "зүүдээ ярих гээд хулгайгаа ярих" шиг вэ. Чи тэгсэн юм бол тэр дороо хэлэхгүй ямар өөдгүй амьтан вэ. Яах гэж зугтсан золиг вэ ? гэж Ааяаг асуухад Гомбо гэмшингүйгээр :

- Тэнэг золиг чинь айхдаа л тэр байхгүй юу гэв. Ааяа :

- Энэ явдал тэр нэг бяцхан хүү чи бид гуравт хэн хэнд маань хэзээ ч дайралдмааргүй сүрхий сургамж боллоо доо. Юм гэдэг болзолгүй зүйл шүү ! гэв.

Хувилгаан
 
Өнөөдөр “Номын баяр” эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.