Дамдинсүрэнгийн Урианхай

Дамдинсүрэнгийн Урианхай

1940 онд Булган аймагт төрсөн. Нобелийн шагналд нэр дэвшсэн энэ эрхэмийн алдар цолыг нэрлэвч барахгүй. Ардын уран зохиолч Д.Уриайнхайн бүтээлийн амт нь шинжлэх ухаанч, танин мэдэхүйг нээсэн зөн билэгт, монгол гүн ухааныг яруу найрагтаа, эссендээ, бодрол нийтлэлдээ нэвт шингээсэн унших бүрт л толгой дохин зөвшөөх тийм өгөгдөлтэй байдагт билээ. Түүнийг зөгнөлт зохиолч гэж хэн ч нэрлээгүй. Бүүр тэгж нэрлэгдэхгүй ч байх. Харин тэр үнэнд хамгийн ойр байж болох таамаглалыг шинжлэх ухаанчаар шууд дэвшүүлж орхидог оршихуйн нээлт ч гэх юм уу, үлгэрийн биш хэр нь шидэт өрнөл түүний бүтээлд байдаг. Ардын уран зохиолч Д.Урианхайг зохиолчоос гадна, гүн ухаантан гэж албан ёсоор нэрлэмээр санагддаг. Шинжлэх ухаанч, гүн ухаанч, шидэт бас реалист хүний сэтгэлгээ, дотоод мөн чанарт нэвтэрсэн түүний бүтээлийг таашаан хүртэгч уншигчид үеийн үед үй олон байх болтугай.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол зан

Гуних минь, Монгол хүн юу ч хийсэн дандаа хүний амаар, сураг таамгаар, бусдын хийсний "хуулбар"-аар хийдгээс үүдэн гунинам.

"Барын сүүл болохоор батганы толгой бол!" гэдэг үгтэйг санахуй, "Өөрийн мөрөн дээр толгойгүй, өөрийнхөө хар толгойгоор нээсэн үзэл онолгүй, өөрийнхөө улаан гараар бүтээсэн түүхгүй хүн ард байснаас баасны хар ялаа болоод нисэж яваасан бол хаа зүйртэй, хаа бахтай вэ! Чигчийн зайны дайтай өндөрт ч бол хүний толгой дээгүүр, хүн хоёр хөл дээрээ хичнээн үсрээд ч үл хүрэх тийм дээгүүр зайд нисэн хөөрөх шүү дээ!" хэмээн гунихран бодно.

Хайртай болохоороо халаглах, уур хүрэх, тэр бүү хэл хараах....тэр бүү хэл, урам гутрахдаа, "Иш, чааваас: бүгдийг нь махкомбинат руу туугаад оруулчихсан!" гэж адган бодох "нүгэл"-д унах ч энүүхэнд тулгарна....

Хайрлахад үзэн ядах ч бага санагдана....

Их хайр, их үзэн ядахуй хоёр нэгэн цээжин дотор үргэлж түшилцэн, "ихэр хүүхэд" мэт цугтаа торнидог юм шиг бодогдоно. (Үзэн ядахуй гэгч цөхөрсөн хайр ч байж мэднэ!)

Монгол хүн өөрийнхөө зүтгэл, зүдрэл, зовлон, золиос тэмцлийнхээ үрээр үнэнд золгох нь хэзээ ч үгүй, ямагт

бусдын "хэхэрсэн" аахар шаахар үнэний "гулигдас"-г бэлэнчлэн тосож, өөрийнхөө "бөндгөр"-т өл залгуулна. Түүхийн "даваа" руу мацахдаа, дандаа хүний моринд сундалж, хүний унааг л гуйлгаар зайдлана. Юмны "дотор хэзээ ч эс орж, "гүн" рүү нь хэзээ ч эс нэвтэрнэ. Ямагт юмны "гадна" нь, "дэргэд" нь, "ойр тойронд" нь л эргэлдэнэ. Юм юмны захад залхуугүй очих хэрнээ юуны ч цаана нь эс гарна. Залхуу нь Эрлэгийг ч айлгана....

Бурхан минь! Ертөнцийг ухаарах Монголчуудын ухаарал юутай омтгой, юутай ойворгон, юутай гүймэг гүехэн бэ! Мэдэх нь юутай бага, бөөсөн чинээхэн атлаа мэдэмхийрэх нь юутай их, юутай ичгүүр сонжуургүй, мэдэх өчүүхэнээ хүүрнэлдэх нь арслан хүрхрэх мэт юутай аймшиггүй вэ! Энэ "аймшиггүй"-н "дархлаа" Монголын түүхийн үл тасрагч эмгэнэлийн үл ширгэгч "ундарга" байж мэднэ!....

Аугаа үнэн-аугаа эсэргүүцэл!

Үнэний аугаа эсэргүүцлийн хүчийг аугаа тэмцлээр хүчирхийлэн давсан ард түмэн л хөгжлийн "Ад"-ын “Хориотой үр жимс"-ийн амт шимтийг хүртэнэ. Эс чадсан нь түүхийн харгуйд ямагт "явган", ямагт "нүцгэн" хаягдаж, харанхуй тоосонд нь хөсөр булуулан, бараа туруугүй замхарна.

Тэгээд.... яг л Монголчууд шиг жинхэнэ аугаа үнэнээр буюу үнэний эсэргүүцлийг ялсан тэмцэл, зүтгэлийнхээ "гэгээ" үнэнээр үнэн хийх бус, харин өөрсдийнхөө зүтгэл.... зүдрэл.... зовлон.... золиос.... тэнсэлдээнийхээ үрээр үнэнийг шүүрч ааг амтыг нь таньсан бусад ард түмний үнэний "хаягдал" өвдөл цөвдөлхөн "үнэн" -ээр үнэн хийн амь улжсаар ахуй түүхийн сүүдэрт цагийн "сүүл мушгин" гээгдэнэ....

Хэн буудав ?
 
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.