Лодонгийн Түдэв

Лодонгийн Түдэв

Монголын анхны ардчилсан чөлөөт сонгуулиар Улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан Лодонгийн Түдэв хэмээх энэ эрхэм ихэнхи уншигчдын хүүхэд насны танил билээ. "Хорвоотой танилцсан түүх"-ээр хүүхдийн оюуны бяцхан ертөнц нээгдэж, "Хоёр жаал", "Төөрөгсөд", "Оройгүй сүм" зэрэг өгүүллэг, туужаар монгол ахуй хийгээд Монголчуудын түүхэн цаг үеийн аж байдалтай танилцаж, "Мөнхийн ус", "Ухаан", "Будаг амилна" зэрэг өгүүлэл, туужууд шинжлэх ухааны зөгнөл, хүний хичээл зүтгэлээр хүрч болох боломжийг нээсэн байдаг. Монголын уран зохиол болоод сэтгүүл зүйд хамгийн шинжлэх ухаанч зохиол бүтээлийн шинэ замыг гаргасан Лодонгийн Түдэв зохиолчийн бүтээлүүд бол бүх насны уншигчидын заавал уншвал зохих бүтээлүүд билээ.

Цүнхтэй танилцсан нь

- Үүнийг харав уу ? Хүүхдүүд ээ. Юу вэ ? Та нар хэл дээ гэж ангийн багш асуулаа. Ангид анхандаа чив чимээгүй байлаа. Багш миний хэдэн дэвтрийг толгой дээр хоёр гардан өндөрт өргөж, нийтэд үзүүлж байлаа. Миний дэвтэр тэгж олны сонирхол татах болсны учрыг та нар мэдэж байгаа биз. Сургуулиас гэр, гэрээс сургууль хүрэх хоорондын хүнд хэцүү аяны замд элээгдэж, үнгэгдээд, хиртэж урагдаад яг л хатсан аргал шиг болчихсоноос дэвтэр маань олны анхаарал татжээ. Хэрвээ цэвэрхэн байсан бол хэн түүнийг ингэж үзмэр болгох билээ.

- Тогооны бариул байна ! гэж хэн нэг нь хулгана шиг часхийн дуугартал манай ангийнхан инээлдэв.

- Дэвтэр биш байгаа биз ! гэж багш инээмсэглэн асуулаа. Хүүхдүүд бас л инээлдэж:

- Дэвтэр байсан юм л даа гэж нэг нь хэлэв.

- Өөр ийм дэвтэртэй хүүхэд байна уу ? гэж багш асуув.

- Үгүй ээ гэж тэд ичих ч гүй худал хэлэхэд нь би бас тэсэж чадсангүй.

- Багш аа Пунцаг бас ийм дэвтэртэй шүү гэчихлээ. Дэрэнцагааны чих нь час улайхыг би харлаа. Пунцаг бол сармигар дэлдэн чихтэй, цагаан хүүхэд учир бид түүнд Дэрэнцагаан гэж цол олгосон юм.

- Тийм үү, Пунцаг ? гэж багш асуув. Пунцаг дуугарсангүй. Чавган улаан царайтай болов. Багш миний үгэнд үнэмшсэн бололтой:

- Пунцаг чи дэвтрээ аваад ир ! гэв. Би ижил ханьтай болсондоо сэтгэл тайвширч баяр хөөртэй болоод самбарын дэргэд номхон зогсож байлаа.

- Харав уу? Хүүхдүүд ! Энэ хоёрынх шиг дэвтэртэй байж болох уу?

- Болохгүй гэцгээв. За та хоёр мэдэв үү ! Дэвтрээ ийм муухай болгож болохгүй шүү. Цэвэрхэн байх хэрэгтэй. Ийм муухай дэвтрийг харахаас дургүй хүрнэ. Та хоёр яаж байгаад дэвтрээ ингэчихдэг улс вэ?

- Энэ дэвтрийг би ийм муухай болгоогүй гэж гэнэт ам ангайчихсан чинь багшийн нүд их болж :

- Хэн муухай болгосон юм бэ? Сахилгагүй жаалууд тэгсэн үү гэв.

- Үгүй. Цүнх маань тийм болгочихсон юм.

- Юу гэнэ ээ. Чиний цүнх тийм муухай юм уу гэж багш гайхан асуулаа.

- Цүнх маань өөрөө нугарчихдаг юм. Тэгэхээр доторх дэвтэр маань бас нугарчихдаг юм гэж би хэлээд ногоон даавуугаар оёж, элгэн дээр нь улаан таван хошуу хадсан цүнхээ багшид үзүүлэв. Багш бас л гайхаж :

- Энэ цүнх тэгээд чиний дэвтрийг өөрөө нугалчихдаг юм уу ? гэв.

- Үгүй ээ, дээрээс нь дараад очихлоор даавуун юм болоод нугалчихдаг

- Чи бүдэрч ойчоод байдаг хөл муутай хүүхэд үү ?

- Үгүй ээ гэж би хэлтэл арын ширээнээс Лхасүрэн:

- Багш аа наадах чинь гэртээ харих замдаа дэрэнцагаа... гэснээ амаа барьж, наад Пунцагтай чинь дандаа барилддаг юм. Тэгээд ойчих болгондоо цүнхтэй дэвтрээ нуга дарчихдаг юм гэж ховлов. Пунцаг бид хоёр дайсан этгээд рүүгээ заналтайяа харж зогслоо. Тэгтэл багш:

- Өө тийм үү ! Тэгвэл цүнх буруутай биш, та хоёр өөрсдөө ноцолдож байж, дэвтрээ үнгэдэг улс байна. Үүнээс хойш бүү тэг. Энэ муухай дэвтрээ сольж, шинэ дэвтэр дээр хуулаад ир гэв.

- Хайран юм гэж би санаа алдав. Хүүхдүүд нирхийн инээлдлээ. Багшийн уур сая л хүрсэн бололтой. Нүд нь аймаар болж:

- Юу гэнэ ээ, чи. Энэ муу тогооны бариулыг хайран гэв үү, чи ! гэж хашгиран асуув.

- Үгүй ээ багш аа. Энэ дэвтэр дотор таны тавьсан гурван сайхан тавын тоо байгаа юм. Тэр маань хайран байна. Энэ үгийг сонсоод багшийн царай сайжирч, бүүр инээвхийлэх байдал ороод :

- Аа дүн үү? Тэрнийг би чамд бас хуулж өгнө гэв. Хичээл тараад гэртээ ирэх замдаа Пунцаг бид хоёр ханатлаа барилдаж авав. Нэгэнт үнгэгдээд хуулах болсон дэвтрийг хайрлах юм алга байв. Гэртээ орвол аав ажлаасаа ирчихсэн сууж байлаа.

- За ямар дүнтэй вэ? гэж аав асуулаа. Аавд нуух юмгүй тул би түүнд эрхэлж:

- Муу. Өнөөдөр багшдаа загнуулаад гэв. Аавын сэтгэл зовж:

- Яагаад багшдаа загнуулав. Буруу юм хийв үү гэв.

- Буруу юм хийгээгүй. Гэтэл дэвтрээ муухай болгосон гэж багш загнасан гэхэд аав:

- Аль вэ тэр дэвтрийг чинь үзье хэмээв. Би нөгөөх гайтай дэвтрийг дуртай дургүй авч өгөв. Аав харангуут :

- Дэвтрээ ийм болгочихсноос цааш загнахгүй яах вэ. Загнахаар барахгүй зодох хэрэгтэй байж гэв. Үүнд би гомдож :

- Би өөрөө буруугүй юм чинь гэв.

- Хэн буруутай вэ ?

- Цүнх. Энэ үгэнд аав бас гайхав бололтой.

- Цүнх юуны буруутай вэ?

- Энэ муу даавуун цүнх чинь дотроо байгаа дэвтрийг хамгаалж чадахгүй юм.

- Яагаад ?

- Барилдах дээр нугарчаад байх юм.

- Барилдахдаа газар аваад тавьчихгүй юу.

- Тэгэхээр хүүхдүүд аваад зугтчихдаг.

- Багшдаа үүнээ хэлсэн үү?

- Хэлээгүй.

- Барилдахгүй байж болохгүй юу?

- Болохгүй. Дэрэнцагаан бид хоёр заавал үзэлцэж байх ёстой. Аав инээмсэглэн бодол болж, миний элс шороотой толгойг илэн хэсэг суув.

- Чи дандаа ойччихдог юм шив дээ гэж асуулаа.

- Үгүй ээ. Дэрэнцагаан бас ойчдог. Түүний дэвтэр бас ийм болчихсон. Бид хоёулаа загнуулсан. Аав дахиад л бодлогоширсноо :

- За яах вэ. Аав нь чамд цүнх хийж өгье. Маргааш өглөөнөөс эхлээд чиний цүнх, дэвтэр нугалахгүй болно гэв. Аав мужаан хүн болохоор тэр дороо мод харуулдаж, жижигхэн модон цүнх хийв. Дээшээ онгойдог, бяцхан тагтай, хоёр хажуудаа зүүдэг сэнжтэй. Бас жижигхэн цүү цуургатай хийжээ. Шаравтар будгаар будаж, бөөрөн дээр нь улаан таван хошуу зурав. Энэ бүхэн миний санаанд багтамгүй тийм нарийн зүйл шиг бодогдов. Одоо би мангуурч ойчитлоо барилдаж болно. Дэвтэр маань модон цайзан дотроо эрүүл чийрэг, ариун цэвэр орших болно гэж бодохоос баярлан дэвхэцмээр санагдав.

- Чийгтэй будгаар будчихлаа. Өглөө болоход хатчихна гэж аав амандаа ярьж, миний хамгийн том номын хэмжээг авч үзээд инээмсэглэв. Хэмжээ таарсан бололтой. Маргааш өглөө нь аав :

- За одоо цүнхэнд бруу өгөх аргагүй шүү. Өөр л юм бодож олоорой гэв. Тэр өдөр би үзэсгэлэнгийн амьтан болж хувирав. Сургуулийн хаалгаар орж ирмэгц манаач өвгөн нүдээ том болгож :

- Чи чинь юун хайрцаг үүрээд ирэв ? гэж асуухад уур хүрч :

- Хайрцаг биш, цүнх байхгүй юу гэчихээд цааш одов. Манаач :

- Хай гайхал даа гэсээр хоцров. Хүүе хүүхдүүд ээ хараач энэ юу гээч вэ гэж ангийнхан шуугилдлаа. Хүүхэд бүр цүнхийг минь үзэх сарвалзлаа. Би их үнэрхэж гайхуулав. Хүүхдүүд их сониуч ажээ. Гэтэл бас багш нар миний цүнхийг үзэх гэж тойрон шавж, бас контортоо дуудаж үзэх гэж оролдов. Тэр өдөр шиг олны анхааралд орж, ярианы эзэн болсноо хожмын олон жилүүдэд би үзээгүй билээ. Хүүхдүүд над "модон цүнхэт" гэж шинэ цол өргөмжлөв.

- Модон цүнхэт гуай барилдах уу! гэж нэг нь анх хэлээд энэ цолыг бий болгов. Урьд нь намайг "сарлагийн тугал" гэдгээс арай үнэн нэр тул би тэрэнтэй дороо эвлэрлээ. Модон цүнхтэй болсноос хойш миний дэвтэр шинээрээ байдаг болов. Харин над шиг модон цүнхтэй хүүхэд дахиж хэзээ ч гарсангүй. Гагцхүү Дэрэнцагаан намайг дуурайн ижилсээд бас модон цүнх зүүсэн. Гэвч түүнд шинэ цол олдсонгүй. Дэрэнцагаан хэвээрээ үлдэж билээ. Удалгүй модон цүнхнийхээ өөр нэгэн ид шидийг би санамсаргүй нээж олов. Ахлах ангид сурдаг том хүүхэд Дэрэнцагаан бид хоёрыг гэнэт зодохоор нударгаа зангидан давхиж ирэв. Хичээл тараад явж байсан юм. Айхдаа өмнөөс нь цүнхээ өргөн халхалж орхисон чинь нөгөө хүүхэд модон цүнхний бөөрөн дээр нүцгэн нударгаараа түсхийтэл буулгаж аваад өвдсөндөө болж ярвайн ухрав. Үүнээс хойш модон цүнхээ бамбай болгон ашигладаг болов. Ингэж би модон цүнхтэйгээ 7 жил нөхөрлөсөн юмсан. Найм дахь жилээсээ би түүнээс ичих болж билээ.

Монгол зан
 
Үлэмжийн чанар
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!