Дамдинсүрэнгийн Урианхай

Дамдинсүрэнгийн Урианхай

1940 онд Булган аймагт төрсөн. Нобелийн шагналд нэр дэвшсэн энэ эрхэмийн алдар цолыг нэрлэвч барахгүй. Ардын уран зохиолч Д.Уриайнхайн бүтээлийн амт нь шинжлэх ухаанч, танин мэдэхүйг нээсэн зөн билэгт, монгол гүн ухааныг яруу найрагтаа, эссендээ, бодрол нийтлэлдээ нэвт шингээсэн унших бүрт л толгой дохин зөвшөөх тийм өгөгдөлтэй байдагт билээ. Түүнийг зөгнөлт зохиолч гэж хэн ч нэрлээгүй. Бүүр тэгж нэрлэгдэхгүй ч байх. Харин тэр үнэнд хамгийн ойр байж болох таамаглалыг шинжлэх ухаанчаар шууд дэвшүүлж орхидог оршихуйн нээлт ч гэх юм уу, үлгэрийн биш хэр нь шидэт өрнөл түүний бүтээлд байдаг. Ардын уран зохиолч Д.Урианхайг зохиолчоос гадна, гүн ухаантан гэж албан ёсоор нэрлэмээр санагддаг. Шинжлэх ухаанч, гүн ухаанч, шидэт бас реалист хүний сэтгэлгээ, дотоод мөн чанарт нэвтэрсэн түүний бүтээлийг таашаан хүртэгч уншигчид үеийн үед үй олон байх болтугай.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Урианхай “Толь“



“Хууз” хочит Болд нас барсан эхнэрээ үе үе их санана. Эхнэр нь бие бараад жил тойрч байгаа ч үе үе гансрахаараа хүүхдүүдээсээ нууцаар эхнэрийнхээ зурагны өмнө очиж зогсоод нулимсаа сэмхэн, хурдан арчина.
Өглөө нар хөөрлөө.
Тэнгэр цэлмэг, дулаахан сайхан өдөр таарлаа. Болд эхнэрийнхээ булшийг эргэхээр арц, хүж, атга будаа, хайрцаг чүдэнз цуглаж аваад тэр жил төрсөн өдрөөр нь эхнэр нь бэлэглэснээс хойш хадгалж явдаг алчуурандаа боож аваад гэрээсээ гарлаа. Оршуулгын энгэрт нам гүм, амьтан хүн, унаа тэрэгний бараагүй, зам зуурт хэдэн тагтаа л нисэж бууж үзэгдэх аж. Гэнэт, хаанаас ч юм, их ойрхноос Болдыг дуудах сонсогдлоо.
Болд зогсоод, хэн, хаана харагдана? гэж ийш тийш нүд гүйлгэлээ. Ойр хавьд нь ганц ч хүн харагдсангүйд ихэд гайхлаа. “Хэн нэгэн дуудчихаад, надаар даажигнаж нэгтээ нуугдчихлаа!” гэж бодоод нэлээд удаан хүлээж, ийш тийш дахин дахин нүд гүйлгээд хаа ч, юу ч эс харагдсанд “Хий юм” сонсож дээ! гэж санаад цааш алхав. Хоёр, гурав алхтал, өөртэй нь яг зэрэгцээд алхаж яваа хөлийн чимээ тод сонстов.
Болдын хамаг биеийн үс өрвөсхийж жигтэй айн зогтуслаа.
- Битгий ай гэх үг дуулдлаа.
Болдын өвдөг өөрийн эрхгүй чичрэн, гар нь хүйт даан салгалж,
- Чи хаана байна аа, хэн бэ? гэж эрүү нь давжин арай ядан асуув.
- Хажууд чинь! Надад нэр байхгүй! Чи өөрөө нэг нэр өг! Чиний өгөх нэр, -Миний нэр!
Болд
- Чи юу вэ? Чөтгөр үү? гэж асууж завдаад ухаан алдан уналаа. Хэдэн хором хугацаанд ухаангүй хэвттэл ухаан нь гэв гэнэт сэргээд дорхноо ухасхийн бослоо.
Бие нь зүв зүгээр, огт юу ч тохиогоогүй мэт хэвийн байгаа нь илт мэдэгдэхэд гайхах, баярлах зэрэгцлээ. Нүдээ арчаад хэд хэд цавчаад, дахин бас арчаад, ийш тийш дахин дахин ихэд анхааралтай ажин харлаа. Юу ч эс харагдлаа.
Харин дахиад л өнөө дуу гарч,
- Битгий ай! Айлтгүй! Чи намайг чөтгөр гэж бодоод айж ухаан алдчихлаа. Чи надаас биш өөрийнхөө бодлоос айсан: Намайг дотроо чөтгөр гэж бодож, чөтгөр гэж нэрлээд надад өөрөө өгсөн нэрнээсээ айчихлаа шүү! Нэр хоосон, хоосон нэр, -энд айх юм байхгүй! Миний нэр ч чөтгөр биш, би өөрөө чөтгөр ч биш! Тэгэхдээ чамд харагдахгүй! Намайг харах нүд чамд ч бусдад ч байхгүй! гэх сонстов.
Болд тэндээс хурдан зугатахаар завдан, зам руу харайх гэтэл хоёр хөл нь дааж хөдлөхөөргүй хүнд төмөр дөнгө углачихсан мэт газраас хөдөлж өгсөнгүй.
- Чи зугтах гэж бодох хэрэггүй ээ, чадахгүй! Хөл чинь газраас ховхрохгүй! Болд айж дагжих, амьсгаа нь голоо түгсэхийг арай ядан дарж,
- Чи хаа байгаад, хаанаас яриад байгаа юм? гэж асуув.
- Хамт зогсоод ярьж байгаа!
- Үг чинь сонстоод, өөрөө чи харагдахгүй байна шүү дээ.
- Харлаа ч чи итгэхгүй, итгээгүйгээ хүн харж чадахгүй!
- Би харсандаа итгэдэг.
- Би харагдахгүй.
- Хүн юм бол хүнд харагдмаар юм.
- Хүн харин хүнээ л хардаггүй. Болд айдсаа жаахан тэвчиж,
- Чи оршуулгын газар юу хийж байгаа юм? гэж асууж зүрхлэв.
- Чамтай уулзахаар хүлээж байсан юм. Чи Болд? Тийм биз дээ?
- Тийм!
- Чи эхнэрийнхээ булшийг эргэх гэж яваа! Тийм үү?
- Тийм!
- Чи эхнэрээ их санадаг тийм үү?
- Тийм!
- Би чамайг эхнэртэй чинь уулзуулна!
- Миний эхнэр өөд болчихсон! Яаж уулзуулах юм?
- Чи итгэхгүй байна тийм үү? Болд:
- Яаж итгэх юм! гэж дуу алдав.
- Яагаад?
- Яаж болох юм? Боломжгүй!
- Яагаад Болд оо! Болно!
- Хачин юм! Гайхаш барагдах нь! Агаар үг ярьж урсдаггүй баймаар юм.
- Хачин юм, гайхмаар юм огт байдаггүй! Цөм энгийн! Чи зөвхөн өөртөө харагдаж, өөртэй чинь ярьж байгаа хүнтэй л ярьдаг, нүд чинь харахгүй байгаа, дуугай байгаа юмтай ярьж сураагүй! Чи одоо буцаад яв!
- Хаашаа?
- Гэрлүүгээ!
- Яах юм?
- Эхнэрийнхээ тольдож байсан толийг аваад ир! Орны чинь толгой дахь шүүгээний дээд нүдэнд байгаа! Тийм үү?
- Тийм! Тэнд байдаг.
- Яваад аваад ир! Яг эндээ!
Болд гэртээ хариад, эхнэрийнхээ хэрэглэдэг байсан шармал жаазтай, үнэтэй, хөөрхөн, тиймээс дурсгал болгон хадгалж явдаг толийг аваад ирлээ.
Үл харагдах дуу хоолой гарч,
- Яг мөн! Алив, өг! гэв.
- Чи энэ толийг яаж мэдэж байгаа юм?
- Их амархан шүү дээ. Далд юм ганц ч байхгүй! Харин ил юм далд нууцтай, хүн хууртагддаг. Энэ толь, чухамдаа толь биш, чиний эхнэр өөрөө! Чи энэ “Толь”-ийг эхнэрээ их санаж байгаад элгэндээ чанга наагаад, яг ес тоолоод аваад харахад чинь чиний эхнэр өмнө чинь зогсож байгаа харагдана. Биеэрээ... амьдаараа! Гэхдээ, одоо биш! Есөн хормын дараа шүү! Одоо зөвхөн миний хэлэх үгэнд итгэ! Чадах уу?
- Юун үг юм?
- Эндээс эхнэрийнхээ булш руу “Зуун найм” алхахад чинь газар хагаран ангайна. Өргөн, ёроолгүй, хав харанхуй гүн ангал үүснэ. Чи тэр ангал дээгүүр явж өнгөрөх хэрэгтэй!
- Яаж?
- Яахав, зүгээр яваад л!
- Яаж чадах юм? Би газар дээгүүр л явдаг.
- Газар дээгүүр яваад чи эхнэрийнхээ булшинд л хүрнэ. Эхнэртэйгээ уулзаж чадахгүй!
- Тэртэй тэргүй уулзахгүй ээ. Миний эхнэр үхчихсэн!
- Чи эхнэртээ “Би чамд маш их хайртай!” гэж хэлж байсан шүү дээ.
- Үнэн! Үнэнээ хэлж байсан!
- Эсвэл “Би чамд маш их хайртай!” гэж хэлсэн чинь худлаа, эсвэл эхнэр чинь үхсэн нь худлаа!
- Үгүй, хоёулаа үнэн!
- Үнэхээр, үнэн бол, эхнэрийнхээ булш руу нүдээ аниад “Зуун найм” алх!
Болдод яагаад ч юм, “Алхаад үзье, яадаг юм!” гэж бодогдлоо.
Алхлаа.
Гэхдээ нүдээ хараатай алхлаа.
Өмнө нь үнэхээр газар хагараад, өргөн, харанхуй, гүн хар ангал үүслээ.
- Наад ангал дээгүүрээ алх! Чанга гишгэ!
Болдод “За, би зүүдэлж байгаа юм байна!” гэж бодогдлоо:
Алхлаа.
- Яаж байна?
- Айж байнаа.
- Айлтгүй! Алх! Алх! Түргэн алх!
Болд айхдаа нүдээ аниад түргэн түргэн алхлаа. Нүд аниастай алхсаар яваад хөл дор нь чулуу гишгэгдэж таварцаглаж унаад нүдээ нээлээ.
- Одоо толь руугаа хар!
Болд газраас яаран босоод, толио өврөөсөө гаргаж харлаа. Эхнэр нь уулын энгэрт бус, байрныхаа орцны үүдэнд, уржнан жилийн намар зуслангаас бууж ирээд гартаа тортой юм барьчихсан, сугандаа “Өдрийн сонин” хавчуулчихсан, орцныхоо хаалгыг онгойлгодог тоонуудыг дараад зогсож байсан яг тэр янзаараа, өөрийнхөө биеэр, амьдаараа зогсож байв. Болд эхнэртээ ямар нэг үг хэлэхээр яаран зэхтэл, эхнэр нь өөрөөс нь түрүүлээд,
- Чи над руу яаж ирэв? гэж асуув.
Болд юу хэлэхээ мэдэхгүй сандарч, дэмий л,
- “Тэр”! гэтэл, эхнэр нь,
- Аа, “Тэр” үү? “Адаг чуулганы орд”-ны “Зуун найм” дугаар одны гэрлийн ойлт манай нарнаас Дэлхийд тусдаг гэрлийн ойлттой есөн сая жилд нэг удаа огтлолцдог цэгээс бид хоёрыг уулзуулж байна. Ганц энд л бид хоёр уулзаж чадна. Дахиад хоёулаа есөн сая жилийн дараа уулзана! гэв.
Болд асар гайхан
- Юу? Юу гэний? гэж тэвдэн асууж, эхнэр рүүгээ гар сандруу зангатал толио алдаад унагачихлаа.
Толины нэг жижигхэн хагархайд эхнэр нь харагдаад, нүд цавчих зуур харагдахгүй болчихлоо. Болд өнөөх үл үзэгдэгчийг дуудлаа. “Тэр” харагдахгүй хэвээр,
- Чи одоо итгэж чадахгүйдээ итгэж чаддаг боллоо. Хүн төрөлхтний чаддаггүйг чаддаг ганц хүн чи боллоо! гэв. Болд,
- Чи надад ганц удаа харагдаа ч! Ганцхан удаа! гэж гуйлаа.
“Тэр” юу ч дуугарсангүй, харагдсан ч үгүй!
Болд гэнэт өөрийнхөө биеийг нэг л хачин, жигтэй болчхыг мэдрээд ихэд сандарч биеийнхээ энд тэнд тэмтэрч үзлээ.
Бие нь огт зүгээр, байдаг янзаараа л байгаа. Гагцхүү бодолд нь л урд өмнө нь хэзээ ч бодогдож байгаагүй нэг сонин шинэ бодол харанхуй өрөөнд чийдэн гэнэт нэлсхийн асах шиг нүд рүү нь, толгой тархи руу нь, хамаг эс эд рүү нь хурцаар гялсхийн нэвчиж, “Байгаа юм байгаагаараа байгаагийн зэрэгцээ ч бас, байгаагаасаа тэс өөрөөр өөртэйгөө давхар зэрэгцэн оршиж байгаа!” гэж бодогдоод тэр бодол нь хөлийн доорх чулуу, өвс шиг барим тавим бодитой нь яагаад ч юм, яалтгүй мэдэгдээд биеийг нь хүчтэй агдасхийлгэв.
Болдын хаа нэгтээ, Болдод өөрт нь санагдсанаар, магадгүй тархины л хаа нэгтээ нэг үг саатах, тогтоон ажих аргагүй нэг юм Болдод өөрт нь санагдсанаар ямар нэг хурц цагаан гэрэлэрхүү бөмбөлөг юм, цахилзан зуралзаад, Болд өөрөө ч сайн эс ойлгох зуур, “Хүн үхчихлээ гэдэг ёстой худлаа байж! Хүн зүгээр л хаа нэгтээ, гэртээ ч юм уу, эмнэлэгт ч юм уу, ямар нэг ор дэвсгэр дээр амьсгал хураагаад, бие цогцос нь шороон дор дарагдлаа ч амьсгаа хураах тэр хором, шороонд хучигдах тэр мөчтэйгөө яг давхцан өөрийнхөө дүр төрхөөр, өөрийнхөө амьд байгаагаар хаа нэгтээ орон, орчинд амьдраад байж байдаг юм байна!” гэдэг бодол шөнийн огторгуйд од харваад өнгөрөх шиг харваад үлдэв. Эхнэрийнхээ толины хагархайнуудыг ганцыг ч гээлгүй түүж, цугийг нь цуглуулж өнөөх дурсгалт алчууртаа нямбайхан боож өвөртөллөө. Оршуулгын энгэрээс явахдаа цээжиндээ багтаашгүй их баяр дүүрэн амьсгалж, бие нь ч хүний биш бие болчихсон шиг санагдаж, оршуулгын энгэрээс тэртээ доодтой шилээр өнгөрөх машин зам руу хар эрчээрээ гүйх шахам уруудтал, өмнөхөн талд нь газар яг түрүүчийнх шигээ өргөн хагараад урд нь ямар ч зам, ямар ч булш, шарил байхгүй, хөл гишгэх тохмын чинээ ч газар байхгүй, гүн харанхуй үүрийн харанхуйгаас ч харанхуй нэлийсэн их өргөн нуур, тэнгис үүсэн долгиллоо. Болд зогтусаж, айдас, жихүүдэст автан энгэр өөд буцаж гүйхээр завдсанаа, түрүүхэн харанхуй гүн ангал дээгүүр газраар алхаж яваа юм шиг зүгээр алхсаар яваад цаана нь гарчихсанаа эргэж санаж, “Ор хоосон хий агаар гишгээд явахад явж болж байсан юм чинь усан дээгүүр ч газраар явж байгаа юм шиг явж болохгүй хаачив!” гэж бодоод нүдээ аниад урагшаа шууд алхлаа.
Нүд аниатай, нэлээд хол, нэлээд удаан алхтал хөл нь нэг хатуу, хахир бат юманд тулаад золтой л эс бүдэрч нүдээ нээвээс, машин замын хашлага өшиглөөд зогсжээ.
Болд машин зам гатлахаар яартал, хөл нь нов нойтон оргихыг мэдэж доош харсанд өмдний нь шуумаг шалхнаг болтлоо шал норчихсон, хөл доорх шороо руу нь, бас машин замын зах руу өмднийх нь шуумагнаас ус савиран дусалж байхаар нь шуумгаа базаж сэврээхээр замын хажууд суулаа.

Цүнхтэй танилцсан нь
 
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.