Цаньянжамц

Цаньянжамц

\1683-1747\ 5 настайд нь зургаадугаар Далай ламаар тодруулсан Цаньянжамц бага наснаас шашны эрдэмд шамдахын хамт шүлэг, яруу найраг, яруу дуулалд шимтэн идэвхитэй уншигч төдийгүй өөрөө бичихийг оролддог нэгэн байсан гэдэг. Гэвч тэрээр Далай ламын сэнтийд 9 жил заларсны хавьд Манжийн төрд адлагдан буруушаагдаж, 1707 онд Бээжин хүргэгдэх замдаа нас барсан нэгэн шавьтай хувцас хэрэгслээ солин зүс буруулж, зүгээ өөрчлөн Энэтхэг, Балба, Төвд, Монгол нутгаар бадарчлан явсаар 64 насандаа бие барсан гэдэг. Өмнөд Монголын Алшаа нутагт жанч халсан түүнийг Монголчууд ихэд нууцлан занданшуулан суварганд хийж хадгалсан гэдэг билээ. Түүний яруу найргийн дээжээс та бүхэндээ хүргэе.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Янагийн дуулал

1.

Зүйтэй сайхан цагаан саран

Зүүн уулын цаанаас ургана

Зүстэй сайхан охины царай

Зүрхний дунд үргэлж ургана

2.

Өнгөрсөн жилийн залуу ногоо

Өнөө жилийн сүрэл болно

Өөрийн нас хөгшрөөд

Өмнө зүгийн нум шиг бөгцийнө

3.

Өөрийн сэтгэлд тохирсон хүнийг

Өнийн баттай ханиа болгох нь

Өргөн далайн гүн ёроолоос

Өв тэгш эрдэнийг олохтой адил

4.

Үнэр сайхан охиныг үзэвч

Үймэх замд зөрсөн хайран

Үнэтэй эрдэнийн оюуг оловч

Үлдээж аваагүй бас л хайран

5.

Өндөр ноёны сайхан авхай

Өрлийн жимс шиг харагдаж байлаа

Өндөр модны үзүүрийн жимс

Өл шимээр боловсорч байлаа

6.

Өөрийн сэтгэл завхарч зовоод

Өглөө болтол унтаж чадахгүй

Өглөө болоход гар хоосон

Өнөөх сэтгэл амарч чадахгүй

7.

Ногоо гандаж цэцэг хатахад

Ногоон зөгий гомдоод яах вэ?

Ноттой сэтгэл суларсан болвол

Нойргүй хоноод би яах вэ?

8.

Хөндийн салхи навчийг гандааж

Хөлдөөх хяруу жимсэнд буулаа

Хөөрхөн цэцэг хатаад уналаа

Хөөрхий зөгий салаад явлаа

9.

Галуу намагт дуртай байлаа

Ганганаж ирээд буух боллоо

Газрын намаг хөлдсөн байлаа

Гансарч зайлахаас өөр яах вэ ?

10.

Модон онгоц цаашаа хөвөхөд

Морин толгой наашаа хардаг

Мохоо ухаант янаг хүүхэн

Мордож явахдаа эргэж харсангүй

11.

Зах зээлийн залуу охинтой

Зангилж хэлэлцсэн үг байсан

Завхай явдал гараагүй байтал

Зангилаа задарч, үг завхарсан

12.

Буянтай хүүхний салхин дарцагийг

Бургасны дэргэд хатгасан байхад

Бургасан шугуйн манаач авгай

Буруушааж чулуугаар шиддэггүй юмсан

13.

Бичсэн үсэг хар бэхийг

Биетэй юмаар арчихад арилна

Бичээгүй зураг, сэтгэлийн хайрыг

Билүүдэж арчихад ердөө арилахгүй

14.

Дарсан тамга, бичсэн үсэг

Дандаа дуугүй сэтгэлд балархай

Дараагүй тамга, сэтгэлийн үсэг

Дассан хоёртоо үргэлж тодорхой

15.

Хүчтэй хорын хола цэцгийг

Хүндэт сүмийн тахилд тавьлаа

Хүйхэр залуу зөгий би чинь

Хүслийн эрхээр хүрээд очлоо

16.

Бодох ганц охин минь зайлж

Бодийн номыг зорих болбол

Болзоот залуу би чинь бас

Богд ууланд дияан хийнэ

17.

Лагшин төгссөн ламын дэргэд

Лавтай сэтгэлээр шүтэж суулаа

Лавтай сэтгэлээ барьж чадалгүй

Лайтай янагаа дагаж гарлаа

18.

Залбирах ёстой багшийн царайд

Зальхай сэтгэл бүрэлзээд байна

Залбирах ёсгүй бүсгүйн царай

Заавал сэтгэлд дүрэлзээд байна

19.

Энэ мэтээр дээдийн номыг

Эрчим хүчээр бясалгаж чадвал

Энэ биеэр бурхны хутгийг

Эрхгүй олж чадах байсан

20.

Ариун болор уулын цасыг

Амт төгөлдөр эмийн өвсийг

Рашаан болсон булгийн усыг

Амраг дагинын шимийн архийг

21.

Амсаж зөвөөр хүртэж чадвал

Аливаа зовлонг эдлэх ёсгүй

\Амар жаргалыг олж аваад

Амьтны тусыг бүтээж чадна\

22.

Урин салхийг үлээх үед

Урих дарцагийг өлгөдөг байсан

Ухаант хүүхэн түүнийг үзээд

Уулзах зуучаа явуулдаг байсан

23.

Инээх царай цагаан шүд нь

Илхэн харагдана олны дундаас

Ирмэх нүдний алаг өнцөг нь

Идэр хүүгийн нүүрийг ширтэнэ

24.

Үнэн янагаа мөрөөдөж очоод

Үүрд ханилах эсэхийг асуухад

Үхэхээс өөрөөр салахгүй гээд

Үгээ хэлэлцэж баталсан юмсан

25.

Амраг охины сэтгэлийг дагавал

Аврал бурхны номтой харшина

Аглаг ууланд дияан хийвэл

Амраг охины сэтгэлтэй харшина

26.

Гоёхон зөгий торонд орлоо

Гомдсон залуу аргаа барлаа

Горьдож хэвтсээр гурав хонолоо

Голлох бурханаа сая л саналаа

27.

Итгэх хань минь хэрэв завхайрч

Ичих явдлыг хийсэн болж гэм

Илбэх үсний нь оюун чимэг

Илчилж түүнийг хэлэх биш дээ

28.

Инээж байгаа сайхан царай нь

Идэр хүний сэтгэлийг булаана

Ивээл хайр байна уу? үгүй юу?

Ийм асуултын хариуг хүснэ

29.

Амрагийн зам чулуу бартаатай

Авгайн архи согтоох чадалтай

Адаг сүүлдээ олон яршигтай

Арчилж өршөөхийг бурхнаас гуйя

30.

Эцэг эхээс нуусан үгийг

Энхрий чамдаа хэлээд байсан

Энэ мэдээ цаашаа тараад

Эсрэг дайсанд хүрээд байсан

31.

Амраг хүслийн охин тэнгэр

Анчин надад олдсон гайхамшиг

Асар хүчтэй Норсан ноён

Аваад явчсан-тэр гутамшиг

32.

Чандмань эрдэнэ байх цагт

Чадал хүчин бүрэн байлаа

Чандмань эрдэнээ алдсан хойно

Чалчих уурлах хоёр л үлдлээ

33.

Өнийн хайртай бүсгүй минь

Өөр хүний хань боллоо

Өрөвдөж хайрлаж сэтгэл зовсоор

Өнчин би чинь турж гүйцлээ

34.

Төрөлхийн янагаа хулгайд алдлаа

Төлгөнд үзвэл уулзах өнгөрлөө

Төрсөн бие нь алга боллоо

Төөрсөн зүүдэнд л үзэгдэх боллоо

35.

Амраг охин нь мэнд байвал

Архины шим л ундарч байвал

Алмай залуугийн аврал нь тэр

Аз жаргалын дээд нь тэр

36.

Хатан эхээс төрсөн охин уу?

Хадны гүйлээсээс ургасан цэцэг үү?

Хадны гүйлээсийн хатахаас хурдан

Хайрын цэцэг нь хатаж уналаа

37.

Цөөхөн цаснаас дассан янаг минь

Цөөвөр чонын удам юм уу?

Цөвдөл махыг олж авмагц

Цөлийг уулыг зорих гэх юмаа

38.

Эмнэг морийг ууланд хулжихад

Эргүүлж барих уурга байдаг

Энхрий түүний сэтгэл хулжихад

Эргүүлж барих уурга байхгүй

39.

Хад салхи хоёр нийлээд

Хажир тасын өдийг барлаа

Хартан хортон хоёр нийлээд

Халаг хоохой намайг зовоолоо

40.

Аадрын үүл цуглаад байвал

Аюулт мөндөр буухын шинж

Асман банди нар олшроод байвал

Ариун ёс маань буурахын шинж

41.

Халтирах мөстэй бартаат замаар

Хагассан морийг уралдуулж болохгүй

Ханилсан нууц янаг хүндээ

Хамаг үгээ хэлж болохгүй

42.

Арван тавны төгрөг саран

Агаарын мандалд гийж байна

Алман сарны мөнгөн ордонд

Амраг туулай нь хөгширч байна

43.

Энэ сарыг яваад өнгөрөхөд

Эргэх сар нь хүрээд ирдэг

Ээлтэй сарын өлзийт өдөр

Эргэж хоёулаа уулзах болно

44.

Ертөнцийн төв сүмбэр уулын

Ерөнхий суурь хөдлөх ёсгүй

Ерөөлт гэгээн наран сарны

Ерийн эргэлт солигдох ёсгүй

45.

Шиний гуравны хавирган сар

Шингэж ургасаар төгрөг болно

Шинийн сар шиг улам арвидах

Шилдэг хайраа өршөөн соёрх

46.

Арван оны төвд оршсон

Ачит номын Очир сахиулсан

Аврах чадлаа илт гаргаж

Аливаа дайсныг арилгаж хайрла

47.

Өмнөд Монгийн хөхөөг ирэхэд

Өргөн дэлхийн шим бүрдэнэ

Өнийн хайртай хүүхнээ ирэхэд

Өөрийн биеийн жаргал бүрдэнэ

48.

Үхэх нас, Мөнх бусын

Үндсэн чанарыг мэдэхгүй болбол

Үзэхэд ухаантай сэргэлэн боловч

Үнэндээ ухаангүй тэнэгтэй адил

49.

Эрээн бор цоохор ирвэсийг

Элдэв аргаар номхруулж болно

Эхнэр гэдэг гэзэгтэй барыг

Энхрийлэх тусам догшин болно

50.

Олсон биеэр ханилж байвч

Онц янагийн хэмжээг мэдэхгүй

Оргил газарт зурхай зураад

Од гаригийн хэмжээг мэднэ

51.

Өөрийн янагтай нийлсэн газар

Өмнөд талын шугуй мөн шүү

Өгүүлэх тоть л биднийг харсан

Өөр хэн ч харсан зүйлгүй

52.

Үг мэдэх нь тоть шувуу минь

Үзсэн юмаа битгий хэл

Үлэмж лхасын олон хүмүүс

Өчүүхэн ламдаа итгэж байг

53.

Өөрт учирсан жаахан бүсгүй

Өнөөх ламын амин зүрх

Өндөр настай халтар нохой

Өөр хэнээс ч илүү ухаантай

54.

Үдэш ирэхийг нохой хэлэхгүй

Үүрээр явахыг нохой хэлэхгүй

Үдэш янагтаа очсон хойно

Үүрээр цас орвол хэцүү дээ

55.

Тансаг Бодалын дотоод ордонд

Тарнийг бясалгасан Цаньянжамц

Тагтат Лхасын гадаад байшинд

Тачаалыг бясалгасан танхай банди

56.

Ил нууцаа хуваасан хүүхэн

Ижил алхмаар зугаалсан охин

Ивээлт ордонд хэвтэх цагтаа

Илж таалж байдгийн учир нь

57.

Олзыг олох арга биш биз

Ов живийн хэрэг биш биз

Овоодой малгайгаа аваад өмсөв

Оройн шанхаа засаад унжуулав

58.

Аажим морилж уужим суу

Азнаж саатахыг би гуйя

Алжааж уйдав уу? Яав та.

Асар удахгүй уулзахыг хүснэ

59.

Цэн тогоруу намайг хайрлаж

Цэгээн жигүүрээ над өгөөч

Цэрвэж хол нисэхгүй би

Цэнгэлт Латинд очоод ирнэ

60.

Эцэс хойд насанд минь та

Эрлэг хаан толиндоо үзэж

Энд азгүй явсан намайг

Тэнд азтай болгон соёрх

61.

Харвасан сум байндаа тусахад

Хатгах зэв нь газарт шургана

Ханилсан хүүхнээ олж уулзахад

Хайрын сэтгэл минь түүнд шингэнэ

62.

Зүүн Энэтхэгийн тогос шувуу

Зүлгэн гонгийн тоть шувуу

Зүс нутаг өөр боловч

Зүрх сэтгэлээ Лхаст нэгтгэв

63.

Олон хүний шагшдаг юмыг

Оюун ухаандаа шүүж бодоод

Омтгой залуу гурав алхаад

Охидын байшинд хүрээд очлоо

64.

Бургас болжморыг хамгаалж байдаг

Болжмор бургасыг хайрлаж байдаг

Бургас, болжмор хоёрыг эвлэхэд

Буульсан харцага шүүрч чадахгүй.

65.

Ахар богино энэ насандаа

Айлтгах үг минь энэ л байна

Алс холын тэр л насандаа

Ахиж уулзахыг горьдож байна

66.

Чалсаа тоть минь дуугүй байгаач

Чамаас гуйх юм энэ л байна

Цаадах бургасан шугуй дотор чинь

Чогчиго шувуу жиргэж байна

67.

Аюулт чөтгөр хүчит шулам

Араас дагавч айх юмгүй

Алхаж яваа зүгт тохиолдсон

Алим жимсийг л амтлахыг хүснэ

Орчуулсан Ц.Дамдинсүрэн

ОТОЧИЙН ҮҮДЭНД
 
Өнөөдөр “Номын баяр” эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.